50,000 ширхэг чанаргүй нарны зайгаар лаанаасаа салж, нэг мөсөн молигодуулах уу

Тендер зарласан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс /дарга нь Энэбиш/, хямд үнээр шалгарч болзошгүй L Systech компанийн зөвлөх хатагтайгаас дараахь асуултуудад хариу авмаар байна.

1.Тендериин санхүүжилтыг 2006 оны тавдугаар сард УИХ-аас шийдсэн байтал бараг хагас жилээр хойш татаж зарлаад аравдугаар сард нээсэн шалтгаан юунд вэ?

Түүхий тендерийн материалд бүхэл бүтэн үндэсний төв хагас жилээ барав уу?

Эсвэл энэ хугацаанд тендерт сойсон нөгөө талтайгаа бэлтгэл базааж, ажлаа амжуулаад аваа-өгөөгөө тохирч явсан байж болох. Тэгсэн бол тэвдэж сандраад Төрийн сайдын хооронд хов зөөж үймүүлэн, хэвлэлээр шуугиулж явах нь аргагүй.

2. Тендерийн барааг гурван сард багтаан нийлүүлэхээр тусгажээ. Хаанахын ямар ч үйлдвэрлэгч нийт өртөг нь 20-иод сая долларын ийм их хэмжээний нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд хураачихсан монголчууд ирж авах байх гээд хүлээж, суухгүй. Өнөөдөр гадаадынхан хийснээ шууд борлуулдаг агуулахгүй (just in time) үйлдвэрлэл эрхэлж байна. Гэтэл 50000 нарны зай, 50000 хяналтын блок, 50000 гэрлийн ламп, 50000 тулгуур-хөл үйлдвэрлэх, 50000 аккумулятор үйлдвэрээс нь татах, 50000 иж бүрэн кабель бэлтгэх, энэ бүхнээ тээвэрлэж экспортлох нүсэр ажлыг ийм хугацаанд хийх боломжгүйг бид ч, бидний гадаадын түншүүдч нотолно. Яагаад ийм бодит бус богино хугацаа заасан юм бэ?

3. Зөвхөн ачаа тээврийн ажлыг ойролцоогоор тооцвол, нарны зайн нэг иж бүрдлийн жин нь аккумулятор, тулгуур-хөл, холболт монтажийн хамт 68 кг болно. Нийт жин нь 50,000шх68 кг=3,400,000 кг буюу 3400 тонн ачаа. Энэ бол 40 тн-ын 100 чингэлэг гэсэн үг. Солонгосоос Улаанбаатарт нэг чингэлгийг 21 хоногт тээвэрлэдэг. Тэгвэл та бүхэн 100 чингэлгийг гурван сард тээвэрлэх нууцаасаа хуваалцана уу.

4. Солонгосын L-Systech компанийн хэт хямд үнийн санал зах зээлийн бодит үнэнд огт нийцэхгүй байна. Дахиад тоо бодож үзэцгээе. L-Systech компани нэг нарны зайн иж бүрдэлд 296.5 доллар, нийт 14,825,000 долларын санал ирүүлсэн нь Эрээний ижил төстэй бараанаас ч хямд байна. Хямд юмны чанар нь ч хямд гэж та бүхэн мэдэхгүй байж болно, харин бид, манай малчид сайн мэднэ. Гэтэл Солонгосын хөрш Японы Иточу корпораци нийт 29,744,292 доллар/зөрүү нь 14,919,292 доллар/, хамгийн хямдаар тээвэрлэх боломжтой Хятадын компани 22,782,296 долларын /зөруү нь 7957296 доллар/ санал ирүүлсэн нь одоогийн ханшийг бодитоор илэрхийлж байна.

Үүнийг тэд тайлбарлахдаа , Бид Монголд байр сууриа эзэлж аваад дараа нь ашгаа нөхөж олно гэжээ. Манай зах зээл бага учраас дараа нь шархаа нөхөх орон зай үлдэхгүй, нэгэнт тогтоосон хямд үнээ суга өсгөөд их ашиг олно гэдэг бүр ч бүтэхгүйг тэд мэдэж байгаа. Солонгос сайн эрчүүд гэнэ гэнэхэн манайхыг гэндүүлдэгийг бид мэднэ. Төсвийн мөнгөө, төслийн ажлаа өгөх санаатай эрхмүүд энэ байдлыг бодож үзээсэй!

5. L-Systech Монголыг байлдан дагуулах гэж хямд үнээр нэг хохироод бас дээр нь 4000 нарны зай бэлгэнд өгч хоёр хохирьё гэж мэдэгдсэн. 4000х296.5 = 1,186,000 доллараа нэмж алдах нь! Хэрээс хэтэрсэн хямд үнэ, хийрхсэн юм шиг хоосон амлалт биш үү? Давхар алдагдал хүлээсэн L-Systech жил хагасын баталгаат засварыг бас даана гэж байгаа. Эргэлзээ улам нэмэгдсээр?

16 тэрбум гаруй төгрөгийн унэтэй энэ их хариуцлагыг эцэст нь хэн хариуцах вэ? Гадаадаас нийлүүлсэн L-Systech-үү? Гэрээ байгуулсан Үндэсний төв уу? Салбарын болоод Сангийн яам нь уу?

6. Олон жил СЭХ-ний салбарт ажилласан арвин туршлага, мэргэжлийн боловсон хүчинтэй Малчин Трейд ХХК, Нарны зайн үйлдвэр УҮГ, Цуурай ХХК, Нарны зай сервис ХХК, Комманд ХХК зэрэг компаниуд түмний төлөө төрийн өмнөөс зүтгэе гэж байна.

7. Энэ 50 мянгын цаана 50 мянган айлын ахуй амьдрал. Монгол төрийн ард олноо гэсэн бодлого, ажил үйлс байгаа.

Малчин Трейд ХХК, Нарны зай сервис ХХК, Цуурай ХХК, Комманд ХХК

(Монголын мэдээ 229/2005)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button