Зуучлах товчооны ерөнхий нягтланг баривчилна гэжээ

Зуучлах товчооны дарга Д.Сүхбаатар агсныг эцсийн замд нь үдэж, ар гэр, ойр дотныхны нь нулимс хатаж амжаагүй шахам байхад дахиад айдас төрүүлж эхэлжээ. Өчигдөр тус товчооны ажилтан, ерөнхий нягтлан бодогч Болормаа хэмээх эмэгтэйг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас дуудсан аж. Түүнээс мэдүүлэг авна гэсэн бололтой. Харин орой нь Болормаа гэрийнхэн рүүгээ Намайг 14 хоног баривчлан саатуулна гээд байна гэж утсаар ярьсан гэнэ. Гэрийнхэн ч сандралдан цагдаагийн хэлтэс руу явсан гэнэ. Одоогоор түүнийг үнэхээр баривчлан саатуулсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Талийгаачийн эхнэр ч цагдаагийнхантай очиж уулзахаар явсан бололтой.

Ийнхүү дарга нь насан эцэслэсэн Зуучлах товчооныхны асуудал дахин хурцдаж эхлэв бололтой. Цагдаагийнхан ч дарга нь насан эцэслэсэн ч өмч хөрөнгө идэж шамшигдуулсан эсэх талаар шалгалтыг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдэж байсан. Одоо Зуучлах товчооныхон үйл явдал дахин хэрхэн өрнөх бол гэж нэлээд түгшиж байгаа гэнэ.
Тус товчооны зөвлөх Ц.Цээрэгзэнгийн хэлснээр бол ажил хэвийн үргэлжилж, дадлагажигч нарыг Солонгос руу явуулсан хэвээр байгаа гэнэ. Харин зарим нэгэн эх сурвалж Зуучлах товчоо талийгаачийн өмчийн компани учраас өв залгамжлагч нар нь ажлыг нь үргэлжлүүлэх ёстой хэмээгээд гэргий нь компанийн Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулсан гэсэн мэдээлэл тараав. Энэ тухай тус товчооныхноос тодруулахад үгүйсгэв. Харин тус товчооны орлогч дарга бөгөөд даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Жанцан компанийнхаа үйл ажиллагааг удирдан явуулж байгаа. Талийгаачийн гэргий Д.Жанцанг асуудал шийдэгдтэл үйл ажиллагаагаа удирдаж явуулж байхыг гуйсан талаар тэрээр хамт олноо цуглуулан хэлснийг ийнхүү мэдээлсэн бололтой.

Харин Зуучлах товчооны харьяаллын асуудал одоо ч ойлгомжгүй хэвээр байна. Хэрвээ компани төрийн өмчийн оролцоотой бол Төрийн өмчийн хороо асуудлыг хэрхэн зохицуулах талаар шийдвэр гаргах, үгүйдээ л зохицуулалт хийх ёстой. Гэтэл Төрийн өмчийн хороо энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхөес татгалзаж байна. Тэд Манайх энэ талаар мэдэхгүй. Засгийн газраас ямар нэгэн чиг, шийдвэр гаргах ёстой. Түүнээс өмнө ямар нэгэн зүйл хэлэх аргагүй хэмээн булзаж байна. Төрийн өмчийн хорооноос Зуучлах товчоо ямар харьяалалтай талаар ч тайлбар өгөхгүй байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа хэлснээр бол Зуучлах товчоог төрийн 51, Д.Сүхбаатар агсан нарын хүмүүсийн 49 хувийн оролцоотой байхаар ярилцаж тохиролцон гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ хүчин төгөлдөр болгон баталгаажуулж амжаагүй байсан бололтой зүйл ойлгогдож байгаа. Өмнө нь төрийн хувь 2575 хувь байсан гэнэ. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар 5149 болгох гэрээнд гарын үсэг зурсан боловч Засгийн газрын тогтоол хараахан гараагүй байсан юм байна.

Тэгэхээр талийгаачийг Зуучлах товчооны 75 хувийг эзэмшиж байсан уу, 51 хувийг нь уу гэдэг тодорхойгүй болоод байна. Гэхдээ ямар ч гэсэн дийлэнх хувийг л эзэмшиж байсан болж таарах нь. Энэ ойлгомжгүй асуудал хэзээ, хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй. Ийм ойлгомжгүй байдал даамжирвал дадлагажигчдыг Солонгос руу явуулах ажил мөн л тодорхойгүй байдалд орж зогсох вий гэж олон хүн болгоомжилж байна. Өдгөө найман мянган хүн тус товчоонд бүртгүүлээд Солонгос явах ээлжээ горьдон хүлээж байгаа. Дээрээс нь дахиад хэзээ шалгалт авах, нэгэнт шалгалтад орохоор бүртгэгдсэн байсан хүмүүс яах вэ гэсэн олон эргэлзээ байна. Цагдаагийнхны хувьд хэт олон хүн бүртгэсэн эсэх, шалгалтад но байгаа эсэхийг шалгаж байгаа учир асуудал эцэслэн шийдэгдтэл дахин шалгалт авч болохгүй гэсэн анхааруулга өгсөн бололтой юм билээ. Тэгэхээр Солонгос явж ажиллахыг хүсч байгаа, нэгэнт бүртгүүлээд шалгалтад орох даваан дээр ирээд байсан иргэд ч хэрхэн нь мөн л тодорхойгүй байна.

Ардын эрх сонин 228 /506/
А.Туяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button