Эрэл-ийн сайдуудын эрх ашгийн сонирхол барагдахгүй нь

Энэ Засгийн газарт данстай Эх орон намын сайд Б.Эрдэнэбатын тендер будилуулсан тухай яриа хөөрөө мартагдаж амжаагүй байтал нөгөө нэг сайд нь хөдөө орон нутагт бас бужигнуулж яваа мэдээлэл ирэв.
Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар яамныхаа хэд гурван дарга нарын хамт Дорнод аймагт очжээ. Тэрээр тус аймаг дахь дархан цаазат газар нутгийн захиргааны даргыг өөрчлөхөөр очсон бололтой юм. Сайдын санал болгосон Үнэнбат гэдэг хүнийг аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрөөгүй аж. Холбогдох хууль дүрэмд зааснаар бол дархан цаазат газар нутгийн захиргааны даргыг Байгаль орчны сайд тухайн аймгийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилох ёстой юм байна.

Гэвч Засаг даргын зөвшөөрөөгүй хүнийг эрхэм сайд шуудхан л тулгасан сурагтай. Хуулиа барьж томилгоогоо хийхийг хүссэн Засаг даргын өмнөөс сайдыг дагаж очсон зөвлөх, яамны газрын дарга нь Сайдын тушаал хууль шүү гэсэн үг хэлж томорчээ. Хамгийн сонирхолтой нь сайдын зүтгүүлээд байгаа Үнэнбат нь Эх орон намын гишүүн гэнэ. Сайдтай нэг намын буулган дор зүтгэх нь ч яамай гэхэд ядаж мэргэжлийн хүн бол хүлээн зөвшөөрч болох аж. Даанч цаадахь нь байгаль орчноос тэс өөр замаар явж ирсэн, цэргийн хүн гэнэ.

Улсын хэмжээнд дархан цаазтай газар нутгийн 17 захиргаа байсныг сайд И.Эрдэнэбаатар хоёроор нэмж орхижээ. Аппаратыг цомхотгож, төсөв хэмнэх тухай засгийн бодлогынхоо эсрэг зарим газарт харин ч орон тоо нэмсэн гэх. Мөнөөх 19 захиргааны тавынх нь даргыг Эрэл-ийн сайд И.Эрдэнэбаатар сольсон, тэдгээр нь Эх орон намын гишүүд байдаг гэж салбарынхан нь дургүйцэн ярилцдаг юм билээ. Цаашдаа бүгдийнх нь даргыг өөрчилж, өөрийн намын гишүүдээ тавих бололтой. Гэтэл намынх нь гишүүн, тэгээд дарга хийчих хүн зарим аймагт олдохгүй хөглөж байгаа тухай төрийн албан хаагчид шоолон ярилцаж байна. Тиймээс Эх орон намд элсвэл дархан цаазтай газар нутгийн захиргааны даргаар томилох албан бус тендер зарлагдсан ч гэх шиг инээдтэй, бас үнэмшихэд бэрх яриа тэдгээр аймгуудад таржээ.

Улстөржинө, тэгээд намдаа хайртай хайртай гэхэд И.Эрдэнэбаатар сайдын энэ мэт хэнээрхэл арай ч хэтэрнээ. Сонгуулийн өмнө гишүүдээ албан тушаалд тавьж, намаа орон нутагт бэхжүүлэх гэсэн хүсэл байж болох юм. Гэхдээ ийм маягаар албан тушаал, эрх мэдэлдээ дулдуйдан төрийн ажлыг намын гишүүдийн дундах өгөө, аваа болгон хувиргаж яавч боломгүй санагдана. Чухамдаа үүнийг л ашиг сонирхлын зөрчил гээд байгаа юм шүү дээ.

Ардын эрх сонин 228 /506/
Ц.Жаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button