Хүнийг эд бараа мэт наймаалцдаг болжээ

Улсын Дээд шүүхийн хурлын танхимд цугларагсад нэг л дүнсгэр. Уг нь тэд бол хүн худалдах, худалдан авах хэргийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход саналаа нэмэрлэхээр ирсэн албаны хүмүүс. Албаны хүмүүс хэрэгтэн, яллагдагч шиг уруу царайлан суугаа нь гайхал төрүүлж байсан. Магадгүй, хүн л юм болохоор тэд ч бас хэзээ нэгэн цагт худалдагдаж мэднэ. Гэхдээ арай ч ийм бодол тээн дүнсийн суугаагүй биз ээ. Харин хүнийг эд бараа мэт үнэлэн худалддаг хүнэнцэрүүд байгаад, тэднийг яаж илрүүлэн шийтгэх вэ гэж сэтгэлээ чилээсэн нь энэ байх. Хэдийгээр хууль хяналтынхан Ганц, нэгхэн асуудлыг эс тооцвол хүн наймаалсан хэрэг манай улсад бараг гараагүй гэж саяхныг болтол хэлж байсан ч Улсын Дээд шүүхийн хурлын танхимд цугласан албаны хүмүүс харин хүний наймаа Монголд цэцэглэн хөгжиж, газар авсныг ил тод зарлалаа. Хэдийгээр Бид ингэж зарлаж байна гээгүй ч хэлсэн үг, өгүүлбэр болгон нь Монголд хүний наймаа хөгжин цэцэглэснийг баталж байсан юм.

Охидыг зарж олсон мөнгөөрөө алтан ээмэг, бөгж авч зүүсэн эмэгтэй байна
Хүн худалдах, худалдан авах хэргийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход саналаа нэмэрлэхээр ирсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ш.Төгсгэрэл ингэж хэллээ. Тус дүүргийн шүүх өнгөроөн хугацаанд хүн худалдсан дөрвөн хэргийг таслан шийдвэрлэжээ.
2001 оны гуравдугаар сарын 26-нд. ОХУ-ын иргэн Максим гэгч хоёр монгол эмэгтэйг худалдсан хэргийг шийдвэрлэв. Тэрээр эмэгтэйчүүдийг өндөр цалинтай ажилд оруулна гэж хууран Югослав Улсад аваачаад бусадтай бүлэглэн хүчээр биеийг нь нь үнэлүүлсэн байна. Максим энэ хэрэгтээ шүүхээс зургаан жилийн хорих ял сонсчээ.
2005 оны зургадугаар сарын 25-нд. БНХАУ-ын иргэн Ли Ян Фейн нутаг нэгтнүүдийнхээ хамт монгол охидыг мөн л өндөр цалинтай ажилд оруулна гэж Бээжинд аваачин биеийг нь үнэлүүлсэн хэргийг шийдвэрлэжээ. Ли Ян Фейн 2004 оны 4-8 дугаар сард 14 охиныг ажилд оруулна гэж хууран мэхлэх замаар Бээжинд аваачиж биеийг нь үнэлүүлэн мөнгө олсон нь тогтоогдсон байна. Түүнд хоёр жил хорих ял ногдуулжээ. Дашрамд дурдахад тэрээр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр хорих ангид ял эдэлж байгаад оргон зайлаад өнөөг хүртэл олдохгүй байгаа юм.

2005 оны тавдугаар сарын 11-нд. Англи улсын иргэн Жино гэгчийг эхнэр Сарангэрэлийнхээ хамт хамт хүн хил дамжуулсан худалдсан зүйл ангиар яллажээ. Тэд хоёр монгол бүсгүйг Гонконг улсад гоо сайхны массажистын дамжаанд суулгаж өгнө гэж авч яваад худалдсан хэргээр ял сонссон аж. Гэвч хохирогч бүсгүйчүүд гомдолгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин саяхнаас тодорхой шалтгааны улмаас энэ хэргийг дахин сэргээж, одоо мөрдөн байцаалтын шатанд байгаа юм.
2005 оны 10 дугаар сард. Монгол Улсын иргэн Дөлмаа гэгч эмэгтэйг насанд хүрээгүй охидыг Япон улсад хуурч аваачин, худалдсан хэргээр шүүсэн байна. Энэ эмэгтэй долоон охины нэгийг нь 510 ам.доллараар худалдаж, түншээсээ нийт 3500 ам.доллар авсан нь тогтоогджээ. Охидыг зарж олсон мөнгөөрөө өөрийгөө иж бүрэн хувцаслаж, бас цагаан алтан бөгж, ээмэг авч зүүгээд Монголд буцан ирж байсан гэнэ. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр тэрээр дахин арван эмэгтэйг Япон улс руу авч явсан байна. Худалдан авагч нь охидыг насанд хүрээгүй гэж олон хэл ам хийх үеэр Дөлмаагийн хүний наймааны хэрэг илэрчээ. Түүнд арван жилийн хорих ял оноосон байна.

12 настай охиныг таван ханатай гэрээр үнэлэв
Прокурор Т.Жадамбаагийн ярианд ингэж дурдагдлаа. Тэрээр хүн худалдах хэрэг Монгол Улсад нэлээд өргөн хэмжээнд дэлгэрчээ гэж онцлов. Түүний судалснаар хүний наймааны хэрэг дараах шинжээр илэрч байна. Өндөр цалин хөлс амлах Япон Улсад ардын урлагийг сурталчлуулж, өндөр цалин өгнө өнгөрсэн онд нэгэн төрийн бус байгууллагын нэрээр зарлал гаргажээ. Зарын дагуу цугласан бүсгүйчүүдээс нуруулаг, царайлаг, дуулж хуурддаг гурван бүсгүйг сонгон Япон Улс руу гаргах нь гаргажээ. Гэхдээ ардын урлагийг сурталчлуулсангүй, харин ширээний үйлчлэгч болгож, иргэний үнэмлэхийг нь хурааж авчээ. Ардын урлагийг эрэгтэй хүн сурталчлахад болохгүй нь юу байхав. Эмэгтэй хүнээр урлаг сурталчлуулна гэсэн энэ мэт зард итгэхгүй байх нь дээр юм.

Ядуу өрх хүүхдээ үрчлэх Хятадын иргэн Ли Монголоос 12 настай охин үрчилж авсан явдлыг хүний наймааны нэг хэлбэр гэж прокурор Жадамбаа тайлбарлалаа. Охины гэрийнхэн нь ядуу амьдралтай учир түүнийг таван ханатай гэрээр сольжээ. Өөрөөр хэлбэл, хятад иргэн 12 настай охиныг үрчилж аваад гэрийнхэнд нь таван ханатай гэр өгсөн байна. Хятад иргэн заавал яагаад 12 настай охиныг үрчилсэн нь сонин. Тэр хүүтэй болж болох л байсан гэж прокурор хэлж байлаа.
Хуурамч гэрлэлт Солонгосын иргэн Чан Инг Сон 17 настай монгол охинтой гэрлэжээ. Үүнийхээ төлөөсөнд тэрээр охины ээжид 500 мянган төгрөг өгсөн байна. 17 настай охин үнэн хэрэгтээ солонгос хүний эхнэр болсон хэрэг биш, худалдагдсан гэж прокурор үзэж байна. Охиныг 500 мянган төгрөгөөр зарсан эмэгтэй түүний төрсөн ээж биш гэнэ. Тэрээр охиныг багад нь үрчилж авчээ.
Тэнэмэл хүүхэд алга болох Гэр оронгүй тэнэмэл амьдралтай хүүхдүүдийг гадаадад гаргаж ажил хийлгэнэ гэж хуураад Эрээнд аваачсан Ган-Эрдэнэ нарын залууст холбогдох хэргийг хууль хяналтынхан бүртгэж авчээ.

Үүнийг авах уу, тэрийг авах уу?
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Д.Батсайхан ингэж хэлсэн. Үүнийг авах уу, тэрийг авах уу гэдэг нь энэ охиныг сонгох уу, эсвэл тэр охиныг уу гэсэн үг. Баар, цэнгээний газрын эзэд охидын зургаар альбом хийж, түүнийгээ үйлчлүүлэгчиддээ үзүүлэн сонгуулдаг байна. Үүнээс гадна гудамжинд явж байгаа царайлаг охидтой танилцаад утсыг нь авч, өөрийнхөө нэрийн хуудсыг өгдөг боловсон эрчүүд нийслэлд цөөнгүй болжээ. Хэсэг хугацааны дараа тэрээр танилцсан охиноо бааранд урьж цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг санал болгодог гэнэ. Саналыг нь хүлээж авбал тав, арван төгрөгөөр биеэ үнэлж, мөнгө олооч гэсэн дараагийн үгээ эвтэйхнээр хэлж ойлгуулдаг аж.

Зарим охид энэ саналыг хүлээн авч, мөнгө олох хэрэгсэл болчихдог гэж Хүний эрх хөгжил төв-ийн ажилтан Ц.Цэнд-Аюуш тэмдэглэсэн. Тэрээр мөн Улсын мөрдөн байцаах газрын II хэлтэст 1995 оноос хойш охидын биеийг үнэлүүлж мөнгө олж байгаа нэгэн залуу хамсаатнуудтайгаа шалгагдаж байгааг хэлэв. Тэр эр залуу охидыг эрхэндээ оруулсан байдаг бөгөөд тэднийгээ гэр хорооллын байшин хөлслөн бөөнөөр нь суулгадаг гэнэ. Тэднийг орой болохоор машинд суулган авч гарч, Улаанбаатар, Бөхийн өргөө зэрэг газруудад буулган, харин өглөө болоход цуглуулж авдаг гэнэ. Мал хариулж байгаа юм шиг хүний биеийг худалдан мөнгө олдог энэ залуу өмнө нь яг энэ хэргээр шийтгүүлж байсан ч суллагдаж гараад ажлаа дахин эхэлжээ. Энэ хүн бүр хүний наймаагаар хөлжсөн нэгэн гэнэ. Машин авч унасан гэж эх сурвалж хэлж байв.

Хиймэл хөх суулгаж, тураах бэлдмэл уулгажээ
Дөлмаад хууртаж Японд өндөр цалинтай ажил хийхээр очсон охид түмэн бэрхшээлийг туулжээ. Хүсээгүй байхад нь хөхөнд нь силикон шахаж томруулан, тарган байна гэж тураах бэлдмэл уулган тамлажээ. Үүний уршгаар тэдгээр охид бүгд өвчтэй болсон байна. 19 настай охин Хөхөнд силикон шахсанаас болоод өвдөөд байгаа гэж ярьсан бол дэрс шиг болтлоо турсан бүсгүй эм бэлдмэлийн нөлөөгөөр хавдартай болжээ. Үүнээс гадна охидод сарын тэмдэг нь ирсэн үед хүчтэй эм уулган, бүр болохгүй бол тариа хийдэг байсан гэнэ. Энэ мэтээр охид зүрх шимшрэм зүйлийг ярьж байгаа гэж эх сурвалжууд хэлж байлаа. Өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу яваад ингэж хохирсон охид, бүсгүйчүүд маш олон. Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч, ширээний үйлчлэгч хийнэ гэдэг нь угтаа биеэ л үнэлнэ гэсэн үг аж. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлдэг гоё сайхан охидыг өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн зард итгэх хэрэггүй юм.

Хүний наймааны хэргийг хэрэгсэхгүй болгодог
Хамгийн таагүй нь хүний наймаа эрхлэгчдийн хэргийг ингэж шийдвэрлэсэн тохиолдол олон гарчээ. Тухайлбал, 100 хэргийн 90-ийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг гэхэд итгэхэд бэрх ч үнэн юм. Үүнийг мөрдөн байцаагч Охид бүсгүйчүүд хууртан мэхлэгдэж гэхээсээ илүүтэй өөрсдөө хүссэн байдлаар хэрэгт холбогддог гэж тайлбарлаж байлаа. Биеийг нь хүчээр үнэлүүлж мөнгө олох нь хүний наймааны нэг хэлбэр ч ийм төрлийн гэмт хэрэг ихэнхдээ хохирогчийн гомдолгүй гэсэн үгээр хэрэгсэхгүй болдог юм байна. Хуулийнхны Чи биеэ үнэлсэн биз дээ гэж тулгасан бүдүүлэг харилцаа нь эмэгтэйчүүдийг ийм шийдвэр үг хэлэхэд хүргэдэг байж магадгүй гэнэ. Хүний наймаа Монгол Улсад хөгжин цэцэглэж, бүр газар авсныг ийнхүү дэлгэсэн уулзалт ярилцлагаас түүвэрлэн тэмдэглэсэн минь энэ.

Хууль хяналтынхан хүнийг эд бараа мэт ил задгай наймаалдаг болсныг ийнхүү дэлгээд зогссонгүй хүн худалдах, худалдан авах хэргийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгохоор ярилцсан. Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд хүний наймааны хэргийг зүйлчилсэн байдаг аж. Уулзалт ярилцлагад оролцогчид дээрх зүйл ангид өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулжээ. Товчхоноор хэлэхэд хүн худалдсан хэрэгтэнд торгох, албадан хөдөлмөр хийлгэх ял ногдуулж байгааг xopих ял болгож өөрчлөх хэрэгтэй гэж тэд бараг санал нэгдсэн. Түүнчлэн мөнгө олох зорилгоор охид, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байгааг биеэ үнэлэгчдээс хэрхэн ялгаж шийдвэрлэх вэ гэж ярилцаж байлаа. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гадаад хүнтэй гэрлүүлнэ, өндөр цалинтай ажилд оруулна гэх зэргээр нас, хүйс заан зарлал явуулж байгааг хуулиар хориглох хэрэгтэй гэж байсан.

Хурал эхлэхэд бодолд дарагдан сууж асан хүмүүс хэдийнэ албаны дүр төрхөндөө орж, хүн худалдах, худалдан авах хууль тогтоомжийг боловсронгуй болгохоор саналаа уралдуулж эхлэв. Уулзалтаас гарсан саналыг нэгтгэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах юм байна.

Ардын эрх сонин 228 /506/
Ц.Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button