Хил дээр баригдсан бурхан тахил, судар ном хаана залардаг вэ

Хэдэн зуун, арван жилийн өмнө өчнөөн хүмүүс судлаач, аялагч гэсэн янз бүрийн нэрийн дор Монгол орноор бэдрэн явж олж цуглуулснаа дэлхийн нэртэй нэртэй том музей үзмэрийн газар өгөөд өдгөөтэдгээр нь Эрмитаж, Луврт залран монголын нэрийг дуурсгаж байгааг болье гэхэд өнөөдөр наймаачын, ашиг завшаанч хүмүүсийн гарээр хэчнээн үнэт зүйлс маань гадагшаа гарч байгааг хэн мэдэж байгаа билээ. Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мэргэжлийн хяналтын газрын хамтарасан судалгаагаар түүх, соёлын үнэ зүйлсийг хууль бусаар хил давуулах гэмт хэрэг өнгөрсөн 10 жилд 650 гарчээ. Мөн энэ хугацаанд улс, аймгийн музейгээс 276 ширхэг, сүм хийдээс 459 ширхэг бурхан шүтээний эд зүйлс алга болжээ.
Гаалийн ерөнхий газрын Хэрэг Зөрчилтэй тэмцэх хэлтэс байгуулагдаад удаагүй байгаа ч 2002- 2006 ондтүүх, соё¬лын үнэт дурсгалыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 282 зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эдгээр хэргийн зарим нь шийдвэрлэгдэж, нөгөө хэсэг нь шийдвэрлэгдэх шатандаа яваа гэнэ. Энэхүү мэдээллийг авах үед тус хэлтсийн ажилтны өрөөнд хоёр том цүнх дүүрэн судар бичиг харагдсан. Замын-Үүдийн боомтоор энэхүү эртний ховор судрыг гаргахыг завджээ.
Судар хүссэн газартаа хүрч чадалгүй гаалийн соргог ажилтнуудын ачаар эх орондоо үлдэж. Гааль дээр хураагдаж байгаа үнэт эдлэл хаанахынх, эль сүм хийд, музей үзмэрийн газрынх, эсвэл аль нутгийн ямар хүнд хадгалагдаж байсан зэрэг нь таавар мэт үлдэж түүх, соёлын тэр үнэт зүйлсийг яадаг бол гэсэн асуулт ардаа тавьдаг. Ялангуяа манай хэн нэг хүний гар дээрээс худалдаад авсан зүйлсийг гадаадын хүн авч явсан бол бүр ч хэцүү.
Үнэхээр дээр өгүүлсэнчлэн сүм хийд, музей үзмэрийн газраас хулгайлагдаад улсын хэмжээнд зар цуу болон эрэн сурвалжилж байсан бол харж хамгаалж байсан эзэн, эрх мэдэлтнүүд нь таньдаг. Хэн ч эрж сураагүй түүх, соёлын үнэт зүйлсийг яадаг бол.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар, Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн болон хил нэвтрэх үед гаалийн байгууллагад хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлсийг соёл шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрөл зүйлээр нь ялгаж зохих байгууллагын сан хөмрөгт шилжүүлнэ гэж заажээ. Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн, гаалийн улсын байцаагч П.Янжингаас энэ талаар тодруулав.
-Хил дээр саатуулагдсан түүх, соёлын дурсгалт үнэт эдлэлийг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн комиссоор оруулж үнэлгээ хийдэг. Дараа нь томоохон музейн сан хөмрөгт шилжүүлдэг. Мөн манайд саатуулагдсан зарим эд зүйлс гаалийн сургуулийн сургалтад ч ашиглагддаг гэв. Хил дээрээс хураагдсан түүхийн дурсгалууд.албаны хүний хэлснээр, Замын -Үүд дэх музейд нэлээд төвлөрч байгаа аж. Динозаврын өндөг ширхэг 50000 төгрөг. Эртний амьтны жижиг ясны үнэлгээ 1500. Махан идэшт үлэг гүр-вэлийн тавхай 11 ширхэг, Нугас хошуут үлэг гүрвэлийн 14,5 см өндөртэй шүд, Авид бурхан үнэлгээ таван сая. Хөхбийр үнэлгээ 5000 төгрөг. Майдар бурхны салдаг хоёр хэв 20000 төгрөг. Зааны яс хүрэн болон хар өнгийн зандан нуруутай дөрвөн гуулин таваг, нэг гуулин туухайтай хулс модон ховдтой, булигаар гэртэй иж бүрэн дэнс үнэлгээ нь 100000 төгрөг.
Дээр өгүүлсэн баримтаас хоёр зүйл харж болно. Ганцхан манай улсад төдийгүй, дэлхий дахинаа нэн ховордож үнэт зүйл болсон өнөө үлэг гүрвэлийн яс өөрийнх нь хүн амаас бараг олон хүн хөлхөж байдаг Замын-үүд суманд хадгалагдаад байж байдаг юм байна. Тэгээд тэр нь 50000 төгрөгийн үнэтэй юмсанж. Энэ үнийг тэр өндгийг хил дээр илрүүлэн хураасан гаалийн улсын байцаагч тогтоодог гэнэ. Өндөр гэгээн Занабазараас хойш өдгөө бурханч лам Г.Пүрэвбат л ганц нэгхэнийг цутгаад байгаа бурхны салдаг хэв цутгуур 20 мянган төгрөг гэдгийг гаалийн тэр байцаагчид хэн хэлээд өгчихсөн хэрэг вэ. Гэхдээ яахав үнэ цэнийг нь мэдэхгүй ч хэрэгтэй ховор зүйл гэж мэдээд харьд гаргачихаагүй тэр байцаагчид баярлахаас яахав.
Эдгээр зүйлс гаалийн баталгаат агуулахад одоо ч байж л байгаа гэнэ. Ер нь хил дээр хураагдсан үнэт зүйлсийг БСШУЯ-ны дэргэдэх комиссоор оруулж үнэлгээ тогтоон хаана ямар байгууллагад шилжүүлэхийг шийддэг учраас ийнхүү хүлээгдэж байгаа нь тэр аж. Үндэсний түүхийн музейд 2006 оны дөрөвдүгээр сард Буянт Ухаагийн гаалийн байцаагчид илрүүлсэн илрүүлсэн Хүрлийн үеийн 20 ширхэг олдворыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндэсний түүхийн музейд шилжүүлэн өгчээ.
Ийнхүү манай гаалийнхан, хилийн албаныхан эх орныхоо түүх, соёлын үнэт ховор нандин дурсгалуудыг хил давуулаад алдчихгүйсэн гэж ажилласаар тэр хэрээрээ өмнө хэлсэн зүйлсийг аваад хоцорч. Гэтэл энэтөрлийн гэмт хэрэг, оролдлого жилээс жилд огт буурахгүй үргэлжилсээр л байна. Энэ юутай холбоотой вэ.
Энэ бол юуны өмнө тухайн хүмүүсийн эрхзүйн мэдлэг дутмагаас гадна ашиг олох сонирхолтой холбоотой. Хамгийн гол нь ийм үйлдлийн төлөө гэмт этгээдүүдэд ямар хариуцлага тооцож байгаатай холбоотой. Өмсч явсан пүүзнийхээ улыг хэв гарган нэг кг 980 гр алт, цаасанд боосон 260 гр алт хилээр гаргахыг оролдсон зөрчил 2003 оны наймдугаар сарын 21-ний өдөр гарчээ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан уг хэргийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд энэ хэрэгтээ хууль зөрчигч таван жил нэг сарын ял авсан байна. Мөн гутлын хоншоортоо алтан эдлэл нууж гаргахыг завдсан иргэн Б гурван сая төгрөгөөр торгуулжээ. Гэтэл 2004 оны наймдугаар сарын 27-ны өдөр галт тэргээр зорчихдоо түүхийн дурсгалт долоон зүйл, дөрвөн ширхэг хонхдамар, мөнгөн даруулга, бурхан, мөнгөн цөгц гар¬гахыг завдсан иргэн М-д холбогдох хэргийг про¬курорын дүгнэлтээр хэрэгсэхгүй болгосон явдал бас байх юм. Энэчлэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар хууль зөрчсөн иргэнийг 20-50 мянган төгрөг, албан тушаалтныг жаран мянган төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр ихэнхдээ торгоод өнгөрдөг байна. Хууль бус наймаанд хяналттавьдаг нэгэн албан тушаалтан, одоо манай мөрдөж байгаа хуульд хууль бус наймаачид овжин ашиглаж болох заалтууд байгаа гэж хэлж байсан. Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэйгөөр Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр хоёр жилээс дээшгүй хугацаатайгаар гадаадад гаргаж болно гэсэн заалт уг хуулийн 20.3-д байдаг аж.
Харин энэ хуулийн заалтыг ашиглан бүр мөсөн гаргахыг санаархагсад их байдаг юм байна. Тэр ч байтугай Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлах, түүх, соёлоо гадныханд таниулах нэрийн дор түүх, соёлын үнэт зүйлсийг ямар ч хараа хяналтгүй гадаадад гаргаж байх сонирхолтой хүмүүс ч байдаг байна. Гурван жилийн өмнө байгуулагдсан Эртний эдлэл цуглуулагчдын холбооны зарим хүмүүс, түүх, соёлын дурсгалт зүйлсийг чөлөөтэй нэвтрүүлэх хэрэгтэй. Түүх, соёлоороо дамжуулж эх орноо сурталчлах ёстой байтал манай өнөөгийн мөрдөж байгаа хууль үүний эсрэг байгаа нь зүйд нийцэхгүй гэж ярьж байсан.
Ийнхүү мөнгө олж, ашиг хүртэх их аяны хөлд эцэг өвгөдийн минь хэдэн зууны туршид хийж бүтээж, та бидэнд үлдээж өгсөн үнэт ховор нандин сайхан зүйлс хэд гурван ногооноор арилжаалагдаж харийн зүг хөвөрсөөр л байна. Манай гаалчид хэдийг нъ илрүүлэн саатуулж, хэд нь хэнд ч мэдэгдэхгүй гарч байгааг хэн мэдлээ.
Нөгөө нэг зүйл бол ийм үнэт зүйлсийг илруүлэн саатуулж эх орондоо үлдээсэн гаалийн ажилтныг урамшуулах тогтсон хэлбэр, жишиг байхгүй, зөвхөн тухайн гаалийн байгууллага нь л үзэмжээрэ шагнаж урамшуулдгаас өдий төдий ам.доллар халаасалж яваа харийн нэг баян, хэчнээн ч ховор сайхан зүйлийг аваад гарч байгаа юм билээ, хэн мэдлээ.
(Монголын мэдээ 230/2006)
Г.Мандуул