Н.Батбаяр Монголчууд бид мөнгөтэйн зовлонг үзэж байна

Аль нь эдийн засагт дарамт болохгүй хувилбар вэ?

-Хүүхэд бүрт cap болган арван мянган төгрөг олгох нь эдийн засгийн утгаараа их зөв санал. Харамсалтай нь хэрэгжүүлэхдээ буруу, зөрүү арга хэрэглэх гэж байгааг үгүйсгэхгүй. Одоогоор мөнгөн дүн дээрээ тогтсон. Харин М.Энхболд Ерөнхий сайдын хэлснээр бөөнөөр өгөх үү, эсвэл cap болгон хувааж өгөх үү гэдэг нээлттэй байгаа. Би УИХ-ын гишүүдийн эрүүл саруул ухаанд найдаж байна. Аливаа асуудлыг эдийн засагтаа зөв мессеж өгч дарамт болохгүйгээр шийдэх учиртай. Тогтсон мөнгөн дүнгийнхээ хүрээнд хүүхэд бүрт cap болгон 11833 төгрөг өгөх нь зөв. Энэ бол миний байр суурь. Хэрэв энэ хувилбараар шийдвэл хүүхдийн мөнгө эдийн засагт дарамт болохгүй. Харин буян болно. Зуун мянган төгрөгийг нэг дор палхийтэл өгвөл сэргэж яваа эдийн засгийг дампууруулна.

-Яагаад, харин ч айл өрхүүдзд бөөнөөр авах нь ашигтай юм биш үү?

-Айл өрх, хувь хүмүүст ашигтай байж болно. Иргэд мөнгөө бөөнөөр авахаа л бодохоос биш, үнэ өснө, эдийн засагт эргээд дарамт болно гэдгийг бодохгүй. Бодох ч албагүй тэд. Харин энэ бүхний тооцоолж, үнийн өсөлтийг хязгаарлах, барих бодлого гаргах нь төр түшиж байгаа бидний үүрэг. Монгол Улсын нэг сая дөчин таван мянган хүүхэд мөнгө авна. Хүүхэд бүрт зуун мянган төгрөг өгнө гэвэл хэчнээн тэрбум төгрөг болох вэ. Энэ их мөнгө бөөнөөрөө иргэдийн гар дээр очвол бараг бүх хүн дэлгүүр рүү гарна. Эрэлт нэмэгдэнэ. Эрэлтээ дагаад үнэ өснө. Yнэ өссөнөөс гарах цаад үр дүн нь…. гээд яриад байвал амар байна уу гэсэн биш, гай болов гэдэг шиг хүүхдийн мөнгийг өгснөөсөө дор юм болно.

-Эцсийн дүндээ хүүхдийн мөнгөний дүн дээр тохирохоос эхлээд олгох хэлбэрээ тогтох хүртэл УИХ-д суудалтай намууд автор булаацалдаад л байх шиг?

-Хүүхдэд cap болгон арван мянган төгрөг өгөх нь АН-ын санал. АН-ын хаягтай саналыг шийдэхгүй гэсэндээ МАХН-ынхан жилд зуун мянган төгрөг гэдгийг гаргаж ирж байгаа юм. Энэ бол арчаагүй зан. АН-ынхны хувьд автор байх нь биш, эцсийн дүндээ хүүхэд хожих нь чухал. Бид хүүхдийн мөнгийг анх халамжийн тэтгэмж маягаар гаргаж ирсэн. Одоо бол өөр. Нийгэмд бий болсон баялгийг нийт 2.5 сая хүндээ хүүхдээр нь дамжуулан шударгаар хуваарилж байгаа юм. Монголын эдийн засаг өсч байна. Энэ өсөлт ард түмэнд очихгүй л бол хямрал болдог. Иргэд гудамжинд жагсч байна. Амьдрал нь сайн сайхан учраас тэд жагсаагүй. Аргаа барсандаа л жагсч байна. Сайжирч байгаа эдийн засгаа ард түмэндээ хүргэж байгаа нэг л хэлбэр нь хүүхдийн мөнгө. Цаашид өөр хувилбарууд бодох ёстой.

-Хуүхдийн мөнгөнөөс гадна өөр ямар томоохон хөрөнгө оруулалт байна вэ. 2007 оны төсвийн хүрээнд шүү дээ?

-Хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалтыг шийднэ. Жишээлбэл, хоёр жилийн дотор Монгол Улсын эрчим хүчний асуудлыг бүрэн шийднэ. Өнөөдөр огт гэрэлгүй байгаа 110 сумыг гэрэл цахилгаантай болгоно. Бүх малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана. Монгол Улсын 1600 баг бүрт хоёр ширхэг гүнийн худаг гаргах гэж байна. Нийслэлийн зам, инженерийн шугам сүлжээг сайжруулна. Үүнд өмнө байгаагүй нэлээд их хөрөнгө төсөвлөсөн. Ажлын байр нэмэгдүүлнэ. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эхний ээлжинд 68000, дараа нь 80000 болгохоор тохироод байна. Хүн хувийн компанид ч бай, хувьсгалын байгууллагад ч бай ажил хийж байгаа л бол авдаг цалин нь амьдралд хүрэлцдэг байх учиртай. Хэрэв амьдралд нь хүрч байвал тэр хүн сайн ажиллана, тайван амьдарна.

-Компаниудын олонхи нь ажилчдаа гэрээгээр ажиллуулдаг. Гэрээт ажилчдад үндсэн цалин гэж байхгүй, бас татвар төлдөггүй. Хуулийн энэ цоорхойг хаахгүй л бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэдээр ч тогтоосон, тэр нь ихэнх аж ахуйн нэгжид үйлчлэхгүй байх аа?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх нэгдүгээр сарын нэгнээс мөрдөнө. Оны эхнээс татварын шинэ хууль үйлчилнэ. Аж ахуйн нэгжийн орлогын татвар 15, 30 байсныг 10, 25 болгосон. Татвар тооцох орлого нь гурван тэрбум төгрөгөөс дээш гарсан тохиолдолд 25 хувийн татвар ногдуулна. Ийм өндөр орлоготой компаниуд Монголд цөөхөн. Ихэнх нь 10 хувийн татвар төлнө. Хуучнаар хүн амын орлогын албан татвар гуч хүртэл хувь байсныг арав гэсэн ганцхан шатлалтай болгосон. Нэмэгдсэн өртгийн албан татвар 15 хувь байснаа 10 болсон. Ингэхээр аж ахуйн нэгжүүдийн өмнө нь төлдөг байсан татварын ачаалал гуравны нэгээр буурч, байгууллага дээрээ үлддэг орлого нь нэмэгдэнэ. Татварын зөрүүгээс үлдсэн уг орлогыг зөвхөн хөрөнгө оруулалтад зориулах биш, ажилчдынхаа цалинг нэмэхэд зарцуулах учиртай. Аль ч компани сайн боловсон хүчинтэй байх ёстой. Сайн боловсон хүчнийг ажиллуулахын тулд сайн цалин өгдөг байх ёстой. Философи нь ердөө л энэ.

-Татварын ачаалпыг бууруулж, эсвэл сайн цалин өгөх ёстой гэсэн философиор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэрээт ажилчдад хамаагүй гэсэн хуулийн цоорхойг нөхөхгүй байх аа?

-Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, энэ цоорхойг хаана. Нөгөө талаас иргэддээ хэлмээр байна. Та хаана, ямар байгууллагад ажилладаг байсан хамаагүй төр, засгаас тогтоосон хөдөлмөрийн хөлс¬ний доод хэмжээгээр цалингаа нэмэгдүүлэхийг шаардаач, Та тийм эрхтэй. Манай бизнесменүүд төдийгүй жирийн иргэд ч анзаарч байгаа. Ямар компаниудын бизнес амжилттай, ажил нь сайн байна гэвэл, цалин өндөртэй компаниудынх л сайн байгаа. Бид өнөөдөр бараа бүтээгдэхүүнийнхээ ихэнхийг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч байна. Хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлийн үнэтэй атлаа авдаг цалин нь түүнээс хэтэрхий доогуур төвшинд байна. Манайд дундаж цалин 100 ам.доллар байна. Дэлхийн зах зээл дээр цалингийн дундаж хэмжээ 3000 ам.доллар байна. Гэтэл манайд 30 дахин бага цалинтай мөртлөө дэлхийн зах зээлийн хэмжээнд амьдраад байгаа байхгүй юу. Энэ чинь өөр орлого байна гэсэн үг. Тэр нь далд эдийн засаг. Далд эдийн засгийг ил гаргаж ирэх гэж л татварын шинэчлэл хийсэн. Татварын хуулийн хөнгөлөлт зөвхөн аж ахуйн нэгжүүдэд биш, иргэдэд ч мэдрэгдэх ёстой. Энэ утгаар нь татвараас үлдсэн орлогынхоо тодорхой хувиар цалингаа өсгөг гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгаа.

-Ингэж бэлэн мөнгө тарааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байгаа нь зэсийн үнийн өсөлт, Гэнэтийн ашгийн татварын л буян байх. Хэрэв дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ эргээд унавал манай эдийн засаг ачааллаа даах болов уу?

-Зэсийн үнэ уначихвал маргааш нь манай эдийн засаг баларчих юм шиг ойлголт зарим хүнд байна. Огтхон ч тийм биш. Гэнэтийн ашгийн татвараар орж ирэх мөнгийг Монгол Улсын хөгжпийн санд байршуулна. Төсвийн урсгал зардал явахгүй. Энэ мөнгө гурван зүйлд л зарцуулагдана. Нэгдүгээрт хүүхдийн мөнгө, хоёрдугаарт хөрөнгө оруулалтад, гуравдугаарт эрсдэлийн санд. Өнөө жил энэ татвараар 200 тэрбум төгрөг орж ирээд байна. Одоогоор энэ мөнгөнөөс нэг ч төгрөг зарлагдаагүй. 2007 онд зарцуулъя гэж шийдвэр гаргаж байна. Зэсийн үнэ уналаа гэхэд манай эдийн засаг унахгүй. Харин хүүхдийн мөнгө л багасч мэднэ. Яагаад гэвэл 10.000 төгрөгийн гурван мянгыг төсвөөс, долоон мянгыг нь гэнэтийн ашгийн татвараас өгч байгаа. Энэ долоон мянга л багасч мэднэ. Цаашдаа бид Монгол Улсынхаа хөгжлийн санг өөр эх үүсвэрээр арвижуулахыг бодож байгаа. Энэ жил 200 тэрбум төгрөг олсон бол дараа жил нэг триллион төгрөг олчих боломж харагдаад байгаа.

-Тэгвэл хүүхдийн мөнгөний хэмжээг жил бүр тогтоож байх хэрэг үү?

-Тийм, хөгжлийн санд орсон мөнгөнийхөө хэмжээнд тохируулан жил бүр тогтоож явах юм. 2007 онд бол хүүхэд бүрт cap болгон арван мянган төгрөг өгөх боломж бүрдсэн.

-Ирэх онд нэг триллон төгрөг олох ямар боломж байгааг хэлж болох уу. Зэсийн үнийн өсөлтөөс өөр эх үүсвэр үү, тэр нь?

-Товчхон хэлэхэд гурван обьектийн асуудлыг яаж шийдэхээс шууд хамаарна. Нэгдүгээрт Оюутолгойн гэрээг яаж хийх, хоёрдугаарт Тавантолгойн асуудлыг ямар байдлаар шийдэх, гуравдугаарт 10 мянган мегаваттын цахилгаан станцыг яаж шийдэхээс шууд хамаарна. Энэ гурвыг зөв шийдэж чадвал монголчууд диваажинд хэрэв буруу шийдвэл тамд очно.

-Энэ гурваас ч өөр гарц байгаа юм биш үү. Тухайлбал, энэ их мөнгө бэлэн тарааж байхын оронд Монгол Улсын хөгжилд хэрэгтэй томоохон асуудал шийдэж болохгүй юу. Зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрийг Монгол доо байгуулж яагаад болохгүй гэж?

-Саяхан Москвад Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн хурал боллоо. Түүгээр Эрдэнэт өөрөө зэсээ хайлуулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан байна. Ийм үйлдвэр байгуулах мөнгө Эрдэнэт-д өөрт нь байгаа. Би Монгол Улсыг үеийн үед түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэгч орон байдгаас гаргах гэж Гэнэтийн ашгийн татварын хуулийг анх бодож олсон. 1990 оноос өмнө манай улс хуучнаар ЗХУ-ын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч орон байлаа. 1990 оноос хойш Хятадын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч орон болсон. Энийг өөрчлөх нэг алхам нь зэс хайлуулах үйлдвэр байгуулах явдал. Хэрэв ийм үйлдвэртэй болж чадвал катодын дараа цахилгааны, холбооны кабель болгоно. Компьютерын эд анги хийхэд ашиглана. Тэгж чадвал зэсийн үнэ хэд дахин өснө. Компьютерийн эд анги хийгээд зарвал нэг тонн зэсийн үнэ бараг нэг сая доллар болно. Гэнэтийн ашгийн татварыг гаргаж ирсэн зорилго маань ёсоороо болж байна. Энэ татварыг зэсийн баяжмалд тавьж байгаа. 68 хувийн татварыг төлөхгүйн тулд зэс хайлуулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж байна. Энэ бол эдийн засгийн аргаар шахалт үзүүлсний үр дүн. Зөвхөн төсвөөр амьдарна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.

-Зөвхөн үйлдвэр төдийгүй, хүнд хийх хөрөнгө оруулалтаа эмнэлэг, сургуулиар дамжуулж хийж болохгүй юу. Жишээ нь Хятад, Солонгост явж хийлгэдэг эмчилгээ, оношлогоог эндээ хийлгэх боломжтой орчин үеийн тоног төхөөрөмжтэй ганц томоохон эмнэлэг байгуулж болохгүй юу?

-Энэ зөв өө. Эрүүл мэнд, боловсролыг тэргүүн ээлжинд бодолгүй яахав. 2007
оны хөрөнгө оруулалтын хэмжээ 300-400 тэрбум төгрөг болох гэж байна. Урьд өмнө ийм байгаагүй. Энэ бол бараг 2001 оны улсын төсөвтэй тэнцэх хэмжээ байх шүү. Энэ их хөрөнгө оруулалт дотор эмнэлэг, сургууль бий. 2007 онд ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардлыг урьд оныхоос 25 хувиар нэмэгдүүлж байгаа. Зүүн бүст эмчилгээ, оношлогооны төв байгуулах гэж байна. Эмнэлэг, сургуулийг хүүхэд бүрт мөнгө өгдөг шиг сум болгонд бариад байх боломжгүй шүү дээ. Одоо чи аягүй бол ажлын байр гаргасангүй гэж асуух байх. Тэгвэл бүх сумыг эрчим хүчинд холбоно гэдэг маань тэнд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх боломж гаргаж өгч байна гэсэн үг. Малчдыг гэрэлтэй болгож байна. XXI зуун гарчихаад байхад лааны гэрэлд сууж байх нь марзан байхгүй юу. Хотын чи, бид хоёрт орчин үеийн бүх юм байдаг, хөдөөний Доржид болохоор лаанаас өөр ч юу ч байдаггүй байж болохгүй биз дээ. Хөдөө ажиллаж, амьдарч байгаа Доржийн буруу биш шүү дээ. Энэ чинь эдийн засгийн аргаар төрийг удирдаж хүнээ хөгжүүлж чадахгүй байгаа төр, засгийн л буруу байхгүй юу. Тийм учраас бид хүмүүсийн анхдагч хэрэгцээг эхлээд шийдэж өгч байна. Энэ мэтээр хүндрэлтэй, нэн шаардлагатай бүх асуудлыг шийдэхийг зорьж байна. Мэдээж хүссэн тэр хэмжээнд байж чадахгүй байна л даа. Харин боломж нь байна уу гэвэл байна. Ганцхан монголчууд маань дээр, дооргүй учраа олоод явчихвал болно.

-Хоёр жилийн дотор бүх сумыг эрчим хүчээр хангана гэж байна. Ингэж ажиллах боловсон хүчин Монголд бий юү. Гадаадын баахан компанийг төсвийн мөнгөөр ажилтай болгож орлогожуулах нь гэсэн шүүмжлэл байна.

-Тендерийн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж би боддог. Монгол Улсын хөрөнгөөр гаднын компанийг ажилтай байлгадаг жишгийг таслан зогсоох ёстой. Яахаараа Монгол Улсын төсвийн хөрөнгөөр гадаадын компаниуд ажиллаж гадаадын иргэд цалинжаж байх ёстой юм. Тендерийн хуулиар үүнийг хааж өгөх ёстой. Монголчууд Япон, АНУ, Солонгост очоод төсвийнх нь хөрөнгөөр ажил хийе гэвэл биднийг ажиллуулж харагдаач. Иймд төсвийн хөрөнгөөр хийх ажил үйлчилгээнд зөвхөн үндэснии компаниуд л оролцоно, үндэсний ажилчид ажиллана гэж өөрчилмөөр байна. Энийг УИХ-ын гишүүд дэмжих байх аа.

-Монголчуудыг ажил хийдэггүй, залхуу, чадвар муутай гэж гадаадаас ажиллах хүч импортлогчид хэлдэг. Үүнтэй та санал нийлдэг үү?

-Сумдыг эрчим хүчинд холбоход төмөр бетоны үйлдвэрлэл нэмэгдэнэ, тээвэрлэлтийг нь манай хэдэн жолооч нар хийж ажилтай болог л дээ. Шонгийн нүхийг ухах ажлыг нь орон нутгийнхан хийг. Нарийн тооцоо судалгааг нь цөөхөн, чадварлаг инженерүүд л хийчихнэ. Энэ мэтээр зохицуулж болно оо. Аливааг болгоё гэсэн хүн аргаа олдог. Болгохгүй гэсэн хүн шалтгаа олдог. Монголчууд бид алийн болгон өөрсдийгөө голж явах юм. Гадаадад гарахаараа гологддоггүй, Монголдоо болохоор гологдоод байна гэж байхгүй. Адилхан л монгол хүн. Энд төр, засгийн бодлого, тухайн байгууллагын удирдлага менежментийн арга, авч байгаа цалинд л ялгаа байна. Барууны орнууд яагаад баян чинээлэг, иргэд нь ажилсаг, ядуу буурай гэж байгаа манайх шиг орнууд буурай хөгжилтэй, иргэд нь залхуу байдаг юм. Иргэдээ ажил хийлгэж чаддаг, ажил хийвэл ам тостдог тогтолцоог бүрдүүлж чадсан улс л баян чинээлэг, иргэд нь тайван амгалан амьдардаг юм байна. Тийм тогтолцоог хийж чадаагүй нь манайх шиг байдаг юм байна. Манайд зүгээр сууж байгаад хоол идээд сурчихсан хүн олон байдаг. Дээр нь амьдралынхаа байгаа хэмнэлд дасчихсан, тэмүүлэл багатай. Эцсийн дүндээ хүн бол өөрийнхөө төлөө л амьдардаг. Бид анх 1990 онд гарч ирээд эрх чөлөөг нь олгож, хувийн хэвшилтэй болгочихвол л бүх юм болно гэж бодсон. Тэгсэн тийм биш байна. Одоо хүн бүрийг удаан хугацааны зээлтэй болгомоор байна. Энэ бол барууны орнуудын жишиг. Жишээ нь, чамайг сургуулиа төгсөхөөр байр, машиныг чинь зээлээр өгчихнө. Зээлээ чи цалингийнхаа хэмжээнд тааруулан cap болгон төлнө. Зээлээ төлөхийн тулд байнгын орлоготой байх ёстой, орлоготой байхын тулд ажилтай байх хэрэгтэй, ажлаасаа халагдахгүйн тулд сайн ажилладаг байх ёстой. Ийм тогтолцоог л бүрдүүлмээр байна. Монголд хүн ажлаасаа халагдахад сайн л бол 100-200 мянган төгрөг алдлаа гэж боддог. Барууны орнуудад ажлаасаа халагдсан хүн амьдралаа алддаг. Байр, машинаа алддаг.

-Таны ярьснаар эдийн засгийн энэ боломжийг ашиглаад монголчууд барууны орны иргэд шиг амьдрах тийм тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллаж чадах төр, засаг өнөөдөр Монголд байна уу.

-Төрийн нэг гол үүрэг бол сайн менежер байх шүү дээ?

-Намаараа талцан автор булаацалдаж мөнгө тараах нь сонгогчдын ядуу сэтгэлгээг улам өөгшүүлж байна. Та бүхэн 2008 оны сонгуульдаа УИХ-ын танхимыг ашиглан бэлтгээд байгаа юм биш үү?

-Би тэгж бодохгүй байна. Зарим сэтгүүлч та нар амлалтаа л биелүүлэх гэж ингэлээ гэж асуудаг юм. Үүнд би гайхдаг. Яагаад гэвэл миний амлалт буюу мөрийн хөтөлбөрийг дэмжиж л олон түмэн саналаа өгсөн. Түүнээс биш, Батбаяр өндөр байна, эсвэл намхан хүн юм гэж саналаа өгөөгүй. Тэгэхээр хөтөлбөрийг маань дэмжиж саналаа өгсөн хүмүүсийн өмнө амлалтаа биелүүлэх нь миний үүрэг байхгүй юу. Хүүхдийн арван мянган төгрөгийг ард түмэн дэмжсэн. Тийм учраас энэ мөнгийг өгүүлэх нь АН-ын үүрэг. Нөгөө талаас АН-ын үүрэг ч, энэ хөтөлбөрийг дэмжсэнээрээ уг мөнгийг өгүүл гэсэн ард түмний даалгавар байгаа юм. 2004 оны сонгуулийг би их сайн сонгууль болсон гэж боддог. Яагаад гэвэл намууд дараа нь шүүж болох тодорхой зорилтууд дэвшүүлсэн. Урьд нь дандаа ерөнхий зорилго дэвшүүлдэг байсан. Юу билээ, төрөө хямралаас гаргая, түмнээс ядуурлаас аваръя бил үү. 1990-2004 он хүртэлх сонгуулиуд бол Монголд ерөнхий ардчиллын хэм хэмжээг тогтоох сонгуулиуд байсан. 2004 оноос эхлээд нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Тийм учраас 2008 оны сонгууль бол нийгмийн тодорхой асуудлуудыг шийдэхийн тулд намууд оюун ухаанаа уралдуулсан сонгууль болох байх. Түүнээс биш, гар дээр өгч байгаа мөнгийг төд болгож нэмэгдүүлнэ гэх нь шийдэл биш.

-Ер нь бол намаараа талцдаг байдал улс орны хэмжээний том асуудал шийдэхэд садаа болж бай¬на. Үүнээс, мөн хувь улстөрчдөөс болоод төр, засгийн нэр хүнд унаж байна?

-Нийгмийн дунд өнөөдрийн төр, засгийн нэр хүнд тааруу байгаа гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ МАХН, АН хоёр тодорхой зорилт дэвшүүлсэн, түүнийгээ биелүүлэх гэж сөргөлдөөн үүсгээд байгаа юм шиг харагдах тал бий. Би МАХН, АН хоёрын ялгааг хэлье. МАХН бол АН-ын л санал байвал түүнийг унагаахын төлөө байдаг.
Өөрөөр хэлбэл, улс эх орондоо хоноцын сэтгэлгээгээр ханддаг улсууд МАХН-ынхан. Харин АН бол улс оронд хэрэгтэй л байвал хэн санал болгосон нь хамаагүй шийдье гэж ажилладаг. Энэ бол УИХ-д байгаа гол хоёр намын ялгаа. Хүүхдийн мөнгөн дээр л харахгүй юу. Хүүхдийн мөнгийг cap болгон яг арван мянгаар нь өгөхгүйн тулд МАХН-ынхан эдийн засгийг унагаасан ч бидэнд хамаагүй гэсэн байдлаар өөр санал гаргаж ирж байгаа байхгүй юу. Нөгөө талаас бид УИХ дээр сайдалцаж муудалцаад асуудал шийдээд явж байна. Зарим хүн үүнийг эд нар бие биеэ үзэж чадахаа байчихаж гэж боддог юм шиг байгаа юм. Тийм биш ээ. Бид маргалддаг боловч тэр нь эцсийн дүндээ хамгийн сайн шийдлийг олох гэсэн, түүнд хүрэх гэсэн явц. Та нар анзаардаг л байх, бид хэлэлцэж маргадаг ч танхимаас гарахаараа дал мөрөө алгадалцсан энгийн харилцаатай найз нөхөд л байдаг. Бид чинь ардын дайснууд биш шүү дээ. Бид хэдийгээр хэлэлцэж маргадаг ч гэсэн зөвшилцөж ойлголцоод асуудал урагшаа явж байгаа.

-Гэхдээ удаан юм биш үү?

-Удаан байна. Цаг их алдаж байна.

-Энэ удаанаас чинь болоод л зарим хүн УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах санал гаргаад байна?

-Ээлжит бус сонгууль бүтэхгүй ээ. Шулуухан хэлчихье, сайн юм авчрахгүй. Аливаа зүйл цаг хугацаатай, шүүдэг тогтолцоотой. Бид дөрвөн жилээр сонгогдсон. Хэрвээ энэ УИХ, тухайлбал, Н.Батбаяр миний бие мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй, үнэхээр муу ажилласан бол дараагийн сонгуульд хэн ч намайг, биднийг дэмжих хэрэггүй. Энэ бол бидний ажлын үр дүнг шүүдэг тогтолцоо. Тэгэхгүйгээр зүгээр л бужигнуулаад байя, завсраас нь ашиг унаж магадгүй гэж хандаад байвал сайн юманд хүрэхгүй. Тийм учраас ээлжит бус сонгууль гэж болохгүй.

-Ээлжит бус сонгууль хийж болох эрх зүйн орчин нээлттэй шүү дээ?

-Нийгмийн уур амьсгал тийм байж болох ч, эрхзүйн орчин харин ч хаалттай. Яагаад гэвэл 57 гишүүн зөвшөөрсөн кноп дарж байж энэ УИХ тарна. Тийм учраас эрхзүйн орчин нээлттэй боловч, хэрэгжих боломж нь бага учраас би хаалттай гэж байгаа юм.

-АН-ынхан М.Энхболдын Засгийн газрыг огцортол тэмцэнэ. Бид дахиад огцруулах бичиг өргөн барина гэж байсан. Энэ бодлоо орхисон уу?

-Үгүй, орхиогүй.

-Яагаад заавал Засгийн газрыг огцруулах гээд байгаа юм бэ?

-Энэ Засгийн газар ажиллаж чадахгүй байна. Ганцхан жишээ хэлье. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнөөдөр дөнгөж тавин хувьтай байна. Энэ чинь төрийн ажлыг хийж чадахгүй байна аа л гэсэн үг. Мөнгө нь байхад мөнгөөрөө ажил хийж чадахгүй байна.

-Та нарын огцруулна гэсэн өмнөх чуулганы хуралдаанаас Засгийн газар ямар нэгэн сургамж, аваагүй байна уу?

-Юу ч аваагүй. Сахил хүртээд шал дордов гэгч болсон. Одоо чуулганы хуралдаанд оролцож байгаа сайд нарын ирц, ирсэн цөөхнийх нь асуудалд хандаж байгаа хандлагыг хараарай. Сайд нар бүгд шахуу тэртэй тэргүй, бид огцрох юм байна, огцрох юм чинь хувийн жаахан ажлаа амжуулж авъя гэсэн бодолтой болчихсон тууж явна.

-Огцрох биш, харин ч огцрохгүй юм байна гэсэн итгэлтэй болсон юм биш үү. Сая АН-ын хүч яаж дутаж, МАХН яаж хамгаалж байгааг тэд нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн?

-Огцорно оо, огцорно. Асуудлыг дахиад тавина. Гэхдээ хэлбэр, санаачилга нь өөр байж болно. Жишээ нь, бүтцийн өөрчлөлт байж болно шүү дээ. Хамгийн гол нь үр дүн. Тэр үр дүнд яаж хүрэх нь улстөрийн тактикийн асуудал учраас одоо хамаагүй ярих боломж алга. Ямар ч гэсэн Засгийн газар энэ бүрэлдэхүүнээрээ 2008 оны сонгуулийг хүргэж чадахгүй. Би энийг харин хэлчихье.

-АН-д урьд нь дарга, цэрэг явсан хэд хэдэн хүн Засгийн газарт орчихсон. Та бүхэн тэднийг л огцруулах гэж хорсол тайлах маягаар засгаар оролдоод байгаа юм биш үү?

-Зөвхөн тийм биш. Саяын чиний хэлдэг нэг шалтгаан мөн үү, мөн. Ерөнхийдөө монголчууд урвагчдад дургүй. Хамгийн гол шалтгаан нь энэ Засгийн газар ажил хийж чадахгүй байна. Зуун хүнийг ажилтай болгочих мөнгө, боломж байхад дөнгөж тавин хүнийг л ажилтай болгосон байна. Түүнчилэн ярилцлагын эхэнд хэлсэн Оюутолгой, Тавантолгой, арван мянган мегаваттын цахилгаан станцын асуудлыг яаж шийдэхээс монголчуудын ирээдүй шууд хамаарна. Гэтэл байгаа байдлаас нь харвал энэ Засгийн газар эдгээр том асуудлыг Монгол Улсын төлөө, монголчуудад ашигтай байхаар шийдэж чадахгүй нь. Нэгдүгээрт, энэ гурван асуудал дээр анхаарал бага тавьж байна. Хоёрдугаарт, хангалттай хугацаа өнгөрөөд байхад эдгээр асуудлыг УИХ-д оруулж ирэхгүй байна. Огцрохоо хүлээж байгаа юм шиг дөлөөд байна, тойрч зугтаад байна. Юм барьж авч хийхийн оронд өөрсдөө суудалдаа яаж удаан суух вэ гэдгээ л бодож байна. Ийм хандлагатай хүмүүс яаж юм бүтээх вэ дээ.

-Та Ерөнхий сайд М.Энхболдыг таны толгой Засгийн газрыг тэргүүлэхэд багадаж байна гэж хэлж байна лээ. Яагаад тэр вэ?

-Үнэхээр толгой нь багадаж байна. Улс орны хэмжээний асуудлыг сэтгэж ажиллаж чадахгүй байна. Хотын даргын сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Одоо Ерөнхий сайд болсон. Зангараг томрох ёстой. Хариуцлага томрох ёстой. Тэр бүхэн нь өнөөдрийг хүртэл мэдрэгдэхгүй байна.

-Засгийн газарт хэт шүүмжлэлтэй хандаж байгаа нь таны Ерөнхий сайд болох хоббитой холбоотой. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсны дараа өөрөө Ерөнхий сайд болох гэж МАХН-ынхантай уулзаж байсан гэсэн яриа байна?

-Намайг зарим хүн 2004 оноос л улстөрд орж ирсэн гэж боддог байх. Би 1990 оноос улстөрд орсон. 1990 оноос хойш улстөрд дандаа гал тогооны ажил хийж явлаа би. Гал тогооны ажил бол бүх юмыг зохицуулах үүрэгтэй. Тэр утгаараа 2004 оны сонгуулийн дараа би бүх зөвшилцөлд оролцсон. Энийг манай гишүүн болгон мэднэ. Харин Н.Батбаяр Ерөнхий сайд болох гэж явсан гэдгийг би өөрөө ч мэдэхгүй юм байна. МАХН олонхи байгаа нөхцөлд АН-ын Батбаяр Ерөнхий сайд болох гэж явсан гэх яриа өөрөө утгагүй, логикгүй байхгүй юу. Би Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө л яваа. Үүний тулд дээрээ хэл амаа ололцдог, ойлголцдог баймаар байна. Бид өнөөдөр бие биеэ дийлж ялж байгаа мэт боловч эцсийн дүнд бүгдээрээ ялагдаж байгаа. Бид нийлж байж л ялна. Монгол Улс хожно. Монгол Улс хожиж байж л бид ялна. Үүнээс өөрөөр монголчуудын эрх ашгаас үнэтэй ялалт гэж бидэнд байхгүй.

Зууны мэдээ сонин 279 /2415/
Г. Отгонбаяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button