Ордны өмнөх өргөтгөл 20 шахам тэрбум төгрөг залгих нь ээ

Үүнийг нотолсон тодоос тод жишээ бидний нүдний өмнө ил байна. Аль жил шахмын өмнөөс Төрийн ордны өмнө ногоон хөшгөөр нүүрээ нуусан нэгэн барилгын ажил эхэлсэн. Тэр нь Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэсэн гоё нэртэй юм гэнэ лээ. Уг барилгыг С.Баярцогт Засгийн газрын ХЭГ-ын дарга, Н.Батбаяр, БХБ-ын сайд байх үедээ 7.5 тэрбум төгрөгөөр сүндэрлүүлнэ гэж амлаад л УИХ-аар хөрөнгийг нь батлуулж байв.
Гэвч том амалж, цээж түхэлзүүлсэн тэд анхнаасаа л хууль зөрчиж зургийн төсөлгүй атлаа барилгын ажлыг эхлүүлчихсэн юм. Үүнийгээ тэд одоо их ой дөхсөн байсан учраас гэж цайруулдаг ч энэ нь хууль зөрчин байж тооцоогүй, харанхуйгаар мөнгө батлуулах шалтгаан яагаад ч болохгүй.

Үүнээс хойш барилгын ажил Су.Батболд, Ж.Наранцацралт хоёрын мэдэлд очсоныг бид мэднэ. Тэр хоёр зураг төслийг нь хийнэ гэж ярьсаар өнгөрсөн долдугаар cap гэхэд л төслийг нь эцэслэн дуусгасан байна. Энэ хооронд зураг төсөлгүй эхэлсэн барилгын ажлын төсөв 10.4 тэрбум болон нэмэгдэж, одоо бүр 17.8 тэрбумд хүрээд байна. Өөрөөр хэлбэл барилгын ажилд хоёр удаа зураг төсөл хийлгүүлж тэр тоолонд зарцуулах мөнгө нь 3-7 тэрбумаар нэмэгдсэн байна. Сүүлд гаргасан шинэчилсэн зураг төслөөр барилгыг ашиглалтад оруулахад 17.8 тэрбум төгрөг хэрэгтэй гэж мэргэжилтнүүд тооцоолсон аж. Одоо нэг тоо бодъё. 17.8-7.5=10.3. Аймаар юм. Төрийн ордны өмнөх барилга анх төлөвлөснөөс 10.3 тэрбум төгрөг илүү залгижээ. Одоогоор 10.8 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулаад буй бөгөөд үлдсэн мөнгийг ирэх оны төсөвт тодотгол хийх үеэр тусгуулахаар дарга нар төлөвлөж буй гэсэн. Барилгын ажлыг удирдаж залж байсан аль, аль дарга төрийн ажлыг яаж завааруулсны нэг үзүүр энэ.

17.8 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Төрийн ордны өмнө шил нааж, багана босгосон энэ мөнгөөр 8000 айлыг орон сууцтай болгож дөнгөнө. Эсвэл улсын хэмжээнд орчин үеийн найман амаржих газар ч барих боломжтой юм. Энд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй. 17.8 тэрбум төгрөгийг залгих цогцолбор 64 баганатай ажээ. Бараг л орсон хүн баганан дунд төөрөх юм уу, хаашаа юм. Харин тэр олон багананд 20 шахам тэрбум төгрөгийн хэд нь шингэсэн бол гэж бодохоор харамсмаар. Бас болоогүй ээ. Барилгын нүүрэн талын шилэн дээр XIII зууны үеийн Их Монгол улсын газрын зургийг зуруулахаар хэтэрхий мэргэн жараахайнууд боджээ. Төрийн ордны өмнөх барилгад ийм зураг байх нь хэр зохистой юм бол доо. Хэдийгээр цогцолборыг их ойд зориулж босгосон ч гэлээ албан ёсны айлчлалаар төрийн хэрэг ярихаар ирсэн ОХУ, БНХАУ-ын томчуудад л лав өөрсдийнх нь газар нутгийг биднийх байсан гээд тунхагласан нь сайхан санагдахгүй нь ойлгомжтой.

Барилгыг өнгөрсөн наадмын үеэр ашиглалтад оруулна гэж дарга нар амлаж байв. Гэтэл их ойг сонирхохоор ирсэн гадныханд зориулж тэр үеэр ногоон хөшгийг нь түр зуур авч, толгой нь багадсан Чингис хааны хөшөөг нь харуулаад л өнгөрсөн. Дараа нь Улс тунхагласны баяраар ашиглалтад оруулна гэж дуугарсан ч бас хөшгийг нь хуулах төдийгөөр л хуурах бололтой. Барилгын нүүрэн талыг хэсэг буюу дурсгалын цогцолбор баганат галерейг л ашиглалтад өгнө гэж Су.Батболд дарга хэлнэ билээ. Ингэсээр ирэх зуны сарыг үзэж байж л цогцолборыг барьж дуусгах юм гэсэн. Тэгэхээр бас л анх тооцоолж байснаас жил шахмын дараа цогцолбор амь орж таарах нь. Их ойд зориулж монголчуудын хийсэн хамгийн том бүтээн байгуулалт ажлаа хийдэггүй, гэдэс нь цаддаггүй увайгүй дарга нараас болж ингэж л бантагнажээ.

Зууны мэдээ сонин 279 /2415/
Б.Намжилмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button