Бүхнээс баян нь Единая россия

Справедливая Россия (Шударга Орос) нам болон нэгдсэн Родина (Эх орон), Российская партия жизни (Оросын амьдралын нам), Российская партия пенсионеров (Оросын тэтгэврийнхний нам) намууд ч гол өрсөлдөгчөөсөө ихээхэн хоцорчээ.
Оросын СТК өөрийн сайтдаа дэлгэн тавьсан улс төрийн намуудын 2006 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлан хоёр шалтгаанаар сонирхол татаж байна. Нэгдүгээрт, өнгөрсөн зун Оросын улс төрийн намуудын намрын сонгуулийн санхүү бүрэлдсэн юм. Хоёрдугаарт, дээр дурдсан гурван нам нэгдэж эрх баригч намтай өрсөлдөнө гэсэн хэрэг. Санхүүгийн баримтаас эдгээр асуудлын хариулт гарч байна. Гэхдээ л хоёр намын сан хөмрөгийг харьцуулан харах болоогүй. Баримтаар зуны сүүл сард Нэгдмэл Орос нам 281 сая рубль цуглуулснаас 255 саяыг зарцуулжээ. Үүнээс 174 саяыг орон нутгийн салбарыг санхүүжүүлэхэд зориулсан байна. Энэ мөнгө нь Оросын долоон субъектын сонгуульд голчлон зарагджээ. Холбооны салбаруудын зардал дөнгөж 2,5 сая болсон байв.

Намын төв аппаратын санхүүжилт 53 сая, сурталчилгааны материалын зардал нь зургаан сая рубль болжээ. Оросын амьдралын намын дансанд эрх баригч намынхаас арав дахин бага буюу 27 сая рубль үлдсэн бөгөөд зардлаараа хоёрт оржээ. Эх орон намын 10, Тэтгэврийн намын 120 мянган гишүүнд дээрх мөнгийг хуваалаа гэж бодоход энэ нэгдмэл нам санхүүгээр эрх баригчидтай өрсөлдөх яагаа ч үгүй байгаа нь харагдана. Гэхдээ Шударга Орос намын олж, зарсан мөнгө нь үлдсэн бүх намынхаас хамаагүй их. Ерөнхий дүнгээр 100 сая рублийг (РПЖ-60 сая, Родина-34 сая, РПП-зургаан сая) эдгээр намд хандивласан байна. Тайлангийн хугацаанд РПЖ-45, Родина-27, РПП долоон саяыг тус тус зарцуулсан байна. Одоо татан буугдсан РПЖ, Родина хоёр удирдах байгууллагынхаа зардалд тус бүр 10 саяыг, РПП зургаан саяыг орон нутгийн салбаруудын санхүүжилтэд зарцуулжээ.

Бусдынх нь тухайд коммунистууд ба Оросын эх орончдын үзүүлэлт их байна. КПРФ таван саяын хандив цуглуулж, дансандаа байсан 27 саяд нийлүүлсэн байв. Коммунистууд 15 сая рубль зарцуулснаас 10 саяыг нь орон нутаг, дөрвөн саяыг нь аппаратдаа хэрэглэжээ. Коммунист намаас хөөгдсөн Геннадий Семигины Патриоты России (Оросын эх орончид) нам орон нутгийн сонгуульд өрсөлдөхдөө коммунистуудыг гүйцэхгүй ч тэднээс санхүүгийн хувьд илүү. Тэдэнд 41 сая рублийн хандив цугларсан байлаа. Эх орончид 38 саяыг орон нутгийн салбаруудад өгчээ. Явлинскийн Яблоко нам нэлээн чинээлэг. Дансанд нь байсан 12 сая рубль дээр 10 саяын хандив ирснээс тэд 11 саяыг зарцуулсны бараг тэн хагас нь хуулиар хориглоогүй зардал гэж зарлагджээ. СПС (Барууны хүчний холбоо) намд хоёр сая рублийн хандив өгсөн байв. Тэдэнд нийт 11 сая рубль байлаа.

В.Жириновскийн ЛДПР (Оросын либерал ардчилсан нам) зургаан сая рубльтэй байсан мөртлөө 22 саяыг зарцуулсан байна. Тэд хэвлэмэл сурталчилгаанд 13 саяыг зарцуулсан бол удирдах аппарат нь дөнгөж 200 мянган рублийн зардал гаргажээ. Төрийн Думын дэд дарга С.Бабурины Народная воля (Ард түмний эрмэлзэл) нам 22 сая рублийнхээ бараг бүгдийг нь заржээ. Түүнээс хамгийн их буюу 7,5 саяыг нь сонгуулийн бэлтгэлд зарцуулсан байлаа. Зургаан жижиг нам санхүүгийн тайлангаа гаргаагүй бөгөөд тэд Хууль зүйн яамны шалгалтаар намын гишүүдийн тооны босгыг хангаж чадаагүй учир татан буугдаж байна.

Ардын эрх сонин 228 /506/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button