Эрүүгийн цагдаагийнхан зургаан тэвш самар хураажээ

Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу хууль бусаар их хэмжээний самар хадгалж байсан этгээдүүд зургаан тэвшинд самраа ачаад хаа нэгтээ явах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн газрынхан үйлдэл дээр нь илрүүлэн уржигдар саатуулжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байсан нэр нь одоогоор тодорхойгүй байгаа компанийхан дээрх самрыг цуглуулсан байна. Ямартаа ч тэвшин дээрээ самар ачсан дөрвөн машин нь одоо Эрүүгийн цагдаагиин газрын хашаанд байна.

Энэ талаар Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч н.Төмөрбаатартай утсаар холбогдоход Бид дээрх самрыг хурааж хадгалах агуулах сав, ачиж зөөх хүн хүч, шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээгүй байна. Үүнийг шийдсэний дараа хураагдсан самрыг хүлээн авах болно гэсэн хариулт өглөө.
Эдгээр зургаан тэвш самар нь нийтдээ 30 гаруй тоннд хүрэх юм байна. Мөнгөн дүнгээр тооцвол ойролцоогоор зургаан сая төгрөгт хүрч магадгүй гэнэ.

Байгаль орчны сайдын гаргасан тушаалын дагуу 20 кг хүртэлх самрыг хувийн хэрэгцээнд хэрэглэж болно. Гэтэл дээрх тушаалын заалтыг ноцтой зөрчсөн энэ зөрчилд ямар арга хэмжээ авах бол гэж олон нийт анхаарлаа хандуулж байна.

Ардын эрх сонин 228 /506/
С.Цолмон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button