Парламентын ордныг хаана босгох вэ?

Парламентын ордныг хаана босгох вэ гэдэг асуудал ирэх оны төсвийн төсөлтэй зэрэгцэн эрхэм гишүүдийн дунд маргаан дэгдээгээд байна.
Шинэ Үндсэн хууль батлагдсанаар төрийн эрх мэдэл хуваарилагдаж, Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын ордныг шинээр барих шаардлага бий болсон гэж УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан хэллээ. Аюулгүй байдлын үүднээс төрийн өндөрлөгүүдийг тусгаарлах дэлхий нийтийн жишиг ч бий юм.
Парламент нь иргэдийн төлөөллийн байгууллагынхаа хувьд нээлттэй, ил тод, мөн аж ахуй санхүүгийн бие даасан, гүйцэтгэх засаглалаас хараат бус байх зэрэг нь өөрийн гэсэн ордонтой болох үндэс болжээ.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг парламентын ордныг хаана босговол зохимжтойг ярилцаад хэд, хэдэн хувилбар дээр санал хуваагдаад байгаа аж. Их тэнгэрийн ам, Буянт-Ухаагийн дэнж, Төрийн ордны арын цэцэрлэгт тэр ч байтугай Дархан хот, Хархоринд барих санал гарсан гэж дэд дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. Гэхдээ ажлын хэсэг Буянт-Ухаагийн дэнжид барих эсвэл Засгийн газарт даалгах хоёр хувилбарыг гишүүдэд санал болгов. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс Төрийн ордны арын цэцэрлэг барихыг дэмжиж байгаа аж.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
-Буянт-Ухааг яагаад сонгов. Парламентын ордон тусгаар болсон тохиолдолд чухам аль ордныг нь Төрийн ордон гэх вэ? Ерөнхийлөгч байгааг уу, төрийн эрх барих дээд байгууллага байгаагийнхаа хувьд парламентын ордныг уу?

Д.Лүндээжанцан
-УИХ төрийн эрх барих байгууллага гэдэг үүднээс парламент энэ ордондоо үлдэнэ гэвэл Засгийн газарт шинэ байрны асуудал гарч ирэх юм. Харин Кувейтийн тал зөвхөн парламентын ордныг санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Мэдээжээр Ерөнхийлөгч, парламент, засгийн газар салсан тохиолдолд Төрийн
ордны тухай хуульд өөрчлөлт орж таарна.

УИХ-ын гишүүн К.Сайраан
-Парламентад төрт ёсыг бэхжүүлнэ гэвэл ордон барих зайлшгүй шаардлагатай. Хэрвээ бид ирээдүйгээ харвал цогцолбор байдлаар барих учиртай. Буянт-Ухааг сонгосон нь ирээдүйгээ харсан хэрэг. Мөн хөгжлийн төвөөс өөр тийш чиглүүлэх гэсэн хэрэг. Парламентын ордон, гишүүдийн байр, номын сан гээд иж бүрнээр босгох нь зөв. Тэнд орон сууцны барилгууд босч дэд бүтэц хөгжиж 100 мянган хүн амьдрах хот босно. Харин 12 сая ам.доллар гэдэг бол зөвхөн эхлэл нь. Магадгүй жинхэнэ ордны тал мөнгө нь ч байж
болно.

УИХ-ын дарга Ц.Нямдорж
-Парламентын ордныг Улаанбаатарт барих нь гарцаагүй. Үндсэн хуульд төрийн төв байгууллагууд нийслэлд байрлана. Нийслэл нь Улаанбаатар гэж заасан байгаа. Их тэнгэр хавьд барьвал тохиромжтой. Зайсан хавьд аяллын тойрог харагдаад байгаа юм. Парламентын ордон баригдвал Ерөнхийлөгчин ордон, Засгийн газрын ордон гэж гурав салсан нэрээр томьёологдохыг үгүйсгэхгүй.

Гишүүн Ж.Гүррагчаа
-Хэвлэлийн үйлдвэрийн барилга нурах гэж байгаа юм биш үү. Тэнд барьж болохгүй юу?

Д.Лүндээжанцан
-Хэвлэлийн үйлдвэр хувьчлагдсан учир тэнд барина гэх нь хэцүү. Гишүүн С.Ламбаа
-Орднууд нь Сүхбаатарын талбайгаа тойрч байвал утга төгөлдөр. Хөшөөний урд талд хойш харуулан барьж болохгүй юу?

УИХ-ын дарга Ц.Нямдорж
-Хөшөөний урд байж болох юм. Гэхдээ өнөө, маргаашгүй бүгдийг барих ёстой биш шүү дээ. Дараа үеийнхэн номын сан, орон сууцыг барина биз. Бидний үед гол ордныг нь бариад өгчихвөл болох юм биш үү.

Гишүүн Д.Бат-Эрдэнэ
-Үнэгүйд нугасгүй гэдэг шиг буцалтгүй тусламжаар парламентын ордноо барьчихаад, бүх баялгаа гадныханд ухуулчихаад суух уу. Улсын төсвөөсөө 20 сая ам.доллар гаргаад парламентын ордноо барих боломж бий. Зэс, алтны үнэ өсч байна. Үнэндээ төрийн эрх барих байгууллага нь тусламжийн байранд сууна гэхээр миний хувьд эмзэглэж байна. Буцалтгүй тусламжийг өөр зүйлд зарахыг үгүйсгэхгүй.

Гишүүн К.Сайраан
-Улс гүрнүүд бие биедээ туслах нь тулгуур зарчим. Бид баян болсон хойноо аль нэгэн улсын ордонг барьж өгөхийг ч үгүйсгэхгүй. Үүнд эмзэглэх хэрэггүй.
Гишүүд ийн хэлэлцэв. Тэд чухам ирээдүйд хаана залрахаа яг, таг тохирсонгүй. Юутай ч парламентын ордон барих тогтоолын төслийг парламентаар хэлэлцэхээр болов.

Ардын эрх сонин 228 /506/
С.Мөнхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button