Баян-Овоод балаг нүүрлэжээ

Өнгөрсөн сарын 28-нд тус компани үйлдвэрийн тэсэлгээний бодисын үлдэгдэл болох амонит гэдэг бодисыг усаар саармагжуулж, устгал хийжээ. Ингэхдээ уг бодисыг ил газарт асгаснаас мал ууж, нэг айлын 64 ямаа үхсэн юм. Үүнтэй холбоотойгоор Үйлдвэр, худалдааны яамны дэд сайдын тушаал гарч, дээрх байдалтай танилцаж, шалгах ажлын хэсгийг байгуулсан байна. УМХГ, АМГТХЭГ, ҮХЯ-ны мэргэжилтнүүдээс бүрдсэн дээрх ажлын хэсэг энэ сарын 3-9-ний өдрүүдэд тухайн газарт очиж, шалгалт хийжээ. Шалгалтаар Цагаан цахир гоулд компани дээрх бодист хууль бусаар устгал хийсэн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга устгал хийх захирамж гаргаснаар орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт дор устгалыг хийх ёстой. Түүнчилэн дээрх байгууллагууд устгал хийх газрыг зааж өгсний дараа технологийн дагуу нүх ухаж хийх ёстой бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлт болон байгаль орчинг нөхөн сэргээх ажлыг хийх ёстой аж.

Гэтэл тус компани дээрх дүрэм журмаас нэгийг нь ч биелүүлсэнгүй. Тэр ч бүү хэл компанийн хятадууд өөрсдөө устгал хийх захирамжийг гарган аймгийн онцгой байдлын газраас ердөө нэг хүн аваачаад л хортой бодисоо задгай газарт зүгээр л асгачихаж. Их хэмжээний уусмал асгасан учир тухайн үед тэр нь бараг л гол горхи болчихсон юм байх. Түүнээс нь мал ууж үхсэн нь тэр. Гэтэл тус компанийнхан хордсон ямааны эзэнд мөнгө өгөөд үхсэн малыг тэр газарт нь булчихсан байна. Дээрх зөрчил нь уг компанид эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай шалтгаан. Тиймээс эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Зөвхөн энэ ч биш. Цагаан цахиур гоулд-д эрүү үүсгэн шалгах үндэслэл дахиад ч байгаа бололтой. Учир нь дээрх устгалыг хийх үед тус компанийнхан нэг тонн 800 кг амонит устгасан гэх боловч энэ нь нотлогдохгүй байгаа. Устгал хийхэд цуг байсан гэх онцгой байдлын мэргэжилтнээс энэ талаар асуухад мэдэхгүй, би тэнд байгаагүй гэж мэлзжээ. Мэргэжилтнүүд үүнийг шалгаж байгаа. Хэрвээ шалгалтаар устгасан бодис энэ хэмжээнд хүрэхгүй болох нь тогтоогдвол энэ бас л эрүүгийн гэмт хэрэг.

Учир нь дээрх бодисыг тус газарт гар аргаар алт олборлодог нинжа нарт зарсан байх магадлал өндөр гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард тус компанийн цоожтой агуулахаас 6-7 хайрцаг амонит алдагдсан ч одоо болтол эзэн нь илрээгүй бөгөөд цагдаагийнхан уг хэргийг эзэнгүй хэрэг гээд нэрлэчихсэн гэнэ. Энэ мэтээр ганцхан Цагаан цахиур гоулд компани хууль зөрчөөд байна уу гэвэл үгүй. Тус аймгийн Засаг дарга С.Зоригтбаатар өөрөө жинхэнэ холион бантангийн эзэн аж. Хууль бусаар алт олборлож буй нинжа энэ нутагт 1000 гаруй бий. С.Зоригтбаатар аймгийн ИТХ-аараа тогтоол гаргуулан алтны чулуу олборлодог жижиг компани байгуулсан байна. Цэцгээгийн тээрэм гэх тодотголтой Баянхонгорын газар гэдэг уг компани нинжа нарт 400 мянган төгрөгөөр тусгай зөвшөөрөл олгодог аж. Мөнгөн усаар алт угаадаггүй айл манай суманд бараг байхгүй шүү дээ гэж нинжа нар өөрсдөө хээв нэг ярьж сууна. Гэтэл мөнгөн ус хүний биед хичнээн хор хөнөөлтэйг тэд мэддэг л баймаар. Иргэд нь эрүүл мэндээ хохироож, дээрээс нь байгаль орчноо хордуулж буй энэ нутгийнханд анхаарч хяналтад оруулах цаг иржээ.

Зууны мэдээ сонин 279 /2415/
Х.Хулан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button