Салж болшгүй эх орон нь их зохиолчоо дурслаа

Энэ л намар түүний үхтэл орших төрөлх нутгиинхан нь дурсан, салж болшгүй орны ард түмэн нь хүндэтгэж буй. Их зохиолчийн 100 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээнүүдийн отгон нь болох их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөх өслол өнөөдөр боллоо. Ёслолд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Монголын зохиолчдын нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал Ц.Чилаажав, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Урианхай болон бусад утга зохиолын төлөөлөгчид оролцож орчин үеийн утга зохиолын гарамгай төлөөлөгчийг хүндэтгэлээ. П.Бадарч найрагч цагтаа энэ хөшөөний манаач байжээ. Яагаад манаач байсныг нь сонирхвол тэр үед хийх ажилгүй болоод л тэр гэнэ. Мөн утга зохиолын музейн өргөтгөлийн нээлт болж найрагчид их зохиолчийг дурсч хундага өргөцгөөлөө. Музей бүхэлдээ Д.Нацагдоржийн гэр юм. Хамгийн түрүүн түүний аав ээж хоёрын зураг олны нүдэнд туслаа.

Их зохиолчийн аав хөх даавуу дээл өмсч, тоорцог тавчихаж. Харин ээж нь шар дурдан дээлээр гоёжээ. Хажууд нь нэгэн ширээн дээр залуу Д.Нацагдорж үзгээ барьсан их л бодлогоширонгуй суусан зураг. Ширээн дээр ваартай цэцэг. Магадгүй тэрээр хожим Монголын уран зохиолын сод бүтээл болсон Миний нутаг-ийг тэрлэж суугаа ч юм билүү. Зурагны урд их зохиолчийн ширээ байх. Их л хуучирч, будаг нь халцарсан бор ширээ. Энэ өнөөх ваартай цэцэгтэй ширээ байх. Үүний зэргэлдээ их зохиолч гэргий Пагмадуламын хамт. Мөн Засгийн газрын нарийн бичгийн дарга Д.Нацагдорж. Түүний дэргэд Ерөө голын эрэгт үхэр тэрэгтэй 25 настай Д.Нацагдорж. Их зохиолч маань туг барьж, тугал ч хариулж явжээ. Музейн зүүн талд түүний эдэлж хэрэглэж байсан утас, цаг, лаа, сандал, малгай, хантааз байх. Харин музейн хойморт яруу найргийн оргил бүтээл төдийгүй үндэсний бахархал эх орноо танин мэдэхүйн нэвтэрхий толь болсон Миний нутаг шүлгийг ард түмэн үнэлж Зууны шилдэг яруу найраг-аар тодруулсан өргөмжлөлийг залжээ. Энэхүү өргөмжлөлийг Зууны мэдээ сонины уншигчид Миний нутаг-т өгчээ.
Хэнтий хангай саяны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ойн хөвчийн уулнууд…

Миний нутаг-ийн энэ мөрүүд монголчуудын цээжинд Суу билэгт, сод зохиолч Д.Нацагдорж шүлэг, жүжиг, дуурийн цомнол гээд уран зохиолын бүхий л хэлбэрээр нийт 180 орчим бүтээл туурвисныг эрдэмтэд судалжээ. Цаашид энэ музейд зохиолчдын гар бичмэл болоод цахим номын сан бий болгохоор төлөвлөжээ. Их зохиолчийн ойд зориулсан ажил музейн нээлтээр дуусч байгаа аж. Ойн хамгийн холын зочин Халимагийн найрагч байлаа. Д.Нацагдорж гэх энэ их хүний 100 жилийн ойд зориулан олон цуврал арга хэмжээ болсон билээ.

Өнгөрсөн даваа гарагт Төв аймгийн Зуун-Мод хотод Миний нутаг шүлгэнд зориулан боржигон чулуугаар босгосон дурсгалын хөшөөний нээлт болсон. Мөн Д.Нацагдоржийн Учиртай гурван толгой дуурь болон жүжгүүдийг тавьсан. Ойн хүрээнд монгол хэл уран зохиолын багш нарын дунд Их зохиолчийн амьдрал, уран бүтээл сэдвээр нээлттэй хичээл заах уралдаан зарлаж, шилдэг хүүхэд залуучуудыг шагнадаг Нацагдорж тэмдэгтэн шагналыг сэргээжээ. Мөн их зохиолчийн Бүрэн зохиол хэмээх гурван ботийг хэвлэж, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын Гучаад оны жавар зохиолоор хоёр ангит кино бүтээж байгаа аж. Уг кино ирэх оны эхээр бэлэн болно. Мөн их зохиолчийн хүй тасарч, хөлд тэнцэж, хөлд орсон нутаг Гүн Галуутайд түүний гэрийн буурин дээр болсон яруу найргийн наадам найрагчдын сэтгэлд хоногшсон гэнэ. Ийм л их зүйлийг бүтээж их зохиолчийг дурслаа.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд төрлөө Их зохиолчийн 100 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт дуурийн театрт боллоо. Энэ үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг үргэлжилсэн үгийн зохиолч Ц.Түмэнбаяр, хүүхдийн уран зохиолч Д.Оюунбадрах, Нацагдорж судлаач Л.Балдан, Цэрэндагва, Ч.Жачин, яруу найрагч Ц.Чимэддорж, Ц.Бавуудорж нарын долоон хүн хүртлээ. Шагналыг Монголын зохиолчдын нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал Ц.Чилаажав, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Батлан хамгаалахын сайд М.Сономпил нар гардуулав.

Зууны мэдээ сонин 279 /2415/
М.Ганцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button