Ч. Намсрай Хилийн хугацаат цэргээр биш мэргэшсэн хилчдээр хамгаалуулъя

-Улсын хил халдашгүй дархан байна гэсэн Үндсэн хуулийн заалт хэр хангагдаж байна вэ?

-Өнөөдөр хилийн цэрэгт алба хааж байгаа хүнээс ингэж асуувал хангагдаж байгаа гэх нь мэдээж. Тэгвэл миний хувьд тэр бур хангагдахгүй байгаа гэж хэлнэ. Яагаад вэ гэхээр хил хамгаалах албаныхны ажил тааруугаас хилийн элдэв зөрчил, будилаан тэр ч байтугай гэмт хэрэг гарсаар байна.
Хилчдийн хувийн болоод албаны сахилга ч муу байгаа юм. Ерөөс халдашгүй дархан байна гэдэг нь улсын хилийн хувьд метр бүрт нь ямар ч зөрчилгүй байхыг хэлнэ л дээ. Уул нь хил хамгаалах эрх зүйн үндэс зохицуулалт нь хангалттай бий.

-Монгол Улсын хил дээр гарсан зөрчилгүй тайван байна гэж хилчдийн өглөө бүр хийдэг рапортад итгэж болох уу?

-Манай улс хойд, урьд хоёр хөрштэйгөө хилээ албан ёсоор тохиролцож тогтоосноор газар нутгийн маргаан байдаггүй, алив асуудлыг шийдвэрлэхийн төлөө зэвсэгт мөргөлдөөний хэмҗээнд хүрэх байдал үгүй болсон цаг учир хилчдийн өдөр тутам хийдэг мэдээлэлд итгэж болох юм.
Харин өнөө үед цөөнгүй гарч байгаа хилийн зөрчлийн үйлдэгдэх арга хэрэгсэл нь урьдынхаас эрс өөрчлөгдсөн, түүнээс болж хил хамгаалагчид зөрчил гаргачдын өмнө зарим талаар хүчгүйдэх байдал нэлээд байх боллоо. Бас хилчид зөрчлийг таслан зогсоох оролдлогоо зөвхөн галт зэвсгийн хүчээр хийх гэснээс болж өөрсдөө буруутан, гэмт хэрэгтэн болчих тохиолдол байдаг.
Энэ нь угтаа хил хамгаалах байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь хилийн цагийн байдлын хөгжилтөөс хоцорч байгаагийн илрэл. Хилийн бүс нутаг эзэнгүйдэж байна шүү дээ.

-Хилчид хилээ хамгаалж л байгаа шүү дээ. Гэтэл та яагаад эзэнгүйдэж байна гэж байгаа юм бэ?

-Хилчингүй байна гэж байгаа юм биш. Хилийн бүс нутаг эзэмшилгүй байна гэж үзэж байгаагаа хэллээ. Хилийн зөвхөн хилчид биш ард олон хамгаалалцах учиртай юм л даа.
Улсын хилийн аль нэг хэсэгт очоод гадагш хар даа. Орос ч Хятад ч тэр хилийнхээ шугамд тулгаад тосгон, суурин барьчихсан, тариа ногооны талбай байгуулчихсан, малчид нь малаа адуулаад явж харагддаг. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжийн жирийн амьдралаар хилийнхээ дархан байдлыг баталгаажуулж байгаа хэрэг. Тэгвэл манайд тэс өөр, Хилийн бүс нутгийг эзэмшлээс бүрэн чөлөөлөхөөр хууль дүрэм гаргачихаад мөрдүүлж байна. Энэ нь туйлын буруу гэдэг нь бусдын жишээнээс, бас амьдралаас харагдаад байгаа юм.

-Таны ярианаас ургуулж бодоход Монголын дээхнэ үеийнхнээс тийм бодлого баримталдаг хүмуүс байсан санагдана. Тухайлбал To ван?

-Энэ тухай би яг хэлэх л гэж байлаа. Тэр хүн чинь Халхын гол орчмын хил хязгаарыг хамгаалах зорилгоор хэтийн бодолтой байж чадсан. Хилийн ойролцоо сүм, дугана бариулж, овоо тэмдэг босгох ажлыг хийлгэж байсан юм гэдэг. Тухайлбал Халхын голын цаад талд Шилийн худгийн, Буйр нуурын хоёр эрэгт Улаан ганга, Булан дэрсний овоонуудыг босгож Хулд уулын өвөртэцэг өвгөдийн шарил тавих онгоныг бий болгож байлаа. Ингээгүй бол тэр газрууд өнөөдөр Монголд данстай байж чадахгүй байсан ч юм бил үү. Наад зах нь гэхэд Буйр нуурын 10 биш 60-70 хувь өөр улсынх болчихсон байхад эргэлзэхээргүй л байсан санагддаг. Тэгэхээр хэцүү To ван гэдэг хүний эх оронч бодлого, үйл ажиллагааны гавъяа ойлгомжтой биз дээ.

-Та хилийн бүс нутгийг эзэнтэй болгоё л гээд байх юм. Тэгвэл хилийн тухай одоогийн хууль, дүрэмд өөрчлөлт оруулах хэрэг гарахнээ дээ?

-Тэгнэ. Хууль дүрмээ өөрчлөх хэрэгтэй. Тэгээд иргэдээ хил дагуу нутаглуулж тухайн газар нутгийг албан ёсоор эзэмшүүлэх нь зөв. Тэгвэл нэгэнт өөрийн эзэмшлийн газар нутгаа алдахгүйн төлөө, тэнд элдэв зөрчилгүй байлгахын төлөө тэр хүн чармайна биз дээ. Энэ байдал хилийн зөрчил гаргахгүй байлгахад нөлөөлнө. Хил тайван байх нөхцлийг бүрдүүлэх нэг алхам энэ болно гэж боддог.

-Хил хамгаалах ажил хилийн цагийн байдлын хөгжлөөс хоцорлоо гэж та дээр хэлэв дээ. Энэ чинь чухам юу гэсэн үг билээ?

-Хил хамгаалах үйлеэд мөрдөж буй дүрэм журам 1970, 1980-аад оны үеийнхээрээ байна. Түүнээс болж хил хамгаалах байгууллагын үндсэн бүрэлдэхүүн нь төсвийн цалинд шүтсэн төрийн жирийн албан хаагчдаас ялгагдахгүй бас хамгаалж байгаа хэсгээ өөрийн амьдралын үндэс гэж үздэггүйн зэрэгцээ хувьсах бүрэлдэхүүний чадамж нь урьдынхаас хэдэн арав дахин доройтсон, хил дээрх аливаа асуудлаар хэн ч хариуцлага хүлээдэггүй болж. Хариуцлага тооцох хэлбэр нь уруугаа харсан пирамид шиг гэж хэлж болох юм.

-За тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ?

-Юуны өмнө хил хамгаалах албанд төсөв хуваарилж байгаа механизмыг бүрэн өөрчилж хилийн хэсэг бүрийн норматив зардалтай болгох нь зөв юм шиг. Ингэвэл хилчид төсвөөс биш албаа хэр сайн хаав, тэр хэмжээгээрээ цалинжиж урам зориг нь цаашлаад хариуцлага өндөржих болно.
Нөгөө гэвэл улсын хилийг ганцхан жилийн хугацаатай цэргээр хамгаалуулдаг одоогийн системээс бүрэн татгалзаж, хил хамгаалах үндсэн бүрэлдэхүүнийг 100 хувь мэргэжлийн хилчдээс бүрдүүлэх шаардлагатай. Мэргэжлийн хилчин гэдгийг үлгэрлэж хэлбэл тусгай бэлтгэгдсэн, одоогийн 10 хилчний үүргийг ганцаараа гүйцэтгэж чадахуйц тийм хэмжээний бэлтгэлжилттэй хүн байх юм.
Дээрх саналыг хэрэгжүүлж чадвал хил хамгаалах албаны бүтэц өөрчлөгдөж удирдлагын төвлөрөл нь саарч одоогийн хил хамгаалах газрын орон тоо лав 30-40 хувь багасна.
Хариуцлагын нь тогтолцоо нь хил рүүгээ шилжинэ. Хил хамгаалах албанд эрс шинэчлэл хийе. Ийм л санал хэлэх гэсэн юм даа.

Зууны мэдээ сонин 279 /2415/
Д. Надмид

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button