Парламентын ордныг Буянт-Ухаад, Их тэнгэрт, эсвэл Төрийн ордны арын цэцэрлэгт барих бололтой

шийдвэрлэн, уг төслийг Кувейтийн хөгжлийн сангаар дамжуулан хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ асуудлаар хоёр тал харилцан гэрээ байгуулсан байна. Парламентын ордон барихтай холбогдуулан Монголын талаас техник, Тоног төхөөрөмж, материалыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх болон барилгын явцад үүссэн асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар төлөвлөж байгаа аж. Парламентын ордон барих асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан бөгөөд дээрх ажлын хэсгийн боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд дээрх ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан,-Парламентын ордон цогцолбор барих асуудлыг 2000 оноос хойш ярилцсаныг та бүхэн мэднэ. Ажлын хэсэг дээр парламентын шинэ ордны байршлын талаар нухацтай ярилцсан. Их тэнгэрийн ам, Төр хурхын ам, Төрийн ордны арын цэцэрлэг, хотын төвийн зарим барилгыг нүүлгээд тэнд нь парламентын ордон байгуулах талаар хэлэлцсэн. Зарим гишүүнээс парламентын ордонг Хархорин, Дарханд байгуулах санал ч ирсэн. Үндсэн хуульд төрийн төв дээд байгууллага нийслэлд байна гэж заасан учир Хархорин, Дарханд байгуулах боломжгүй болсон. Ажлын хэсэг хоёр хувилбартай ирлээ. Парламентын ордонг нийслэлийн Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа дэнжид байгуулах саналтай байгаа. Хоёр дахь хувилбар нь парламентын ордон байгуулах байршлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороотой зөвшилцөн шийдвэрлэхээр Засгийн газарт даалгах заалт оруулах. Парламентын ордныг Буянт-Ухаа дэнжид байгуулах ерөнхий төлөвлөгөө гарсан.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд парламентын ордныг Төрийн ордны хойд талын цэцэрлэгт байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Зураг төсөл нь ч хийгдсэн юм билээ. Бид энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Ирэх оны тавдугаар cap гэхэд санхүүжилт хийгдэж эхэлсэн байх учир цаг хугацаа давчуу байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх гэж танилцуулсан. Үүний дараа гишүүдийн асуулт, хариулт эхэлсэн.
Гишүүн Э.Бат-Үүл,-Парламентын ордныг яагаад Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа дэнжид байгуулахаар сонгож авсан юм бэ. Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Салаад явахаар Төрийн ордон гэж алийг нь нэрлэх юм бэ.

Засаглал хэнд шилжих вэ гэсэн яриа гараад байгаа энэ эгзэгтэй үед парламентын ордны байршил маш чухал. Шинэ ордныг Налайх дүүрэгт байгуулах тухай яриа байсан. Ажлын хэсгийнхэн энэ асуудлаар ярилцсан уу?
Гишүүн Д.Лүнээжанцан, -Парламентыг төрийн ордонд үлдээж Засгийн газрыг өөр газар байршуулбал яасан юм бэ гэсэн асуудал яригдсан. Гэхдээ Кувейтийн Засгийн газар 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг парламентын ордон байгуулахад зориулж олгожбайгаа. Налайх дүүрэгт байгуулах тухай ажлын хэсэгдээр яригдаагүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг дор байхад төрийн ордон гэж нэрлэгдэж байгаа. Салаад явахаар хуульд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй болох байх. Энэ асуудлыг жич зохицуулах байх.

УИХ-ын дарга Ц.Нямдорж,-Юуны түрүүнд К.Сайраан гишүүнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Шинэ парламентын ордны байршил нийслэлд байх нь тодорхой. Барилгын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх хэрэгтэй гэж нөгөө тал ярьж байгаа юм билээ. Парламентын ордныг Их тэнгэрийн аманд байгуулах санал байсан. Энэ бол их тохиромжтой хувилбар. Тэнд тэгш сайхан талбай бий, хэд хэдэн давуу талтай. Энэ газар ганц парламентын ордон биш гишүүдийн амьдрах байр, номын санг байгуулах боломжтой. Яармагийн дэнж арай холдоод байгаа. Парламентын ордноо бариад эхлэхээр Төрийн ордон гэдэг нэр ч өөрчлөгдөх байх. Өнөө маргаашийн аюулгүй байдлаа бодохоор бүгд нэг дор байх нь зөв юм ч шиг. Гэхдээ засаглалын салаа мөчрүүд нэг дор байх нь утгагүй.

12 сая ам.доллараар цогцолбор барина гэвэл дутах байх. Одоо барилга захиалгын товчоог бий болгон барилгын ажлыг богино хугацаанд хийх нь зүйтэй байх.
Гишүүн Ж.Гүррагчаа,-Санал болгож байгаа газарт байгуулах зураг төсөл байгаа юу. 12 сая ам.доллар хүрэхгүй бол хөрөнгийг хаанаас гаргах юм бэ. Төрийн ордны өмнө баригдаж байгаа цогцолборын ажил хэзээ дуусах вэ. Хэдэн төгрөгөөр босов. Нүүрэн талын шилэн ханан дээр нь XIII зууны үеийн Чингис хааны байгуулсан гүрний газрын зургийг зурж байгаа юм шиг байна. Энэ чинь зохистой юм уу. Бусад орны удирдагчид юу гэж ойлгох бол?

Гишүүн Д.Лүндээжанцан, -Парламентын ордныг байгуулах олон газрын талаар ярилцсан. Зарим газрыг буулгах, нүүлгэх талаар ярилцаад олон газрыг бужигнуулах нь зохисгүй юм гэж тогтсон. Сүхбаатарын талбайгтойрсон газруудын талаар хэлэлцээд хамгийн олон санал авсан нь ордны арын цэцэрлэг байсан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд, -Төрийн ордны өмнө талд баригдаж байгаа цогцолбор хоёр хэсэгтэй. Эзэн Чингис хааны дурсгалын цогцолбор, баганат галерейн хэсэг, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө байгаа. Эхний хэсгийг энэ сарын 26-ны Улс тунхагласны баярын өдөр ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа.

Баярын арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөг ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулна. Баганат галерейн шилэн ханан дээрх газрын зураг дэлхийн олон орны түүхийн сурах бичигт нийтлэгдсэн байдаг. Энэ байгууламжийг анх зураг төсөвгүй эхэлсэн. Барилгын гол ажил өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн байгаа. Дэлхийн аль ч оронд ийм хэмжээний барилгыг найм, есхөн сарын хугацаанд барьсан түүх байдаггүй юм билээ. Үндсэн зураг төсөв нь наймдугаар сард батлагдсан. Тэр зураг төсвөөр 17.8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.

Энэ онд 10.8 тэрбумыг баталсан. Одоо үлдэгдэл хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэн ажлаа зогсоолгүй явж байгаа. Гишүүн Д.Бат-Эрдэнэ, -Манайхан үнэгүй юманд нугасгүй гэдэг сэтгэлгээнээсээ хэзээ салах юм бэ. Парламентын байраа буцалтгүй тусламжаар бариулаад, алт баялгаа гадаадынханд ухуулаад яваад байх уу. Төсвөөс 20 сая ам.доллар гаргаад парламентын ордноо барих боломж байгаа шүү дээ. Ингэж болохгүй юу?

Гишүүн Д.Лүндээжанцан, -Парламентын ордон байгуулах эх үүсвэрийг олон жил хайсан. Үүнийг нуугаад байх шаардлагагүй. Кувейтийн Засгийн газраас Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан парламентын ордон байгуул гээд мөнгө өгч байхад авахгүй гээд сууж байх уу. Эвгүй шүү дээ. Энэ талаар ажлын хэсэг дээр нухацтай ярилцсан. Монголын талаас шаардагдах хөрөнгийн асуудлыг шийднэ. Дан ганц Кувейт биш Монголын талын оролцоо байх болно.

Гишүүн Д.Одхүү, -Парламентын ордныг Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа дэнжид байгуулах тухай ярьж байна. Тэнд нисэх буудал байгаа гэж тооцоолсон уу. Эсвэл Хөшигтийн хөндий рүү нүүсэн байна гэж тооцсон юм уу?
Гишүүн Д.Лүндээжанцан, -Онгоцны буудлаас нэлээд зайтай. Энэ хувилбарыг санал болгохдоо давуу, бас сөрөг талыг ярилцсан. Мэргэжлийн хүмүүсээс ч саналыг нь сонссон.

Гишүүн С.Ламбаа, -Парламентын ордон ард түмний дунд байх хэрэгтэй гэж ярьж байгаа. Парламентыг Төрийн ордонд үлдээгээд Засгийн газрын ордон байгуулах арга байхгүй юу. Ордон Сүхбаатарын талбайг тойрч байрлавал дээр байх. Сүхбаатарын хөшөөний урд одоогийн төрийн ордон уруу харуулан барьж болохгүй юу. Ордны арын цэцэрлэг рүү ормооргүй байна. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн ярьж байгаагаар парламентын ордны дэргэд УИХ-ын гишүүдийн амьдрах байр, номын сан гээд нэлээд том байгууламж барих хэрэгтэй болох юм шиг байна. Ингэхээр тэр мөнгө хүрэх юм уу?

Гишүүн К.Сайраан, -Ирээдүйгээ харвал цогцолбор барих хэрэгтэй байх. 12 сая ам.доллар гэдэг бол зөвхөн эхлэл. Засгийн газрын ордон тусад нь барина гэвэл бидэнд мөнгө олох боломж бий. 12 сая гэж харалгүй өргөн сэтгэж, цаадахаа харж шийдмээр байна. Цогцолбор барина гэвэл хотын төвд газрын боломж байхгүй. Ногоон байгууламжийг устган байшин барих асуудлыг гишүүд дэмжихгүй байх гэж бодож байна. Одоо бид хаана барихаа сайн тохиролцож ойлголцож байж нэгдсэн хуралдаанд асуудлаа оруулах нь зүйтэй байх. Гишүүн Л.Гүндалай, -Монголд энэ мөнгөөр парламентын ордон заавал барих хэрэгтэй юм уу. Бид тийм баян улс билүү. Үүний оронд баруун бүсийн оношилгооны төв барих хэрэгтэй байх.

Гишүүн К.Сайраан, -Би танд энэ тухай 10 гаруй удаа тайлбарлалаа. Энэ мөнгийг парламентын ордон байгуулахад зориулж олгосон. Баруун бүсийн оношилгооны төв байгуулах төслөө гаргаад ир. Би хөрөнгө мөнгөний асуудлыг хөөцөлдөө гэж хэлсэн биз дээ. Ингэж улс төржүүлэх хэрэггүй шүү дээ гэв. Гишүүд ийнхүү хэлэлцсэний эцэст дээрх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж тогтсон. Парламентын ордонг хаана байгуулах асуудлыг хэлэлцүүлгийн явцад тогтохоор боллоо.

(Монголын мэдээ 230/2006)
Г.Бурмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button