Н.Батбаяр 100 саяыг яаж зарцуулсан нь шадар сайд дээр тодорхой байгаа

Тэрбээр сүүлийн үед намынхаа зөвлөлд маш идэвхтэй ажиллаж байгаа нэгэн. Хүүхдийн мөнгийг өгөх бололцоо байгааг харуулах тооцоог маш сайн хийсэн гэсэн үнэлгээг түүнд намын нөхөд нь өгөөд байгаа гэсэн.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилгоо, Монголросцветмет компанийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байлаа. Гэтэл АН завсарлага авсан гэсэн шалтгаанаар хойшлууллаа.
Танай намыг завсарлага авах нэрийдлээр төрийн ажлыг уяж байна гэсэн шүүмжлэлийг гишүүд хэлж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай намынхан уг асуудлаар зөвлөл дээрээ ярилцаагүй учраас завсарлага авсан. Тэгээд ч Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилохгүй долоо хонолоо гээд төрийн ажил хэцүүдэх зүйл биш шүү дээ.

-Гэхдээ хуваарь гарсан байхад хэлэлцчихэж болоогүй юм уу?
-Биднийг сэтгүүлчид хамгийн сайн харж байгаа. Өдөр шөнөгүй хуралдаж байна. Нэг биеэ хэд хуваах вэ дээ.

-250 сая төгрөгийг гишүүд тойрогтоо захиран зарцуулахаар нэгдсэн чуулганаар дэмжсэнийг эсэргүүцэж байгаа хүн олон байна. Таны хувьд үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Намаасаа болон хувийн мөрийн хөтөлбөр гаргаж сонгогдсон хүмүүс, энэ гишүүд гэдэг чинь бидний хөтөлбөрийг хэрэгжээсэй, биелээсэй гэж сонгогчид сонгосон. Тухайлбал миний хувьд хот айл бүр худагтай, гэрэлтэй утастай гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Амлалт өгөөд түүнийгээ биелүүлэх үүрэгтэй гэж бас хэлж болно. Гэтэл биднийг амлалтаа биелүүлэх гэж улайраад байна гэх юм. Тойрогтоо хөрөнгө оруулмаар байна шүү дээ. Орон нутаг ямар байгааг хүмүүс мэдэхгүй байна. Тэнд яагаад нэг сургуулийг засч болдоггүй юм бэ.

-Үүнийг эсэргүүцэж байгаа гишүүд хэлэхдээ, одоо байгаа гишүүдэд дахин сонгогдох давуу боломжийг олгож байна гээд байгаа шүү дээ.
-Ард түмний даалгаврыг биелүүлэх л гэж байгаа. Түүнээс биш үүгээр сонгуулийн сурталчилгаагаа хийх гэсэн юм байхгүй. Хардаад байх юм бол зүгээр суугаад байж болно шүү дээ. Хэн шүүмжлүүлдэггүй вэ. Юм хийхгүй байгаа хүн. Бид юм хийх ёстой. Тэр үр ашигтайг нь иргэд ч хүртэж байгаа.

-Засгийн газраас анх аймаг бүрт 500 сая төгрөг гэж Эдийн засгийн байнгын хороонд оруулж ирсэн. Тэр хэвээр нь байлгаж яагаад болоогүй юм бэ?
-Аймаг бүрт 500 сая гэхээр хөрөнгө оруулалт харьцангуй болох юм. Жишээ нь Дарханд хэдэн төгрөг хэрэгтэй вэ, Увс аймагт тэгвэл огт өөр хэмжээтэй байх жишээтэй. Говьсүмбэрийг Хөвсгөлтэй харьцуул. Увсад 100 сая төгрөг хэрэгтэй.

-100 сая төгрөгөө юунд зарцуулсан бэ. Телевизийн сувгийн хөрөнгө оруулалтаас гадна?
-Бүх гишүүдийн 100 саяас телевизийн суваг нээхээр авсан байгаа. Ер нь 100 сая төгрөг яаж зарцуулагдсан гэдэг нь Шадар сайдад тодорхой байгаа. Саяхан Төсвийн зарлагын хяналтын дэд хороо үүнийг хянасан.

(Өнөөдрийн монгол 230/395)
С.Сосор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button