Өрөөсөн бөөрөө зарж баяжаад ээжтэйгээ цуг амьдрахсан

Бодвол хэн нэгэн дагуулаад гадагшаа гарчихсан байх. Аягүй бол хүүхэд худалдаж авдаг хүмүүст зарсан байх

Ийм яриа үе үе сонсогддог. Тэр бүү хэл үяэний ортой ч хэмээн ярьж, бичих болсоор нэлээд удсан. Харин энэ яриа үнэний ортой эсэх, үнэхээр хүүхдүүдийг хил давуулан худалдаалж,. элэг бөөрийг нь зардаг юм болов уу гэсэн асуултад хариулт авахаар Хүний эрхийн үндэсний төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газарт очсон юм. Харамсалтай нь тэд яг л хэлэлцэж тохирсон юм шиг надад нэг л хариулт өгсөн нь ийм асуудал манайд байхгүй гэлээ. Үнэхээр хүүхдийн эд эрхтэнг өндөр үнээр худалдан авдаг байсан бол юу гэж хотын гудамжаар дүүрэн тэнэмэл хүүхэд байх юм.

Ийм зүйл асуугаад явж байдаг ухаан чинь эрүүл байна уу гэх зэргээр зарим нь бүр хөөж байсан. Ингээд хүүхэд хил давуулан худалдаалах, тэдний эд эрхтэнг наймаалдаг, худалддаг дээрэмчдийг илрүүлэх гэсэн оролдлого маань бүтэлгүй болов. Гэхдээ би ингэлээ гээд халширсангүй. Тэдгээр эрх мэдэлтнүүдэд өөр маягаар асуултаа тавьсан юм. Ингэснээр нэгэн үе шороо шиг олон байсан траншейгээр овоглосон бяцхан хүүхдүүд хаашаа алга болсон талаар бага сага зүйл мэдэв. Тэдний хэлснээр хэдэн .жилийн өмнө трашейны амьдрал сонгон гэрээсээ зугтаж байсан 3-5 настнууд одоо эрийн цээнд хүрсэн гэнэ.

Нөгөө талаар эдгээр хүүхдүүд туршлагажиж, хэд гурваараа хамтран амьдрах болсон. Мөн зарим хүүхдүүдийг нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагууд үрчлэн авч, ажил хийлгэж, амьдрах аргад суралцуулж, гадаадад хүртэл сургуульд явуулдаг гэсэн. Тэгэхлээр тэдгээр хүүхдүүдийг ингэж хардах учир дутагдалтай л юм шиг. Гэвч ийм л нэг хардалт сэтгэлд үлдчихсэн. Хариултыг нь удаан хайн олон газраас эрсэн. Таны яриад байгаа чинь оргүй ч зүйл биш. Гэхдээ ингэж хэллээ гээд хүмүүст, иргэдэд, нийгэмд айдас өгчихгүй байгаа хэмээн хашир нь дэндсэн нэгэн хүүхдийн байцаагч хэлсэн. Тэрбээр бараг 10 гаруй жил хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх ажилд зүтгэж байгаа гэнэ.

Харин дөнгөж ажлынхаа гарааг эхэлж байхад шороон түмээрээ хотын гудамжаар дүүрэн байсан танк-ны хүүхдүүд гэнэт мэдэгдэм цөөрсөн нь албаны хүмүүсийн анхаарлаас гадуур өнгөрөөгүй гэнэ. Ингээд маш нууцхан холбогдох газраас тушаал авсны дагуу хоёр жил гаруйн хугацаанд хот, хөдөө, гадаад руу /Бээжин, Макао, Сингапур/ явж судалгаа хийсэн юм байх. Түүний бүтэн хоёр жилийн хөдөлмөр талаар өнгөрөөгүй. Тэр бүү хэл зарим нэг дарга нарын тушаалаар маш нууц автортайгаар хадгалагдсан судалгаанд сонирхол татах баримт багагүй байгаа талаар ч ам алдсан. Гэхдээ тэрхүү судалгааг эзэн нь өөрөө ч хаана байгааг сайн мэдэхгүй гэсэн нь гайхалтай санагдсан ч дараагийн асуултаа түүнд тавьсан маань, гадаадад үрчлэгдсэн гэх монгол хүүхдүүдийг ихэнхдээ эмгэнэлтэй хувь заяа тосдог талаар хэвлэл мэдээллээр их бичиж, ярьдаг.

Энэ хэр үнэний ортой вэ гэсэн асуулт байсан. Тэрбээр энэ оргүй яриа биш. Гэхдээ ихэнх гэж болохгүй ч цөөнгүй хүүхэд гэр бүлийн дарамтад, бусдын халдлагад өртдөг. Харин ийм тохиолдолд хүүхдүүд хохирогч болоод л өнгөрдөг. Үүгээр ч барахгүй шинэ гэр бүлийнхээ дарамтыг тэсвэрлэж чадаагүй хүү амиа хорлосон тохиолдол гарсан ч гэрч байхгүйн улмаас тэгсгээд өнгөрсөн удаа ч бий. Тиймээс монголчууд маань хэчнээн ядарсан ч үр хүүхдээ занг нь мэдэхгүй гадаадынханд үрчлүүлэхгүй байхыг сануулж байсан. Хэлдэг л үг. Өнгөрсөн жилийн намар 10 гаруй насны монгол хүүгийн зэрэмдэглүүлсэн цогцос манай урд хөршийн Эрээн хотоос олдсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж багагүй шуугиан тарьсан.

Бусдад зэрэмдэглүүлсэн цогцсыг өөрийн хүүгийнх. Түүнийг Эрээн рүү наймаа хийхдээ дагуулж яваад сураггүй алдчихсан гэх нэгэн эмэгтэйн сураг гарч хэвлэлийнхнийг арай л цагдаа болгочихоогүй. Мөн 8-11 настай монгол хөвгүүдийг хятадад дагуулж аваачаад төөрүүлж орхисон хэрэг ч гарч байсныг эрхэм уншигчид маань сайн санаж байгаа байх. Харамсалтай нь эдгээр хэргүүд тэгсгээд дарагдаж нам жим болсон. Уг хэргийн талаар бичсэн сэтгүүлчийг цагдаагаас үнэн худал нь тогтоогдоогүй зүйл бичиж нийгэмд айдас төрүүллээ хэмээн хатуу анхааруулсан сураг дуулдав. Юу л болоод байна даа. Оргүй зүйлийг хэн ч бичихгүй, бас хардахгүй.. Тэгэхлээр нийгэмд айдас ч гэдэг юм уу, бусдыг хүндэтгэж байна гээд чимээгүй байхаар аливаа нэг зүйлийг сануулж, сэрэмжлүүлж байснаар муу зүйл болохгүй л баймаар.

Өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн нутаг X хорооллын замын дэргэдэх траншейнд амьдардаг гурван хүүтэй уулзсан юм. Тэд өөрсдийгөө Бака, Тоогий, хэмээн дуудаж байсан бөгөөд жинхэнэ нэрээ мэдэхгүй хэмээсэн. Харин өөрийгөө тэднийхээ ахлагч нь гэж танилцуулсан Бака, манай аав сайн хүн биш байсан ч төрсөн нэрээ траншейтэй хутгаад яах юм гээд өөртөө шинэ нэр өгсөн хэмээн тайлбарласан. Анх хараад 12, 13 настай л байх гэж таамаглаж байсан ч одоо л 9, 10 нас хүрэх гэж байгаа гэсэн. Харин тэднийхээ дэргэд чимээгүйхэн сууж байсан /тэр нэргүй гээд нэрээ хэлээгүй юм/ хүү, манайх ядуу, идэх хоолгүй, дээр нь ах архичин. Ээжийг архи олж ирэхгүй бол ирээд хэрэггүй гээд гэрээсээ хөөж, дүү бид хоёрыг байнга зоддог байсан. Тэгээд л нэг өдөр дүүтэйгээ гэрээсээ оргочихсон. Харин дүүг маань цагдаагийнхан бариад аччихсан. Цагдаагийнхан ачсан хүүхдүүдээ асрамжийн газар өгдөг гэсэн. Тэрийг нь хаана байдгийг нь мэдэхгүй болохоор энд тэнд явахдаа дүүгээ хараад л явдаг юм.

Аягүй бол оргоод гараад ирж магадгүй. Тэгвэл тааралдах байх гэж бодоод л хараад явдаг юм хэмээн яриад санаа алдсан. Харин та нар шиг хүүхдүүдийг гадаадынхан хооллож ундалдаг биз дээ .Та нарыг авч явья, үрчилж авья гэх хүн тааралдаж байсан уу гэхэд, Биднийг яг үрчилж авья энэ тэр гэх хүн байгаагүй. Харин саяхан бидний хам нэг бандийг гадаадын хүн үрчилж авсан. Тэр бүр лам болгоно гэсэн гээд бидэнтэй уулзаад явсан. Тэр ч баян айлын хүүхэд болсон байх аа хэмээн тэд хуучилснаар бидний яриа дууссан. Тэднээс салаад явах гэж байтал нэргүй хүүгийн, эгчээ сүүлийн үед бидэн шиг хүүхдүүдийг гадаадынхан их сонирхдог болсон гэнэлээ. Болдлг бол тэднийг олж уулзахсан. Үнэхээр тэр хүмүүс хүүхдийн бөөр авдаг бол өрөөсөн бөөрөө зарчихаад их мөнгөтэй болоод гэртээ л очмоор байна. Тэгвэл архичин ахаа гэрээсээ хөөчихөөд ээж дүүтэйгээ хамт амьдрахгүй юу гээд санаа алдсан нь одоо ч гэсэн нүдэнд харагдсаар л

(Өнөөдрийн монгол 225/395)
Х.Санаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button