Ямар эм хэрэглэж болохгүйг эмч нар ч мэддэггүй

Тэр ч бүү хэл ойрын хэдэн жил төрөөгүй арслан, аварга хүртэл төрсөн нь наадамчин олныг баярлуулсан. Гэтэл наадмын дараа нөгөө л допинг гэгдэх хэцүү нэр дуулдах болж, өнөө хэр түүний дуулиан шуугиан тасраагүй байна. Өнгөрсөн жил далай аварга А.Сүхбат, заан Ц.Мягмарсүрэн, харцага Г.Ганхуяг, начин Ду.Батбаяр нарын бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон ч, бэртэл өвдөөд байхаар нь эм хэрэглэсэн юм. Үнэн хүчээрээ явсан биднийг зориудаар нэр төрийг маань гутаахыг оролдлоо гээд гүрийгээд өнгөрсөн. Тэдэнд ямар ч хуулийн хариуцлага хүлээлгээгүй.

Энэ бүхэн нь жилээс жилд даамжирснаас тамирчдын эрүүл мэндийг хамгаалдаг сэргээшийн шинжилгээний дүнг үнэгүйдүүлж байна гэж үзэхээс өөр аргагүй. Харин энэ жилийн хувьд далай аварга А.Сүхбат, харцага Г.Элбэг нар допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан тул Үндэсний их баяр наадмын хуулиар допинг хэрэглэсэнд тооцож, тэдэнд шинээр олгосон чимгийг нь хураахаар болжээ. Мөн улсын заан Д.Рагчаагийн заан цол, улсын начин Г.Эрхэмбаярын чимгийг нь ч хураах болсон. Тэд хүнд бэртэл авч эмчлүүлэхдээ хэрэглэсэн эм тарианаас болсон юм уу гэхээс зориуд хүч тамир оруулж цол авахын төлөө эрүүл мэндээ золиослоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа.

Энэ нь ч нэг талаар үнэн юм шиг. Допинг гэдэг нь ярвигтай асуудал гэж Бөхийн холбооны мэргэжилтнүүдийн ярьдаг шиг наад зах нь төмсгийг нь хатингаршуулж, шээс ойр ойрхон хүргэж түрүү булчирхай томорч, улмаар үргүй болгох үр дагавартай. Тиймээс тэд насан туршийн амьдралдаа хар толбо суулгахыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ дээрх бөхчүүд сэргээш хэрэглэсэн гэж шинжилгээгээр тогтоогдоод байгаа ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэж ярьж байна. Ингээд өсөх идэр начин Г.Эрхэмбаяр энэ талаар ямар бодолтой байгааг нь сонирхсон юм.

-Та допингийн төрлийн ямар эм бэлдмэл байдгийг мэдэх вэ?
-Үнэнийг хэлэхэд бид нар допингийн төрөлд ордог ямар ямар эм тариа байдгийг мэдэхгүй. Наадмын урьд орой бүртгэхэд бүртгэлийн журам дээр баахан эмийн жагсаалт буюу бодисынх нь нэр байдаг болохоос биш яг энэ эм допингийн төрөлд ордог гэж тодорхой заагаагүй. Бид байтугай эмч нар ч төдийлөн мэддэггүй. Бүр нарийн мэргэжлийн эмч ч хомс байдаг юм билээ. Жишээ нь, толгой өвдлөө гээд өвчин намдаах эм уухад допинг хэрэглэсэн гээд гарчихдаг. Тийм учраас бид аль болох эмнээс хол байх юмсан гэж боддог ч үүнээс айгаад эмчлүүлэхгүй яваад байлтай биш. Бидэнд барилдахаас илүү эрүүл мэнд хэрэгтэй. Ажиглаад байхад бэртэж гэмтсэн бөхчүүд л энэ ярианд орооцолдоод байгаа юм биш үү.

-Монголын Үндэсний бөхийн холбооноос гурван сарын хугацаанд нэр заасан эмүүдийг хэрэглэж болохгүй гэж жагсаалт гаргаад бөхчүүдээр гарын үсэг зуруулдаг гэж сонссон юм байна?
-Албан ёсоор зарлаж, сургалт сурталчилгаа явуулаагүй. Би л лав орж сууснаа санахгүй байна. Бусад бөхчүүдийг ч тийм сургалтад суусан гэж сонсоогүй. Мэдээж хэрэг ийм ажил зохион байгуулсан бол миний хувьд хамрагдаж л таараа. Цаашдаа бөхчүүд барилдаж амжилт гаргах нь тодорхой. Түүний хажуугаар бэртэл авна. Иймд спортын байгууллага болоод Бөхийн холбог бидэнд энэ талаар анхааруулж, уялдаа холбоотой ажилладаг бол ийм байдал удаа дараа гарахгүй байх гэж бодож байна.

-Таны хувьд нэлээд хүнд бэртэлтэй байсан болохоор тухайн үед хэрэглэсэн эм тарианаасаа л болсон гэж хэлэх гээд байна уу?
-Би өнгөрсөн оны өдийд бэлтгэл хийж байгаад өвдөгнийхөө дотор талын шөрмөсийг сунгаад зөөлөн эдийн гэмтэл авч гурван cap босолгүй гипстэй хэвтсэн. Энэ хугацаанд янз бүрийн эрчимт эмчилгээ хятад, энэтхэг эм ууж, Хөх хот руу явж эмчлүүлж ирээд төрийн соёрхолт Баттөмөр эмчээр эмчлүүлсэн. Одоо ч тэр бэртэл маань бүрэн эдгээгүй эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Тийм болохоор энэ үед хэрэглэсэн эм тарианаас илэрсэн байхыг үгүйсгэхгүй. Харин зориудаар хэрэглэсэн зүйл баихгүй.

-Тэгэхлээр таныг шинжилгээний хариунд итгэхгүй байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Хуулийн байгууллага энэ асуудлыг даруй үнэн зөвийг нь шийдэж өгнө гэдэгт найдаж сууна. Мөн бэртэлтэй байсныг нь мэдсэн хэрнээ удирдах зөвлөлөөс ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна.

-Хуулиар бол яг хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авч, тухайлбал таны чимгийг хураана гэж байгаа. Энэ талаар?
-Би эрүүл саруул байж хоёр хөл дээрээ хурдан босохын тулд хүмүүсийн аль сайн гэсэн эм тариаг хэрэглэж 800 жилийнхээ ойд сайн барилдчих юмсан гэсэндээ таяг тулж, хүнээр үүрүүлж очоод бэлтгэлээ хийдэг байлаа. Тэгээд энэ их сэтгэлийн хат хөдөлмөрийнхөө үр дүнд цолоо батлаад, сэтгэл санаа сайхан явж байхад иймэрхүү асуудалд орооцолдсондоо сэтгэл дундуур байна.

-Таны багш Г.Элбэг харцага. Мэдээж багш шавь хоёр зэрэг ийм асуудалд ороодолдсондоо таагүй л байгаа байлгүй. Энэ талаар багштайгаа уулзаж ярьсан уу?
-Бид хоёр нэг их дотночлон уулзаад энэ талаар ярьсан юм байхгүй. Тэгээд ч багш маань ойрын өдрүүдэд Бээжин рүү ажлаар явчихсан байгаа. Анх намайг бөхийн ертөнцөд өлгийдөж авсан багшийнхаа талаар сайн үг сонссон олон өдрүүд байсан ч сүүлийн үед ийм таагүй ярианд миний нэгэн адил орчихсонд харамсаж байна. Гэхдээ багш маань олон жил заан болчих юмсан гэж бодож явсан чин хүсэл мөрөөдөлтэй явсан. Тиймээс өнгөрсөн жилийн наадмаар тэр мөрөөдөлдөө хүрчих юмсан гэж зорьж яваад долоогийн даваанд өвдөг шороодсондоо дотроо харамсч л байгаа байх.

(Өнөөдрийн монгол 225/395)
Д.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button