Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой Оросын компаниудыг дэмжихийг хүсчээ

Ноён А.Гордеевийн мэдэгдсэнээр Монголд хийсэн богино хугацааны айлчлалын үеэр ирэх сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийх айлчлалын тухай, мөн ОХУ-ын компаниудын Монголд хэрэгжүүлэх гэж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцжээ. Ноён А.Гордеев Монгол Улсын Ерөннхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд нартай уулзан Монгол-Оросын хамтарсан үйлдвэр, компаниудын цаашдын үйл ажиллагааны талаар голчлон ярилцжээ. Тухайлбал, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, мөн Монголросцветмет компаниудын талаар ярилцсан байна. Үүнээс гадна ОХУ-ын зарим нэг компанийн, тухайлбал, Базовый элемент, Северсталь, Реновы зэрэг компанийн Монголын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтын талаар илүү дэлгэрэнгүй ярьсан гэж А.Гордеев мэдэгдсэн байна.

Өмнө мэдээлж байсанчлан эдгээр компани Монголын Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулан хамтран ажиллах сонирхолтой байгаа билээ. Манай компаниудын эрх ашгийг ОХУ-ын Засгийн газрын эрх ашиг гэж үзэн дэмжлэг үзүүлэхийг Монголын Засгийн газраас хүссэн. Бид эдгээр компанитай хамтран ажиллах сонирхолтой байгаа, энэ нь ч манай улсын геополитикийн бодлогод нийцэж байгаа гэж А.Гордеев ярьжээ. Оросын дипломат албаны эх сурвалжаар ОХУ ойрын үед Монголд хийх хөрөнгө оруулалтынхаа хэмжээг гурван тэрбум ам.долларт хүргэх бодолтой байгаа аж.

Хөрөнгө оруулалтын асуудлаас гадна урьдын уламжлалт найрсаг харилцаа сэргээх талаар ч энэ айлчлалын үеэр ярьсан байна. Тухайлбал, Монголын дунд сургуулиудад 1990 оноос өмнөх үе шиг орос хэлийг заах тухай ярьжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д хийх айлчлалаа шууд Москвагаас эхлэхгүй юм байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр эхлээд ОХУ-ын Буриад улсад зочилж, дараа нь Новосибирск муж болон Халимагт зочилсны дараа Москвад буух ажээ.

Ардын эрх сонин 229 /507/
А.Ангар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button