Төрийн тэргүүний айлчлалд найдлага тавьж байна

гадаадын улс орны томоохон хэмжээний айлчлал болон Монголын төрийн өндөр албан тушаалтны бусад улс оронд хийж байгаа айлчлалын үеэр нэг асуудал зайлшгүй хөндөгддөг болсон нь ашигт малтмал, уул уурхайтай холбоотой юм. Нэн ялангуяа нөөц нь тогтоогдчихсон томоохон орд газруудыг гадаадын улс орнууд ашиглах сонирхлоо байнга илэрхийлж байгаа билээ. Үүнээс ч хойд хөршийнхөн маань дутаагүй байгаа. Өмнөговь аймгийн нутаг дахь Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах сонирхолтой байгаагаа оросууд янз бүрийн төвшинд нэг бус удаа илэрхийлээд байгаа. Мэдээж, энэ асуудал Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлалын үеэр яригдах нь ойлгомжтой гэж олон хүн үзэж байна.

Үүнээс гадна ашигт малтмал, уул уурхайн салбартай холбоотой нэгэн асуудлыг энэ айлчлалын үеэр хөндөн ярилцах юм. 1990 оноос өмнө Монгол орны ашигт малтмалын геологи хайгуулын бараг бүх ажил оросуудын тусламжтайгаар, зарим үед оросууд дангаар гүйцэтгэж байсан. Тухайн үедээ Монголын төрөөс чамгүй хэмжээний хөрөнгө заран хийж байсан эдгээр геологи хайгуулын ажлын дүнг илтгэсэн баримт бичгүүд харамсалтай нь одоо манай улсад байдаггүй юм байна. Уг нь манай улсын архивт хадгалагдаж байх учиртай эдгээр баримт бичгүүд тухайн үедээ ах дүүгийн найрамдлын нэрээр хойд хөрш рүү гарсан, одоо хаана хадгалагддаг талаар бидэнд мэдээлэл хомс байдаг аж. Мөн тухайн үед Геологийн сайд нь мэдээгүй байхад улсын нэгдүгээр хүнтэй тохиролцсоны дагуу хийгдсэн геологийн хайгуулын судалгаанууд ч байдаг.

1990 оноос өмнө Монголын газар нутагт хийгдсэн геологийн судалгаа шинжилгээний ажлын багахан материал л Монголын архивт үлдсэн талаар энэ чиглэлийн зарим эрдэмтэд ярьдаг.
Нөөц нь тогтоогдсон гэх тийм ч ашигт малтмалын орд газар хэмээн бид хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг олгосоор байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ манай орны газрын доорх баялгийг биднээс илүү хойд хөршийнхөн маань мэдэх магадлалтай юм байна. Монгол-Оросын геологийн салбарын хамтын ажиллагааны эхлэл аль 1931 онд тавигдсан гээд бодохоор орос геологичдын архивт ямархуу их материал бий нь ойлгомжтой.
Тийм учраас салбарын яамны зүгээс 1990 оноос өмнө Монголын газар нутагт оросуудын оролцоотой хийгдсэн геологийн хайгуул шинжилгээний ажлын материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монголын талд шилжүүлэн өгөх хүсэлтийг албан ёсоор тавьсан юм байна.

Оросуудын зүгээс хүссэн бүхнийг чинь үзүүлье гэсэн ч хамгийн харамсалтай нь хэдийд, хаана, ямар геологийн хайгуулын ажил хийгдсэн талаарх бүрэн мэдээлэл Монголын талд байхгүй байгаа ажээ. Тиймээс тухайн үед энэ салбарт ажиллаж байсан эрдэмтэд, геологичид, ажил хариуцаж байсан сайд, дарга нар гээд мэдэж болох хүнтэй уулзан тодруулах ажлыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрынхан хийж эхэлжээ.
Монголын ураны судалгааг оросууд 70 гаруй жилийн өмнөөс хийж эхэлсэн гэхэд 1990 он хүртэл энэ талын мэдээлэл манай архивт бараг байдаггүй байж. Тэр бүү хэл өөрийн орны эрдэс баялгийн чиглэлээр эрдмийн цол хамгаалах гэсэн хүн судалгааны ажлаа Орост очин хийж байсан гунигт түүх байдаг ажээ. Монголын тал 2000 онд гуйж, гувшиж, нэхэл дагал болсны хүчинд 150 гаруй геологийн ажлын тайлан материалыг Оросоос авчирсан юм байна. Бусад материалыг авья гэж монголчууд нэхдэг ч оросууд уриалгахнаар нэг л хариулт өгдөг гэнэ. Тэр нь яг ямар материал авах жагсаалтаа аваад ир гэх хариу. Ингээд л монголчуудын ам таглагддаг байна.

Монгол-Оросын геологийн хамтын ажиллагаа 1931 онд эхэлсэн гэж албан ёсоор хэлдэг ч түүх сөхөх юм бол 1890-ээд оноос эхтэй. Гэхдээ мэдээж оросуудын тусламжтайгаар. Монголчуудын сайн мэдэх товарищ Преживальский Монголоор аялан явахдаа газар зүйн судалгаа хийж, түүндээ геологийн тогтцын талаар тэмдэглэн үлдээсэн байдаг. Монголчуудыг харанхуй бүдүүлгээр нь гоочилж явсан америк, герман, австри гээд гадаадын нөхөд ч хувьсгалын өмнө манай газар шороог шинжилж явсан тухай ч түүхэнд бичигдэж үлдсэн нь бий. Хувьсгалын дараа социалист гэх орны нөхөд ч Монголын нутаг дэвсгэрийг чамгүй тандаад авсан байдаг. Энэ бүхнээс үзвэл Монголын геологийн судалгаа үндсэндээ гадныхны гараар эхэлсэн гэхэд буруудахгүй.

Оросуудтай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлсэн гэх 1931 онд ч санаачилгыг Оросын талаас шургуу тавьж уг гэрээг үзэглэсэн гэх. Хөрс шорооныхоо дор нуугдаж буй асар их баялгийг мэдэх монголчуудын шаардлага байсан ч үнэн хэрэгтээ манай эрдэс баялгийг судлах хэрэгцээ оросуудад биднээс илүү их байсан гэж хууччуул ярьдаг. Ах дүүгийн тусламж нэрийн дор Оросоос ирж байсан геологийн цэрэгжсэн экспедициуд Монголд уран, цагаан тугалганы гээд цэрэг дайны бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн ордны эрэлд мордоцгоож, хайсан зүйлээ ч олсон. Модот-ын цагаан тугалганы орд, Чонон голын уурхай гээд цөөнгүй орд газрыг нээж, олсон олзоо Орос руу зөөх болсон гэдэг. Модот-оос Орос руу цагаан тугалга ачсан машины гинжин цуваа тасардаггүй байсан тухай ч тэр үеийн хууччуул халаглан дурсдаг байж. Тухайн үед цаг зэвүүн, дайн дажин болж байсан болохоор орос ах нартаа чин сэтгэлийн туслалцаа үзүүлэх үүднээс монголчууд ч эрдэс баялгаа харамлаагүй. Харамлах ч учиргүй байв. Хамтарсан экспедиц гэсэн гоё нэрийн дор орос ах нар Монголын нутаг дэвсгэр дор нуугдсан хөрөнгийг илрүүлэх ажилд шамдангуй орж.

Үүргэвч үүрсэн орос цэргүүд газар ухаад явдаг байсан гэдэг. Яг үнэндээ хамтарсан нэртэй байсан болохоос 1950-иад он хүртэл Монголд хийгдсэн хайгуул судалгааны ажлыг оросууд л гартаа төвлөрүүлдэг байж. Монголчууд ч орос ах маань хаана, юу олов, юу хайж байна гэдэгт хяналт тавих нь ч сул байсан юм билээ.
Ингээд л Монголын геологийн тухай үнэтэй мэдээллүүд хойд хөрш рүү алдагдсан хэрэг. Одоо харин бид өөрт байх ёстой зүйлээ хүнд алдчихаад алгаа тосон, уруул дэвсч сууна. Тиймээс энэ чиглэлийн хүмүүсийн ганц найдлага нь төрийн тэргүүний айлчлал болоод байгаа аж. Харин ах нар маань өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг гэдэг зарчмыг сануулсаар байгаа сураг байна. Өөрөөр хэлбэл, оросууд үүний хариуд хүсч байгаа зүйлээ авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа юм байна. Мэдээж, энэ бол гадаадынхны шүлсийг гоожуулж, том нохдыг тулалдуулж буй Тавантолгой юм. Гэхдээ тусгаар улсын газар нутгийн геологийн судалгааг тухайн оронд нь эргүүлж олгох нь олон улсын харилцааны хэм хэмжээнд нийцнэ гэдэг нь ойлгомжтой.

Ардын эрх сонин 229 /507/
А.Чандмань, Ж.Нямсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button