Танаас хэдхэн алхмын цаана зорчигчид осгож үхлээ, мэр ээ!

Тэгвэл таны албан өрөө байрладаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэдхэн алхмын цаана, Ард кинотеатрын гэж нэрлэдэг автобусны буудал дээр тэр дүр зураг хэвээрээ байгаа. Үнэмшихгүй бол хотын мэр та орой 18 цаг өнгөрөөсхийгээд очиж хараарай. Баянхошууны 25 дугаар чиглэлийн автобус хүлээсэн зорчигчид багахан сумын наадмаас сүр бараатай бөөгнөрч, бороо устайд дээвэр нь цоорхой саравчны дусаал дор шалба норж, хөхөө өвлийн хүйтэнд дороо дэвхцэн, осгож үхэхээс наагуур лайгаа эдэлж зогсох вий. Бусад чиглэлийн унаанууд цаг, графикаараа яваад байхад үйлийн үртэй Баянхошууны автобус өдрийн одтой барьцсан юм шиг бараагүй. Угийн ховор хэдэн автобус нь 20 цаг хүрэв үү, үгүй юү буугаад баазын зүг арилж одно. Мэр танаас Зорчигчдын тасалбарын үнийг нэмж өг гэж автобус баазынхан нэхэж тунирхдаг ч хэрэг дээрээ тэд мөнгөнд тун дургүй юм билээ. Ажил тарж, оргил ачааллын цаг эхэлмэгц буугаад арилж байгаа улсыг тэгж хэлэхээс өөр яах билээ. Өдөржин тусгай үнэмлэхтэй өвгөд эмгэд, оюутан сурагчид, Бөмбөгөр хавиар эргэлдэж цаас модхон цуглуудаг ажилгүй нөхдийг ачиж залхчихаад орой мөнгөө төлж суудаг ажилтай хэдийгээ гэртээ харих болохоор ажлаасаа буугаад, Цагаан хаалга зуун төгрөг гэж микробусныхнаас дутахгүй цангинуулж цангинуулж яваад өгдөг юм, тэд.

Нийслэлийн төв рүү микробус оруулахгүй гэсэн санаа тань зөв ч нийтийн тээврийн том оврын автобусууд эрт гэгч буучихдагаас хол явах зорчигчид ийнхүү хэлмэгддэг юм. Аргаа барж, голдоо хүйт орохын цагт мөнгөтэй нь таксигаар, мөнгөгүй нь хоёр зээрдээрээ Бөмбөгөр бараадаж байж микробусын бараа харж, 300-500 төгрөгөөр гэрээ зүглэнэ. Баянхошууныхаа буудал дээр очоод зорчигчдын зовлон дуусахгүй. Унаа хүлээсээр оройтсон тэднийг энхэл донхолтой, жалга судагтай, гэрэл чийдэнгүй харанхуй гудамж тосно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр хавь орчноо гийгүүлсэн сайхан гэрэлтэй болсон байна лээ. Захын хороололд бол тиймгүй. Гудамж нь хулганын нүхнээс харанхуй. Айж чичирч, амьтан хүнд дээрэмдүүлж, амь наана харьдаг тэдэнд хэрэг болдог хүн нь Эксель машинтай халтуурын хэдэн жолооч. Хол ойроосоо хамаарч 500-1000 төгрөгөөр хүн тээдэг тэд ажилтай, орлоготой болгож өгдөг тас харанхуй гудамж, оодорч буйлсан дээрэмчдэд чин сэтгэлээсээ талархдаг байлгүй.

Сүүлийн үед ховрын ховор нөгөө хэдэн автобусны эвдэрч хэмхрэх нь элбэгшив. Өнгөрсөн даваа гаригийн үдэш нэг нь Далан давхрын урд талд таг зогсож орхисон. Хүлээж хүлээж суусан унаа маань шүү дээ. Буудал дээр саатсан юм байлгүй гэтэл жолооч нь сураггүй. Эвдэрч гэмтсэн үү, шатахуун нь барагдсан уу, автобус яагаад зогссоныг ч тайлбарлалгүй гурван хаалгаа дэлгээд алга болчихож. Эзгүй газар хүйтэн салхи хүүгэж хүүхэд хөгшид чамгүй зутарсан. Кондуктор нь зорчигчдодоо санаа тавих бүү хэл, аашилж загнасан шиг, тавлаж тохуурхсан шиг тун ч кайфтай. Цаг шахам хүйтэн там-д унасан зорчигчид араас ирсэн унаа машин тосч гүйн увж цувсаар гэрийн бараа харсан. Дараа өдрийнх нь орой өөр нэг автобус хотын төвд эвдрээд зам түгжчихсэн харагдана лээ. Унаагүй үлдсэн зорчигчид нь хойш урагш хуйлраад л.

Нийслэлийн захдуу амьдардаг иргэдийн тань унааны байдал нэг иймэрхүү байна, мэр ээ. УИХ-ын гишүүн бүр тойрогтоо хөрөнгө оруулахаар 250 сая төгрөг хуваарилуулж байгаа. Түүнийг зарах эрх нь нийслэлийн засаг захиргаа, Нийслэийн ИТХ-д бий. Манай 68 дугаар тойргоос сонгогдсон гишүүний мэдлийн 250 сая төгрөгөөс ганц хоёр автобус авч өгөөд, бас гудамжийг маань гэрэл чийдэнтэй болгоорой хэмээн хотын мэр танаас хүсье. Өнгөрсөн жилийн 100 сая төгрөгөөс нь наалдсан юм үзэгддэггүй юм шүү.

Ардын эрх сонин 229 /507/
Д. Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button