УБТЗ-ын Ю.Идэрчулуун, Х.Лхагвасүрэн нарын таван хүнийг ажлаас нь чөлөөлжээ

Тухайлбал, УБТЗ-ын Зүтгүүрийн албаны дарга Х.Лхагвасүрэн, Улаанбаатар татах хэсгийн дарга Ю.Идэрчулуун, Улаанбаатар өртөөний дарга Ч.Отгонбат, машинч Д.Батсайхан, Н.Энхдэлхий нарыг тус тус ажлаас чөлөөлж, Хангай зөрлөгийн жижүүр О.Магнайцэцэгийг төмөр замын тээврээс халж, хуулийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд замын зарим орлогч дарга болон буруутай арав гаруй хүнд 2-3 сарын хугацаатай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Багахангай-Улаанбаатарын замд гарсан галт тэрэгний хоёр зүтгүүр мөргөлдсөн осолд УБТЗ-ын удирдах хүмүүс буруутай болохыг Улаанбаатар зүтгүүрийн депогийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос үзэж байна.
Энэ тухай хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Улаанбаатар зүтгүүрийн депогийн дарга асан /өчигдөр ажлаасаа халагдсан/ Ю.Идэрчулуун, УБТЗ-ын Суудлын вагон депогийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Эрдэнэ, Улаанбаатар зүтгүүрийн депогийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Бямбаа нар оролцсон юм. Тэд Зам , тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлд өргөх бичиг гардуулахаар болсон байна. Уг өргөх бичигт Энэ сарын 20-ны өглөө төмөр замын 495 дугаар 495 дугаар км-ийн нэгдүгээр зуутад аргагүйдэн зогсч, тусламж авахыг хүссэн 3161 дүгээр галт тэрэгний түлхэгч болох 2М62М-023 илчит тэргэнд тусламж өгөхөөр Хангай өртөөнөөс 046 илчит тэрэг 3101 дүгээр галт тэрэг 847 цагт хөдлөн тусламж хүлээн зогсч байсан галт тэрэгний сүүлч болох 023 дугаар илчит тэргийг 8.50 цагт 40 км цагийн хурдтай ирж мөргөсөн.

Үүний улмаас 023 дугаар илчит тэрэгний машинч, туслах машинч, өртөөний дарга нар газар дээрээ харамсалтайгаар алтан амиа алдсан билээ. 046, 023 дугаар илчит тэрэгний рам, кабин дахин ашиглагдахгүйгээр эвдэрлээ. Уг ослын улмаас Монголын төмөр замын гол замд ачаа, суудал, олон улсын галт тэрэгний хөдөлгөөн 14 цагийн турш саатан хөрөнгө мөнгө, цаг хугацааны асар их гарз улс оронд болон төмөр замд учирлаа.
Маш товчоор хэлбэл тусламж хүлэн зогсч байсан галт тэрэгний сүүлч буюу 023 дугаар илчит тэрэгний зогсч байсан газрыг 1100 орчим метрээр давуулж бичсэн анхаарамжийг Хангай өртөөний дарга болон тухайн өдрийн жижүүр нь тусламж үзүүлэхээр очиж байгаа зүтгүүрийн бригадад өгсөн байна. Гэтэл зогсч буй илчит тэрэг 300 метрийн зайд гэнэт харагдсан байна. Учир нь тухайн газар тахир тойруу байсан аж. Машинч тормозоо бүрэн гишгэж тэр ч бүү хэл эсрэг цахилгаан гүйдэл өгөөд ч яаж ч чадалгүй 40 км цагийн хурдтайгаар очиж мөргөж зогссон болохыг баримтыг урьдчилсан байдлаар гаргажээ.

Гэтэл одоо энэ бодит байдлыг ямар нэгэн сонирхлоор гуйвуулан өөрчлөх далд сонирхол оршиж байна гэж бид үзэж байна. Иймд УБТЗ-ын удирдлагаас ослын талаар шударга бус шийдвэр гаргавал алтан амиа зольсон хохирогчдын өмнөөс хамт олноороо гомдол гаргаж эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх хүртлээ тэмцэх болно. Энэ бүгдийг та анхааралтай судалж үзэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гээд 24 хүний нэрийг бичжээ.
Уг сүйрлийн асуудлаар өнгөрсөн 22-ны өдрийн 14 цагаас шөнийн 03 цаг хүртэл Улаанбаатар төмөр замын удирдлагууд хуралджээ. Тусламж авах тухай мэдээллийг авсан Хангай зөрлөгийн жижүүр О.Магнайцэцэг уг мэдээллийг төв диспетчер Батзоригт зөв дамжуулсан хэрнээ буцан төв диспетчерээс тушаал авахдаа буруу тэмдэглэж авснаа тэр чигээр нь даргадаа мэдээлсэн байна. Мөн ослын гол шалтгаан нь тусламж хүлээн зогссон галт тэрэгний зүтгүүрийн машинч нар туслахаар ирж яваа галт тэрэгний өмнөх зам дээр бялт тавих, улаач дарцаг бариулан хамгаалан угтах зэрэг холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчин анхааруулах дохио санамжуудыг өгөөгүйгээс болсон гэж үзжээ.

Гэхдээ уг бялт сүүлийн жилд тус байгууллагад огт нийлүүлэгдээгүй, уг нь тийм ч үнэтэй эд биш ажээ.
Уг шийтгэлээ би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү ослын бурууг Зүтгүүрийн депо болон Татах хэсгийнхэн 5050 хувиар үүрэх ёстой гэж уг хурал дээр ярьсныг би эсэргүүцэж байна. Хэзээ ч сүйрлийг хувааж болдоггүй. Учир нь арга хэмжээ авагдах ёстой хүмүүс нь арга хэмжээ авахуулалгүй үлдлээ. Тэд УБТЗ-ын даргын албан тушаалд өрсөлдөхийн тулд ийнхүү нэрээ цэвэрлэн үлдэж байна гэж бид үзэж байна гэж Ю.Идэрчулуун хэлж байлаа.

Ардын эрх сонин 229 /507/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button