Одоо хангалттай, манайхаан!

Түүнийг загвар өмсөгч байсан гэхээс авахуулаад биеэ үнэлэгч, эхнэртэй харь эрийн нууц амраг, хоёр гурван дээд сургууль төгссөн боловсролтой эмэгтэй, мөнгө нэхэн шантаажлагч гэх зэргээр нэг бол аймшигтай муу хүүхэн, эсвэл гайхамшигтай сайн хүн байсан тухай янз бүрийн мэдээлэл цацлаа. Золгүй байдлаар хүний газар алтан амиа тавьсан хөөрхий бүсгүйн хувийн амьдралыг, ахуйг нь, бас жаргал, зовлонг нь даанч муухайгаар уудлан сөхлөө. Одоо болсон юм биш үү, манайхаан!

Болсон явдлын талаарх мэдээллүүдийн үнэн, худлын тухай энд шүүн тунгааж ярих гээгүй байна. Хамгийн чухал нь бид жаахан ёс суртахуунтай байя, жаахан учир начиртай байя, хамгийн гол нь бүгдээрээ хүн чанараа л алдахгүй байя. Талийгаач бүсгүй хэн байсан, яаж яваад амиа алдсан, гэмт этгээд нь ямар хүн болох, үйл явдал хэрхэн өрнөснийг нийтэлж, нэвтрүүлэх гэхдээ мэдээллийн ангуучлал дунд гэр бүлийнхэн болон ойр дотныхныг нь аймшигтай ихээр татан оролцуулж давхар намнасан байх юм аа.

Алтантуяа гэж ямар ч байсан хоёр хөөрхөн хүүгийн ээж байлаа, аав ээжийн сайн охин, дүүдээ эгч нь байлаа. Таньж, мэдэх хүрээнийхээ хүмүүстээ тэрээр бүхнээс дотно, үгүй болсон гэхэд одоо хэр итгэж ядан суугаа анд найз байсан нь лавтай. Ямар ч байсан тэр бүсгүй богинохон ч гэсэн амьдарсан. Хоёр хүүгээ үлдээгээд, ээж аавыгаа хагацлын нулимсаар хучиж орхиод бидний дундаас даанч эмгэнэлтэйгээр яваад өгч. Тэрнийх нь төлөө л хөөрхий эмэгтэйг хүн явсан гэж, бүсгүй тавилангаар амьдарсан гэж хайрлая. Эмгэнэлтэй, харамсалтай төгссөн хувь заяаг нь бүгдээрээ хүн чанарын үүднээс өрөвдөн хайрлая. Өдөр тутам, хором бүрийд хувиран өөрчлөгдөж байгаа мэдээллийн шуурган дунд хөөрхий бүсгүйн өнчирч үлдсэн хоёр нялх үрийг эвийлж хайрлая, элгээ эмтэлж хоцорсон ээж, аав, ар гэрийнхнийг нь хүндэтгэж хайрлая.

Алтантуяа бүсгүй гэмт хэрэг хийгээгүй, амьдралаа ингэж төгсөнө гэж төсөөлөөгүй, хувь тавилан руу нь өөриймсөг бусаар ингэж өнгийхийг хүсээгүй л биз ээ, мэдээж. Юутай ч тэр монгол хүн байсан, бидний нэг байсан, уйлж дуулах заяанд адилхан төрсөн, алдаж ч онох ч амьдралын жамаар алхсан, харин одоо амь тасарсан махбодио эвлүүлэн ядаж нөгөө ертөнцөөс бидний зүг гомдолтой гэгч нь харж байгаа ч юм бил үү. Хүн чанараа дээдэлж, буян санан талийгаачийн сүнсийг амар амгалан оршооё.

Сэтгүүлчид минь, мэдээллийн дайнаа өндөрлөж, хоёр улсын хууль хяналтын байгууллагынхны хэрхэн ажиллахыг харъя. Хэргийг шалгаж буй явцын талаарх мэдээллүүдийг л олон түмэндээ хүргэе. Золгүй төгссөн бүсгүйн амьд сэрүүн ахуйг санамсаргүйгээр тохуурхаж буй мэт мэдээллийн дайнд ялагчаар тодрох гэж тэмцэлдэхээ больё. Бүр бичмээр санагдаад хорхой чинь гозолзоод байвал Алтантуяагийн ар гэрийнхэн, үр хүүхдүүдийн оронд өөрийгөө тавиад үз дээ.

Ардын эрх сонин 229 /507/
Т. Мөнхтунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button