Ц.Нямдорж Халамж эдийн засгийг идэж дуусах аюул нүүрлэлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм.

Халамжийн тухай хуулиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нэн ядуу, ядуу эхчүүдэд олгож буйг өөрчлөн ялгаваргүйгээр өгөх саналыг Засгийн газар парламентад ирүүлээд байгаа билээ. Эхчүүдийг ядуу, нэн ядуу хэмээн ялгаварлах нь иргэдийн зүгээс шүүмжлэлд өртөж байгааг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Л.Одончимэд хэлэв. Хүмүүс доод шатлал руу орохоор өрсөлдөх сэтгэхүй бий болоод байгаа нь ч ялгаварлал-ыг авч хаяхад хүргэж буй гэнэ.

Арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 11.8 мянган эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авчээ. Гэтэл Үндэсний статистикийн газрын мэдээгээр жилд 40 мянган эх амарждаг байна. Тодруулбал 30 мянган эх тэтгэмжийн гадна үлдсэн гэсэн үг. Парламент Засгийн газрын саналыг дэмжвэл төрөхийн өмнө болон төрсний дараах таван сардаа эхчүүд тэтгэмж авах юм. Энэ нь төрөөс төрөлтийг дэмжиж буй бодлого гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд мэдэгдэв.
Харин энэ мэт халамж, тэтгэвэрт жилдээ 200 орчим тэрбум төгрөг зарж байгааг УИХ-ын гишүүн Р.Нямсүрэн шүүмжлэв. Тэрээр Монгол улс халамжийн бүс болох нь гээд ажлын байр бий болгоход үүнээс 10 дахин бага мөнгө төсөвлөөд байна гэлээ.

Халамж давамгайлах чиг рүү явж байгааг Л.Одончимэд сайд зөвшөөрөөд төрийн бөөцийлөл нь хүмүүсийн ажил хийх сонирхлыг үхүүлдэг хэмээн ажил олгогчид шүүмжлэх нь бий. Үүнд зөвхөн Засгийн газар буруутай биш гэлээ. Халамжаар бус хөдөлмөрөөр иргэдээ дэмжиж, тэр хүмүүс нь нийгмийн даатгалд хамрагддаг байх ёстой гэж Ц.Баярсайхан гишүүн хэлэв.Парламентын гишүүд, улс төрийн намууд сонгогчдыг татахын тулд чамгүй олон зүйлийг амлан түүнээ хэрэгжүүлэхээр уралддаг нь халамжийн сэтгэлгээг дэвэргэж байгааг нуусангүй. Сонгуулийн амлалтад улс орны эдийн засаг чирэгдэж байна гэж гишүүн Р.Раш хэлэв. Бүтээснээ иддэг зарчимтай тул бүтээхийн төлөө байх нь зүй ч хүрзэддэгээ дэмжье, халбагаддагаа зогсооё гэж болохгүй гэлээ. Харин Халамжийн хууль нь зөвхөн эмзэг бүлэгт чиглэсэн гэж С.Ламбаа гишүүн хэллээ.

Мөн тэтгэмж давхардах явдал байгааг гишүүд шүүмжлэв. Алдарт эх-ийн хоёрдугаар зэргийн одонтой эх хүүхдийн мөнгөний хамтаар жилд 600 орчим мянган төгрөг авах бол нэгдүгээр зэргийн одонтой эхийн тэтгэмж хүүхдийн хамт 900 мянгад хүрэх ажээ. Гэхдээ ажил хийн нийгмийн даатгалын шимтгэл төлж буй жирэмсэн эх дөрвөн сарын тэтгэмж авч байхад ямар ч ажил хийдэггүй эх 10 сар тэтгэмж авч болохгүй гэж зарим гишүүд үзэж байна. Иймд ажил хийж буйд нь урамшуулал болж 10 сарын тэтгэмж очих ёстой гэнэ.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шийдсэнээр халамжийн тогтолцоонд цэг тавих ёстой гэдэгт эрхэм гишүүд санал нэгдэж байгаа бөгөөд УИХ-ын дарга захирамж гарган энэ асуудлыг шийдэх ажлын хэсгийг байгуулах гэнэ. Уг ажлын хэсэг Үндэсний зөвшилцлийн бичиг баримт гаргаж халамжийг цэглэх бололтой.

Ардын эрх сонин 229 /507/
С.Мөнхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button