Энэ байдалд анхаарал хандуулах цаг хэдийн болжээ таминь ээ!!!

Ёстой л нөгөө нүд алдам цэлийсэн тал дундуур машины хурдаар давхиж явах үест тал тэр чигээрээ оволзон хөдөлж эгээ л газар хөдөлж дэлхий орвонгоороо эргэж байна уу гэж санагдам зүйл болов. Энэ бол Дорнодын цагаан зээрийн сүрэг давхиж байгаа нь юмсанж.
Хэдэн арван мянгаараа сүрэглэсэн зээрийн сүрэг талыг бүрхэн давхих нь үнэхээр сүрлэг гайхамшигтай сонин юм билээ. Ёстой л газар дэлхий тэр чигээрээ хөдөлж давхиад л байх шиг.
Энэхүү их зээрийн сүргийг харсан хэн ч гэлээ өөрийн мэдэлгүй л *пөөх яасан их зээр вэ* гэж дуу алддаг байлаа.
Бараг л машины хамар шүргэх шахам зам хөндөлдөн гүйлдэх зээрийн сүрэг дорнодын талд хаа сайгүй элбэг зүйлийн нэг. Тэд машинаас нэлээд холдоод эргэн харж сониучирхан зогсоцгооно.
Зээрийн сүрэг заримдаа бүр Дорнод аймгийн төвийн захад ч ороод ирчихсэн идээшилж байдагсан.
Энэ одоо тэгвэл үлгэр болж үлджээ!
Харин одоо бодит зүйлийг өгүүлье!
Учир нь нөгөө элбэг хэдэн мянгаараа сүрэглэн байдаг байсан зээрийн сүрэг маань одоо бол нүдний гэм болж бараг л үлгэр домог болон үлдэх нь ээ.
Хаа сайгүй таардаг байсан зээрийн сүрэг одоо тэр бүр таархгүй болж аз таарвал л хардаг болсон гэхэд хилсдүүлэг болохгүй. Ёстой нөгөө чоно шиг илүү тэнгэртэйдээ алагдаж ижил тэнгэртэйдээ харагддаг гэдэг шиг л болох нь ээ янз нь.
Элбэг юм гээд буу барьж чаддаг хүн болгон л шахуу хайр найргүй хядсаар л ийм байдалд хүрч байна.
Урд нэлээд хэдэн жилийн тэртээ зээрийн нэг гулууз мах Дорнод аймгийн төвд том чиргүүлтэй машин машинаар нь авчраад л гудамжинд 500, 1000 хан төгрөгөөр зардаг байсаныг гадныхан харад шогшордог байсан. Миний мэдэхийн сүүлдээ бүр ангийн нийгэмлэг дээр нь зээрийн гулуузыг 2000 төгрөгөөр зардаг байсныг сайн санаж байна.
Ийм л харамсмаар хямдхан амьтай амьтан байсан.
Одоо тэгвэл үнэ ороод 8000-10.000 төгрөг гээд мөн л хаа сайгүй зардаг болжээ.
Улаанбаатар ч гэсэн хэдэн зуу мянгаар нь зээрийн гулууз махыг оруулж ирээд нэгийг нь 10.000-15.000 төгрөг гээд зардаг аж. Хиамны цехүүд зэрэг газар бөөндөж авдаг болж гэнэ.
Ингээд л энэ төрлийн бизнес цэцэглэж эхлэв. Хүн болгон шахуу буугаа бариад л дорнодын талыг там болгож эхлэв…

Энэ маягаараа ийнхүү замбараагүй хядсаар байх юм бол одоо талын зээр хэдэн жилийн дараа гэхэд л дуусах нь ээ гэж нутгийн иргэд халаглан ярьж байна.
Урд хэдэн мянгаараа сүрэглэдэг байсан зээр одоо бол ихдээ л гэхэд зуу хүрэхтэй үгүйтэй л олноороо сүрэглэн явдаг болсон гэнэ. Тав арваараа л явдаг амьтан болждээ гэж байна. Хөөрхий армаг тармаг болсон сүрэг дотор хөлөө хуга буудуулсан сумны шархтай зэрэг эрэмдэг болсон зээр байх нь элбэг болжээ.
Урд нь хүн машин хараад эргэж хараад хэсэг зогсож байгаад гүйдэг байсан бол одоо хүн машины бараа хараад л эргэж ч харалгүй ум хумгүй амь наана там цаана давхидаг болсон төдийгүй талын зээр маань уулруугаа бартаатай газарлуу шилжиж байна гэнэ. Юу гэсэн үг вэ талийн зээр уулын зээр болох цаг бас байдаг байжээ!
Хүмүүс бид гэдэг үнэхээр аймшигтай амьтад аж.
Нутгийн хүмүүс аргагүй ш дээ өдөр шөнөгүй энэ муу хэдэн зээрийг унтуулахгүй л хүмүүс машин тэрэгтэй элдэж намнаад байгаа юм чинь гэцгээж байсан.
Хурдан унаа хурдан буу хоёроор зээрийг намнах ажил дорнодын талд өдөр шөнөгүй пижигнэсээр. Буун дуу хадсаар…
Зээрийг агнах шалгарсан арга бол автоматаар шүрших гэнэ. Шөнө бол том том ачааны машинтай очоод л том гэрэлүүд тусгаж байгаад л шүшчихдэг юм байх. Хөөрхий зээр нэг л гэрэлд орсон бол гэрлээс гарч чадахгүй гэрэл дотор зогссоор байгаад хадуулж байгаа тариа шиг л ханараад хядуулаад байдаг гэнэ.
Ингээд л хэдэн зуугаар нь мянгаар нь газар дээр нь унагаад гэдсийг нь гаргаж хаяад л ачаад л гүйцээ. Мөнгө олох амар бөгөөд ашигтай арга.
Yнэхээр бодохоос ч аймаар бас өрөвдмөөр.

Урьд хэдэн мянгаараа сүрэглэсэн зээрийн сүрэг нь замын хүнийг дуу алдуулдаг байсан зэрэглээт талаараа давхилаа.
Тал дээгүүр сэгээр хооллогч шувууд эргэлдэж тал нэлэнхүйдээ улаан цусанд будагдаж хаа сайгүй зээрийн сэг гэдэс дотор толгой…

Энэ байдалд анхаарал хандуулах цаг хэдийн болжээ таминь ээ!!!
/Болод.Мөнхдөл/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button