МАХН жигүүрээ зүүний хүчний холбоогоор сэлгэх үү?

МАХН бага хурлаа ирэх арванхоёрдугаар сард хийхээр урьдчилсан байдлаар ярилцаж байна. Харин тэр бага хурлаар нэгэнт унтаа байдалд орсон Ардчилал -шинэчлэл, Уламжлал-шударга ёс жигүүрийн байх эсэхийг хэлэлцэж магадгүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Жигүүрийн дэвшүүлсэн 14 зүйл саналыг саяхан МАХН-ын удирдах зөвлөлөөр хэлэлцэн ихэнхийг нь хүлээж авахаар болсон. Гэтэл өмнө нь саналуудаа хэлэлцүүлэхээр шахаж шаарддаг байсан жигүүрийнхнээс тэр үеэр тун цөөхөн нь харагдаж байсан гэнэ. Албан тушаал авсан нь жигүүрээсээ зай барих тал ажиглагдах болсон тул үнэн хэрэгтээ шинэчлэлийн төлөө байгуулсан жигүүр мөн үү, үгүй юү гэдэгт МАХН-ын удирдлага эргэлзэх болсон аж.
Бага хурлаар жигүүрийг татан буулгахад хүрвэл түүний оронд гарч ирэх нэгэн холбоо байгуулагджээ.

МАХН-ыг дэмжигч Монголын зүүний хүчний холбоо гэдэг байгууллага гарч ирснээ өчигдөр зарлалаа. Энэ холбоо ардчилсан социалист үзэл санааг нийгэмд төлөвшүүлэх зорилготойгоос гадна МАХН-ыг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа тунхагласнаараа одоогийн намаа эрс шинэчлэх гэсэн жигүүр, хөдөлгөөнүүдээс өөр юм байна. Холбоог санаачлагчдын олонх нь залуу наснаасаа МАХН-ын төлөө зүтгэсэн, өөрсдийгөө хашир туршлагатай хэмээн тунхагласан 35-аас дээш насныхан гэнэ. Монголын Ардчилсан залуучуудын холбоог анх санаачилж байсан хүмүүс шинэ холбоог байгуулсан нь МАХН-ыг бэхжүүлэхэд их нөлөө үзүүлнэ гэж намын удирдлага үзэж байгаа аж. Тэдний ард УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар байгаа гэсэн сураг байна. Шинэ холбооныхон удахгүй анхны чуулганаа хийж, улс төрийн тавцан дээр гарч ирнэ гэжээ.
Ийнхүү МАХН-ыг шинэчлэгч жигүүр далавчаа хумж, намаа хамгаалах зүүнтнүүд тэдний орон зайг эзэлж мэдэхээр болов.

Ардын эрх сонин 229 /507/
Д.Оюун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button