Генералын оронд тавихаар дөрвөн хурандааг ярьж байна

Хил хамгаалах ерөнхий газрын (ХХЕГ) дарга, Хилийн цэргийн командлагч хошууч генерал П.Сүндэвийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилох захирамжийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр гаргасан талаар өмнөх дугаартаа мэдээлсэн. Монгол төрийн хар хайрцагны сахиул-аар томилогдоод буй П.Сүндэв гэж хэн болох талаар сонирхлоо.
Тэрээр 1947 онд Архангай аймгийн Өлзийт сумд төрсөн байна. Цэргийн дээд боловсролтой, оператив-тактик, команд штабын мэргэжилтэй. ЗХУ-д Цэргийн дээд сургууль, М.В.Фрунзийн нэрэмжит цэргийн академийг 1982 онд дүүргэжээ. Түүхийн ухааны доктор, профессор цолтой аж. Түүнчлэн ОХУ-ын аюулгүй байдал, батлан хамгаалахын профессор цол хүртэж байжээ. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. ХХЕГ-т олон жил хамтран ажилласан хилийн цэргийн акулууд түүнийг дайчин, шуурхай, овсгоотой, сэтгэлгээ сайтай, гүйлгээ ухаантай нэгэн гэж дүгнэсэн юм. Зарим нэг нь хүн танихдаа гаргуун. Өөрийн удирдлагад ажилладаг олон мянган хүнийг байгуулсан гавъяа, гаргасан алдаа дутагдлаар нь нэг бүрчлэн мэддэг, ой сайтай нэгэн гэж байв.

Товчхондоо хамтран ажиллагсад нь түүнд ам сайтай байдаг аж. Гэвч ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчийн албыг 2000 оноос тасралтгүй зургаан жил хаших хугацаанд хил дээр хэд хэдэн хүн амины ноцтой хэрэг гарч, хилчид хууль бус наймаанд оролцдог гэх хэл аманд багагүй өртөж байсан билээ. УМХГ-аас ХХЕГ-т хийсэн шалгалтаар ч нэлээд дутагдал илэрч, байсан. Түүнчлэн Буянт-Ухаагийн боомтоор хууль бусаар хүн нэвтрүүлдэг гэх зэрэг ноцтой баримтыг хэвлэлээр дэлгэж байсан удаатай. ХХЕГ түүний удирдлагад байх үед цус ойртох хандлагатай байсан гэж зарим хүн шүүмжилдэг нь нууц биш.
Түүнийг төрийн хар хайрцагны сахиул-аар томилогдсоны дараа ХХЕГ-ын даргын суудалд хэн суух нь олны сонирхлыг зүй ёсоор татаж буй. ХХЕГ-ын даргыг Засгийн газраастомилдог.

Одоогоор ХХЕГ-ын штабын дарга хошууч генерал А.Баатарцогт үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод байгаа аж. Баян-Өлгий аймаг дахь отрядын дарга, хурандаа Х.Лхагвасүрэн, Дорнодын Сүмбэр дэх отрядын дарга, хурандаа Д.Гантөмөр, Хилийн цэргийн штабын Хил хамгаалах газрын дарга хурандаа Д.Баатар, ХХЕГ-ын Захиргаа удирдлагын газрын тамгын хэлтсийн дарга, хурандаа Д.Дашдаваа нарын нэрс өрсөлдөж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм. Эдгээрийн дотроос Баян-Өлгий аймаг дахь отрядын дарга, хурандаа Х.Лхагвасүрэн, Хил хамгаалах газрын дарга, хурандаа Д.Баатар нар сонгогдох магадлал өндөртэй гэнэ.

Ардын эрх сонин 229 /507/
Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button