Эрхэм гишүүд ордноо зүүдэлж байна

Эрхэм гишүүн Р.Гончигдорж уржигдар шөнө зүүдэлжээ. Саарал ордны өмнө баригдаж буй өргөтгөлийн дунд хэсэгт цэнхэр өнгийн ордон сүндэрлэж тэрхүү орд өргөөнд гишүүд залран байх гэнэ. Парламент нь төрийн эрх барих дээд байгууллага тул ордон нь баруун зүүн талын өргөөнүүдээсээ харьцангуй өндөр байх бөгөөд энэ нь засаглалын хуваарилалтыг илэрхийлнэ гэж Р.Гончигдорж хэлэв.
Ийнхүү эрхэм гишүүд шинээр баригдах Парламентын ордноо шөнийн зүүдэндээ үзэх болжээ. Түүнтэй төстэй ордонг дотроо төсөөлж буйгаа С.Баярцогт гишүүн нуусангүй. Харин эрхэм гишүүн Д.Идэвхтэн тэднээс арай өөрийг зүүдэлжээ. Тагнуулын ерөнхий газрын байр Парламентын ордон болсон байх бөгөөд Үндэсний түүхийн музей парламентынх болж, түүний ард байрлах Хууль зүйн үндэсний төв парламентын номын сан болж хувирсан гэх. Хуучнаар НАХЯ-ны буюу одоогийн нэршлээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зүсээ хувирган юу ч юм болсноор парламентын ордон зөвхөн өргөө гэр төдий бус цогцолбор болж өмнөх талбайд нь гишүүдийн машин тэрэг ярайх аж.

Тэгвэл өөр нэгэн гишүүн Парла¬ментын ордноо Буянт-Ухаад буулгажээ. Түүнийг нь бараадан 100 мянган айл өрх төвлөрсөн хот босч нийслэлийн төв гудамж эзгүйрэн эл хуль оргино. Морь үзэхээр Яармагийн дэнжийг зорьдог байсан монголчууд гишүүдээ харахаар тийш зүглэх болжээ. Морь үздэг газар нь одоогоор цэвэр бохир усны шугам шуудуу байхгүй тул ёстой л морь харах газар болох буй за.
Бас нэг гишүүн Сүхбаатарын талбайн өмнөд хэсэгт хойш харуулан гэр-ээ барьжээ. Ингэхдээ талбайн өмнөх цэцэрлэгийн зах зухыг хяргасан байх гэнэ.
К.Сайраан гишүүний хөөцөлдлөгөөр Кувейтийн сангийн дэмжлэгээр босох парламентын ордноо парламентчид өчигдөр ийн төсөөлцгөөж байлаа. Лам нь байхаад дамар нь таг гэдэг шиг мөнгө нь байхаар барих газар олдохгүй болсон нь гишүүдийн үйлийг үзэж нойрыг барж буй нь энэ. Хот төлөвлөлтийн бодлого алдагдсан нь парламентын ордон барих газаргүй болоход хүрсэн гэж А.Бакей гишүүн хэлэв. Үнэндээ хотын төвд байшин барих бүү хэл хөл тавих зай хомс л доо.

Мөн хүний тусламжинд дургүй гишүүн ч бас байх. Гишүүн Д.Бат-Эрдэнэ, З.Энхболд нар эсэргүүнүүдийг толгойлж буй гэж хэлж болно. Бэлгийн мөнгийг эмнэлэг, сургуулийн барилгад зарцуулахыг Д.Бат-Эрдэнэ санаархаж буй бол парламент саарал ордондоо үлдээд Засгийн газраа Кувейтийн тусламжийн ордонд шилжүүлэхийг З.Энхболд санал болгов. Тэрээр К.Сайраан гишүүнээс энэ тухай лавлаад хэлэлцээ хийх шаардлагатай гэсэн хариу сонсчээ. Хэлцэж тохирч эс чадвал дамжуулан бэлэглэж ч болох шүү дээ.
Энэ мэтээр зүүдэлцгээсэн гишүүд 12 сая ам.долларын тусламжаар 30 саяын ордон барихыг зөв гэсэн тул одоо үргэлжлүүлэн зүүдлэх хэрэгтэй болов. Учир нь яг хаана ямар барилга босгохоо яг таг тохироогүй билээ.
Харин тэднийг тансаг ордон зүүдлэн байхад хөдөөх багачуул ганц сургуульдаа гурав, дөрвөн ээлжээр өдөржин, шөнөжин хичээллэж нойргүйтэж бас нойлтож байх. Тэрхүү нойл-уудаас өнөөгийн парламентчдын зүүдэлж буй ордонд суух хүн гарах л байх даа.

Ардын эрх сонин 229 /507/
М.Билгүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button