Халуунд халширч хүйтэнд сөгддөггүй хилчид …

Тэд намрын хүйтэн бороо, хаврын хавирга нэвт салхи, өвлийн цасан шуурга, зуны аагим халууныг ч тоохгүй хилээ манадаг хүмүүс. Тиймээс жинхэнэ хилчин хүмүүс чинь хилийн харуул дээр байдаг юм хэмээсэн нь дэвэргэсэн үг биш.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Хил хамгаалах байгууллагын хэмжээнд хилийн харуулын дарга нарын дунд тэмцээн зохион байгуулсан юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт орших буудлагын полигон болон Цагдаа толгой дээр Хилийн харуулын дарга-2006-гийн шувтрагын тэмцээн хоёр өдрийн турш боллоо.

Тэмцээнд оролцохоор Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Булган, Сүхбаатар аймаг болон нийслэлийн хүрээний хилийн … дугаар харуулын дарга нар гэх 22-26 насны залуухан офицерууд ирсэн байлаа. Тэмцээний эхний өдөр харуулың дарга нар гурван төрлийн буудлага, холын зайн гүйлт, хорт утаа тавьсан нөхцөлд иргэдэд анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх болон мотоциклийн уран жолоодлогоор авхаалж самбаагаа сорьсон. Харин хоёр дахь өдөр харуулын дарга нарын онолын мэдлэгийг шалгаж, урлаг уран сайхны тэмцээн зохион байгуулсан. Тэмцээний ач холбогдлын талаар ерөнхий шүүгч, хурандаа А.Даваачомбо, улсынхаа хил дээр үүрэг гүйцэтгэж алба хааж байгаа хилийн харуулын дарга нарыг тодорхой үе шаттайгаар бэлтгэлийг нь хангуулах, мэдлэгийн түвшинг нь өргөтгөхөд ихээхэн тустай.

Нөгөө талаар эх орноо манаж байгаа харуулын цэрэг, тэднийг удирдаж байгаа ха¬руулын дарга нарын мэргэжлийн бэлтгэлийн асуудал маш чухал. Тиймээс энэ бэлтгэлийг хангахын тулд олон төрлийн ажил зохиож байгаагийн нэг нь энэхүү харуулын дарга нарын дундах шатлалтай тэмцээн юм.
Харуулын дарга нарын тэмцээний сүүлчийн шат нь 15 үзүүлэлтээр явагдсан бөгөөд зарим нь дотроо 2-3 зүйлд хуваагдсан байсан. Үүнд харуулын дарга нарын мэдлэгийг шалгах, онолын мэдлэгийн шалгуур. Чадварыг нь шалгах, харуулын даргын үндсэн ажил болох мөр хянах зурвас дээр хэрхэн ажиллаж, цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргаж хилийн манаанд тушаал өгөх. Мөн холбооны бэлтгэлийн бусад нормативийг биелүүлэх, зэвсгийг хэрхэн эзэмшиж байгаагаар нь буудлагын гурван төр¬лийн тэмцээнийг зохион байгуулсан юм.

Буудлагын гурван төрлийн тэмцээнд АКМ автомат буу, РПК тасгийн пулёмент, СПД мэргэн буудагчийн винтов зэрэг байсан бөгөөд тэмцээнд оролцогчдоос Баян-Өлгий аймгийн хилийн … дугаар харуулын дарга А.Бат-Эрдэнэ бүх сумаа алдалгүй буудаж онцгой мэргэнээ гайхуулсан.
Тэмцээний ерөнхий шүүгч, хурандаа А.Даваачомбо, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 505 тоот тушаалыг үндэслэн Харуулын дарга-2006 тэмцээний сүүлийн шат хоёр өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Таван аймаг, сумд, нийслэлийн хүрээний хилийн ангиудын хилийн харуулын дарга нарын дунд явуулсаи тэмцээн жилийн турш үргэлжлүүлж шалгарсан харуулын дарга нар нийслэлд ирж оролцсон.
Тэмцээнд оролцсон залуус бүгдээрээ хүчтэй, хурдтай, өрсөлдөөнтэй байлаа. Харуулын дарга нар маань онолын мэдлэг нь боломжийн, хилийн албаны өдор тутмын ажил болох практикийн ажилдаа өндөр оноо авлаа. Мөн мотоциклийн уран жолоодлогын тэмцээнд ганцхан хүнээс бусад нь маш амжилттай оролцлоо. Манайд маш олон авьяаслаг офицер ахлагч нар байдаг юм байна.

Нэг ёсондоо харуулын дарга нарынхаа нууцлагдсан авьяасыг илрүүллээ. Сэтгэл хангалуун байна гэсэн.
Ташрамд дурдахад Хил хамгаалах ерөнхий газраас тушаал гарган баталж харуулын дарга нарын сургалт дамжааг байгуулсан аж. Энэхүү харуулын дарга нарыг бэлтгэх дамжааг баруун бүст Баян-Өлгий аймгийн төвд, зүүн бүст Дорнод аймгийн хилийн отряд дээр байгуулж, анхны элсэгчдээ аван сургалтаа эхэлсэн юм байна. Ингээд тус тэмцээний аварга Я.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариу авсан юм.

-Хилчин болоод хэр удаж байна. Аль аймгийн уугуул вэ?
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат. Анх 2000 онд хилийн хугацаат цэргийн албанд татагдаж Дорно-говийн Сулинхээрийн хилийн ангид алба хаасан. Хил дээр алба хаах чинь их гоё шүү дээ. Яагаад ч юм цэргийн алба хаах хугацаа дуусахад би улирмаар санагдаад, бүр цэргийн хүн болохсон гэдэг хүсэл төрөөд л улирчихсан. Одоо ингээд цэргийн хүн, тэр дундаа хилийн харуул дээр алба хааж байгаадаа их баяртай байдаг юм аа.

-Хаа байгаа Сэлэнгийн хүн Баян-Өлгий аймагт алба хаана гэдэг сонин байна шүү. Гэр бүлтэй юу?
-Хүний хувь заяаг тааж хэлэх арга байхгүй юм шиг санагддаг. Тэгээд ч хилийн цэрэгт алба хааж байгаа хүн өөрөө тэнд очно, энд ажиллана гэх эрх байдаггүй юм. Эх орон хаана дуудаж байна. Тэнд очиж л алба хаах ёстой гэж би боддог. Эхнэртэй. Манай эхнэр Баян-Өлгий аймгийн харьяат. Өдоо аймгийн төвд багшилдаг юм.

-Залуу хүмүүс тусдаа байх хэцүү биш үү. Хамт нэг дор амьдрахсан гэж бодохгүй байна уу?
-Гайгүй шүү. Гэхдээ хааяа бодогддог л юм. /хэсэг дуугүй суув/ Сүүлийн үед бид хоёр ярилцаад л байгаа. Тэгж байгаад нэг их удахгүй шийдэх л болох байх. Хил дээр алба хаах гоё шүү дээ. Заримдаа биднийг энгийн хүмүүс ойлгохгүй байж болох юм. Гэхдээ улсынхаа хил дээр өглөөний нарыг угтах гэдэг их сайхан байдаг юм даа.

-Чи дөнгөж сая харуулын дарга нарын тэмцээнд түрүүлсэн?
-Тиймээ. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд би өөрийгөө энэ тэмцээнд түрүүлнэ гэж бодож байгаагүй. Харин эхний гурван байранд орчих юм сан гэж бодож байсан. Манайхан бүгдээрээ их хүчтэй, тэнцүүхэн өрсөлдөгчид байсан болохоор түрүүлэх тухай бодож байсангүй. Гэтэл түрүүлчихдэг байгаа.

(Өнөөдрийн монгол 226/396)
Х.Санаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button