УБТЗ-д хийсэн шалгалтын дүнг танилцуулжээ

Монгол-Оросын хамтарсан УБТЗ-д хийсэн шалгалтаар багагүй зөрчил илэрсэн тухай ОХУ-ын Интерфакс агентлаг мэдээлжээ. Cap гаруйн өмнөөс хоёр улсын хамтарсан ажлын хэсэг УБТЗ-д шалгалт хийж байгаа юм. Илэрсэн зөрчлүүдээс дурдвал, их хэмжээний ер, дотоодын тээврийн үнийг өөрийн өртгөөс доогуур тогтоосон, мөн тээврийн үнэд үндэслэлгүйгээр хөнгөлөлт үзүүлдэг зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна. ОХУ-ын Санхүүгийн хяналтын хэвлэлийн албанаас Интерфакс мэдээлснээр өнгөрсөн мягмар гаригт шалгалтын дүнг хоёр талын хамтарсан ажлын хэсэг авч хэлэлцсэн байна. Шалгалтад 2003-2005 оны санхүүгийн бичиг баримтуудыг хамруулжээ. 2005 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар УБТЗ-ын өр 61,4 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн өр 1,1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хугацаа хэтэрсэн өрийн 75 хувь нь 2002-2003 онд үүссэн аж.

Мөн тус байгууллага үндсэн хөрөнгийнхөө дахин үнэлгээг Монголын хууль тогтоомжийн дагуу хийлгээгүй байсан нь илэрчээ. УБТЗ-д техникийн шинэчлэл хангалтгүй хийгддэг, ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмж ихээхэн хуучирсан гэдгийг шалгалтаар мөн тогтоосон байна. Дотоодын зорчигч тээврийн тариф нь бодит үнээс доогуур байгаа нь алдагдал үүсэх нэг нөхцөл гэж үзжээ. Үүнээс гадна зарим транзит ачаа тээврийг үндэслэлгүй тогтоосон хөнгөлттэй үнээр тээвэрлэснээс үүдэн 2004 онд гэхэд 2,6 сая швейцарь франкийн орлогыг төвлөрүүлж чадаагүй байна.

Хэдий ийм зөрчил байгаа ч ерөнхийдөө УБТЗ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж дүгнэсэн байна. 2005 оны цэвэр ашгийг 2003 онтой харьцуулахад 1,7 дахин өсчээ. 2004-2005 онд ачаа тээврийн хэмжээ дунджаар 12,5 хувь өссөн байна.
Шалгалтын дүнг Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Төмөр замын хэрэг эрхлэх газар, мөн Монгол Улсын Их хурал, ОХУ-ын Холбооны зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэжээ.

Ардын эрх сонин 229 /507/
А. Ангар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button