Оросын тагнуулчийн хэргийг сонсохоо түр хойшлуулав

Учир нь сэжигтэн өөрийн өмгөөлөгч нартайгаа зөвлөлдөж чадаагүй учраас ямар хэрэгт татагдаж байгаагаа төдийлөн ойлгоогүй ажээ. Сэжигтэнд өмгөөлөгч авах боломж гаргаж өгөхгүй байгаад Холбооны шүүгч гайхсанаа илэрхийлсэн байна.
Шүүгч сэжигтнийг баривчлан хорьж байгаа хилийн цэргийн албаныханд өмгөөлөх боломж гаргаж өгөхийг даалгажээ. Өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан хэрэгтээ Пол Уильям Хэмпэл гэсэн нэрийн дор Канадад амьдарч Оросын гадаад тагнуулын албанд ажиллаж байсан гэж Канадын сөрөг тагнуулын CSIS алба үзжээ.

Сөрөг тагнуулчдын яриагаар түүнийг баривчлах үед тагнуулч хүнд байх бүхэл бүтэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гарчээ. Түүнд таван янзын валют, богино долгионы дамжуулагч, гэрэл зургийн аппарат, нууц кодоор хамгаалагдсан таван sim карт байжээ. Мөн Канадын түүхийн гол гол зүйлийг санах бичлэг байсан байна. Тэрээр Канадад арав гаруй жил амьдарсан бөгөөд англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ. Энэ хугацаанд хэрэглэж байсан төрсний гэрчилгээний дагуу Пол Уильям Хэмпел То¬ронто хотод 1965 онд төржээ. Иргэний бүртгэл мэдээллийн төвд ийм нэртэй хүн тэр өдөр уг хотод төрөөгүй байлаа. Хэмпелийн паспортад тэмдэглэснээр бол тэрээр аврагчийн ажил хийдэг бөгөөд Мон¬реаль хотод амьдардаг хүн ажээ. Түүний жинхэнэ нэрийг зарлаагүй байна.

Хэмпел гэгч нь цэнхэр нүдтэй, хар үстэй, 192 см-ийн өндөртэй, 77 кг-ийн жинтэй юм. Канадын сөрөг тагнуулынхны мэдээгээр Хэмпел нь Оросын элитийн тагнуулын албаны хүн гэнэ.
Оросын сөрөг тагнуулын албанд АНУ Канадтай хамтран терроризмын эсрэг тэмцэж байгаа гэх боловч Оросын эдийн засагт туслах зорилгоор барууны орнуудаас аж үйлдвэрийн нууц мэдээллийг цуглуулж байдаг гэж Канадын CSIS алба мэдээлжээ.

Ардын эрх сонин 229 /507/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button