Гэнэн тэнэг эрчүүд минь дээ…

Эрчүүд ээ, та нар тэнэг юм уу эс бөгөөс гэнэн юм уу гэж асуух байна. Аль эсвэл та нар аминаасаа уйдчихсан хэрэг үү?
Албаны хүний хэлснээр биеэ үнэлэгчтэй бэлгийн харьцаанд орж буй эрчүүдиин ихэнх нь бэлгэвч хэрэглэхээс татгалздаг аж. Санасандаа хүрэхийн тулд хүч хэрэглэн хөл гарыг нь хөх няц болтол зодох энүүхэнд. Бүр хөдөлж чадахгүй болтол зодсон тохиолдол ч бий. Хохирогч Хууль хяналтынханд энэ тухайгаа хэлье гэвч буруу замаар будаа тээж буй учраас хүчгүйддэг аж. Энэ тухай нэгэн биеэ үнэлэгч хэлсэн юм. Хэн ч харсан биеэ үнэлдэг гэж хэлмээргүй тэр бүсгүй энэ ажлыг жил гаруй хийж байгаа гэнэ лээ. Ам бүл дөрвүүлээ. Аав, ээж нэг дүүгийн хамт амьдардаг. Уг нь тэрээр сургуульд сурдаг байсан ч сургалтын төлбөрөө төлж дийлэхгүй байснаас сургуулиа орхисон. Хэрвээ сургуулиа орхиогүй бол эдийн засагч мэргэжлээр төгсөх байж. Тэгээд банкинд ажиллах байжээ.

Одоо тэрээр Хувь заяандаа гомдох уу, хавь ойрынхондоо гомдох уу аль ч учраа олж чадахгүй хий дэмий л нулимс унагана. Тэгээд өөр ажил хийх гэж оролдсон ч бүтээгүй гэнэ. Түүнээс Үйлчлүүлэгчээсээ бэлгэвч хэрэглэхгүй гэвэл үнээ өсгөе гэдэг ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн аргаар тохиролцож болдоггүй юм уу гэж асуухад толгой сэгсэрсэн. Наад аргыг чинь бид армиараа хэрэгжүүлэх гээд дийлэхгүй байгаа юм. Эхлээд их л хичээдэг байлаа. Гэвч нэг бол зодуулна. Эс бөгөөс хоосон гуяа ганзагалж харьдаг учраас арга буюу эрчүүдиин хүссэнээр л байхаас аргагүйд хүрдэг тухайгаа нуусангүй. Бас үйлчлүүлэгчдийн ихэнх нь гэр бүлтэй эрчүүд байдаг гэсэн цочирдмоор үгийг палхийтэл хэлээдхэв.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албанаас Үе тэнгийн сургагч нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд та бүхнийг бэлгэвч л 100 хувь хамгаална гэдгийг сургалтанд оролцогчдод номлодог байна. Даан ч үйлчлүүлэгчид нь хэрэгжүүлэх боломжийг өгдөггүй. Ийм байхад ХДХВ-ийн халдвар эрсдэлтэй бүлгийнхнээс халихаас өөр яах билээ дээ.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээгээр ХДХВ-ийн халдвартай 25 хүн албан ёсоор бүртгэгдсэний дөрөв нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Үлдсэн 21 хүнээс нэг нь ДОХ-ын өвчлөлийн шатандаа орсон аж. Өөрөөр хэлбэл, түүний хувьд хорвоогын нарыг үзэх өдөр хоног хоногоор багассаар байгаа гэсэн үг. Гэтэл яагаад эрчүүд та нар аминаасаа уйдсан юм шиг эрсдэлтэй алхам руу тэмүүлээд байдаг юм бэ? Бэлгэвчийг хэрэглэж хэвш гэж Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайгийн хэлсэн нь нэг талдаа шоу шиг санагдаж болох ч эдгэшгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга болоод байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ.

Дээрх аргыг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн орны тоонд Тайланд орж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамнаас энэхүү хөтөлбөрийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Эрүүл мэндийн яамны ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобаль сангийн төслийн ажилтан Ч.Бямбаагийн өгүүлснээр дээрх аймагт хөтөлбөр хэрэгжсэнээр бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг эрс бууруулж чаджээ. Л.Гүндалай сайдын хэлснээр Бэлгэвч, бэлгэвч, бэлгэвч гэсэн үгсийг өглөө үдэшгүй дахин дахин давтаж, хэн бүхний сэтгэлд хоногшуулахсан.

Ардын эрх сонин 229 /507/
Г.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button