Солонгосоос данс нээлгэж, мөнгөө хадгалуулж, бас орон сууцны зээлд хамрагдаарай

Харилцагчиддаа байнга шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог ХААН банкныхан бас нэгэн баярт мэдээг танд дуулгаж байна
Ялангуяа ах дүү, хамаатан, садан, хань ижил нь Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байгаа хүмүүст. Харьд ажиллаж, амьдарч буй монголчууд маань ар гэрийнхэн, нутаг руугаа мөнгө гуйвуулах гэж багагүй бэрхшээлтэй учирдаг байсан. Харин жил гаруйн өмнөөс ХААН банк БНСУ-ын банкуудтай хамтран албан ёсоор мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тзгвэл энэ удаад тэд үйлчилгээгээ улам бүр өргөжүүлж байгаа юм байна. Энэ талаар ХААН банкны Бизнес хөгжлийн газрын захирал С.Сандагдоржоос тодрууллаа.

-ХААН банк БНСУ-аас мөнгөн шилжүүлэг хийх үйлчилгээ үзүүлдгийг уншигчид маань ялангуяа, Солонгос дахь монголчууд сайн мэднэ. Харин шинэ үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулна?

-Бид Солонгосын гурван банктай хамтарч мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ хийдэг. Харин ХААН Банк мөнгөн шилжүүлгээс гадна хугацаат болон хугацаагүй хадгаламжийн данс нээх, бүр цаашилбал орон сууцны зээл олгох үйлчилгээ үзүүлж эхэллээ. Мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг хоёр жил орчмын өмнөөс хийж эхэлсэн. Өнгөрсөн сараас эхлэн Шинхан банктай хамтран ХААН Банкны данс нээх, хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлэх ажлаа эхлээд байна. Манай шинэ үйлчилгээ бол Солонгосоос зөвхөн мөнгө гуйвуулах биш тэндээс ХААН Банкны өөрийн нэр дээрх харилцах болон хадгаламжийн дансаа нээлгэх, түүгээрээ дамжүүлан мөнгөө шилжүүлэх, мэн орон сууцны зээлд хамрагдах боломжийг олгож байгаа юм.

-Монголчууд Солонгосоос данс, хадгаламж нээх боломжтой боллоо. Тэгэхээр хадгаламжийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлана уу. Хугацаатай, хугацаагүй, урьдчилсан хүүг гээд…?

-Манай банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр байгаа. Солонгост байх өөрийн сонгосон хадгаламждаа мөн¬гөө хийгээд байж болно. Түүнээс гадна урьдчилсан хүүт хадгаламж гэдэг маань хадгаламжийнхаа хүүг cap бүр урьдчилан хамаатан садан, гэр бүлййн гишүүдэд нь олгож болдгоороо онцлогтой юм.

-Тухайлбал Монголд байгаа ээж аав, эхнэр нөхөр нь ч юм уу хадгаламжийнх нь хүүг cap бүр аваад ойрынхоо хэрэгцээнд зарцуулж байна гэсэн үг үү?

-Тиймээ. Урьдчилсан хүүг хугацаатай хадгаламжийн хувьд Монголд байгаа аав ээж, хамаатан садан, эхнэр, нөхөр нь харилцах дансаараа дамжүүлан түхайн хадгаламжийн хүүг нь авч болно.

-Солонгост ажиллаж байгаа монголчуудын ихэнх нь мөнгөө цуглуулж байгаад байр, машин худалдаж авах сонирхолтой байдаг. Тэгэхээр тэндээ ажиллаж байх хугацаандаа зээлээр орон сууц авах боломжтой болж байна үү?

-Тиймээ. Мөнгөө цуглуулж ирээд байр орон сууц авах биш. Тэнд ажиллаж байх хугацаандаа ч зээлээр орон сууц авч болно.

-Ямар шаардлага тавигдах вэ?

-Банкны үйл ажиллагаа цэвэр итгэлцэл дээр тогтож байдаг. Тийм болохоор бид Солонгост ажиллаж амьдарч буй иргэддээ мөн орон сууцны зээлд хамрагдах боломжийг олгож байгаа. Yндсэн шаардлагын хувьд манай банкны хадгаламж эзэмшигч байх, мөн хадгаламж байршсан хугацаа болон урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамаараад сарын 0.99-1.75 хувийн хүүтэй.

-Энэ зээлээр 25 сая хүртэл төгрөг олгоно гэжээ. Дансандаа 2-3 мянган ам.доллартай ч юм уу Солонгост очоод нэг их удаагүй байгаа хүмүүс зээл авч болох уу?

-Зээл авах хэмжээнээсээ шалтгаална л даа. Энэхүү зээлийн хувьд 25.0 сая төгрөг хүртэл буюу орон сууцны үнийн 70 хувь хүртэлх хэмжээг зээлээр авч болно.

-Солонгост байгаа монголчууд мөнгөө хүнд луйвардуулах ч юм уу, алдах гээд олон зүйл тохиолддог. Сүүлийн үед хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан хохирогчдын дийлэнх нь Солонгост ажиллагсад байсан ч гэгдэж байна. Түүний дэргэд банк бол илүү эрсдэлгүй найдвартай байх нь тодорхой. Ингэхэд Солонгост байгаа хүмүүсийн хэдэн хувь нь танайхаар үйлчлүүлдэг вэ?

-Мөнгөө алдаж хохирсон хүмүүс мэр сэр байгаа байх. Гэхдээ дийлэнх нь биш байх. Манай банк нийт 800 мянга гаруй харилцагчтай. Солонгосын хувьд үйлчилгээ Маань шинэ, эхлээд жил гаруйхан болж байгаа учраас нарийн тоо хэлэхэд хэцүү байна. Гэхдээ хууль журмын дагуу, зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа банкаар үйлчлүүлнэ гэдэг эрсдэл багатай, хүмүүс их талархаж байгаа.

-Жил гаруйн өмнө мөнгөн шилжүүлэг хийж байсан банк, банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, Солонгос дахь монголчууд мөнгөө хэрхэн шилжүүлэх вэ гэж сандралдаж байсан. Яг тэр үеэр танайх мөнгөн шилжүүлгийн үйлчилгээгээ эхэлсэн байх аа?

-Тиймээ. БНСУ-ын Санхүүгийн хяналтын хорооноос зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон. Гэхдээ ингэж үйл ажиллагааг нь зогсоосноор хувь хүмүүс эрсдэл хүлээсэн, мөнгөөр хохирсон зүйл байхгүй л дээ. Хууль ёсны дагуу, зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон нь илүү найдвартай, эрсдэлд санаа зовох зүйлгүй болсон. Бид нэгэнт энэ улсад үйл ажиллагаа явуулж байгаагийнх БНСУ-ын хууль дүрмийг хүндэтгэж ажиллах хэрэгтэй.

-Манайхан хувь хүнээрээ мөнгөө дайж өгч явуулах нь ч бий. Бас карго-гоор мөнгөө өгч явуулна гэж ярьдаг. Танайх 2000 ам.доллар гуйвуулахад таван мянган вонн / зургаан мянга орчим төгрөг/ -ийн шимтгэл авах юм байна. Энэ карго-ноос хямдхан гэсэн үг үү?

-Хүнээр дамжуулахад бол мэдээж эрсдэлтэй л дээ. Хоёр хүний харилцааг зохицуулахад хэцүү. Тийм ч болохоор зөвшөөрөлтэй банкаар дамжуулах нь илүү найдвартай. Карго-гоор дамжуулахад хоёр орчим хувийн шимтгэл авдаг байх. Тэгэхээр 200-300 ам.доллар ч юм уу, бага хэмжээний мөнгө шилжүүлэхэд хямд тусах байх. Харин их хэмжээний мөнгийг манай банкаар гуйвуулах нь илүү хямд. Тэгээд дээр нь найдвартай.

-Манай сонины цахим хувилбарыг Солонгост байгаа монголчууд их уншдаг. Тийм болохоор тэдэнд хандан илүү дэлгэрэнгүй зөвлөгөө өгнө үү. Тухайлбал, данс, хадгаламж нээхийн тулд хаана хандах вэ, мэдүүлгээ хэрхэн бөглөх вэ гээд?

-Энэ талаар манай банкны http// www.khanbank.com/ вэб хуудаснаас мэдээлэл авч болно. Мөн манай төлөөлөгч Сөүлд ажиллаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 010-3149-8600 утсаар лавлаж болно. Манайтай хамтран ажилладаг Шинхан банкинд очоод данс, хадгаламж нээлгэж болно. Банкны салбар дээр манай төлөөлөгч зөвлөгөө өгнө. Мэдүүлгээ латин үсгээр бөглөөд л болоо. Яаж бөглөх талаар манай төлөөлөгчөөс утсаар асуусан ч болно. Дашрамд сануулахад хагас бүтэн сайн өдөр ч тус банкны салбарууд ажиллаж байгаа. Хамгийн гол нь паспорттойгоо ирэх хэрэгтэй.

-Визийн хугацаа хэтэрсэн манайхны ярьдгаар хар-аар ажиллаж байгаа хүмүүс үйлчлүүлж болох уу?

-Зөвхөн паспорттой байх ёстой, визийн хугацаа дууссан эсэх нь хамаагүй. Банкуудын хувьд санхүүгийн үйлчилгээ чухал. Түүнээс биш цагдаагийн юм уу, цагаачлах албаны ажил хийхгүй. Үйлчлүүлэгч маань хар уу цагаан уу гэдэг нь бидэнд чухал биш. Санхүүгийн үйлчилгээгээ л үзүүлэх ёстой. Харилцагчийн маань нууцлал ямар ч эрхтэн дархтны эрх ашгаас дээгүүр тавигдах ёстой.

-Салбарууд нь хаана, хаана байдаг юм бэ?

-Монголчууд маань сайн мэднэ дээ. Манайхны сайн мэдэх Монгол тауныг тойроод хамтарч ажилладаг гурван банкны маань салбарууд байдаг.

-Уучлаарай. Бас нэг болгоомжлол байна. Хар-аар ажиллаж байгаа монголчууд банкаар үйлчлүүлэх гэж яваад баригдах вий гэдэг ч юм уу?

-Бид цагдаагийн үйл ажиллагааг зохицуулахгүй. Гэхдээ хууль бусаар ажиллахыг өөгшүүлж бас чадахгүй. Тухайн улсын хууль, журмыг хүндэтгэж үзэх ёстой. Зөвхөн банкаар үйлчлүүлэх гээд баригдах ч юм уу, Монгол таунаар дайрах ёстой болно гэж бодохгүй байна. Манайхан угаасаа хоорондоо мэдээлэл солилцох, уулзаж ярилцах, карго явуулах гээд уулзаж учирдаг, бас нийгмийн хэрэгцээ гэж байна. Түүнээс гадна бид заавал Сөүлд юм уу Монгол таунд ирэхгүйгээр үйлчилгээгээ авах боломжуудыг эрэлхийлж байна. Гар утас интернэтээс шилжүүлэг хийх гэх мэт. Түүнээс гадна манай үйлчлүүлэгчид интернэтээр дансаа хянах боломжтой. Манайд данс нээлгэсэн тохиолдолд интернэтийн үйлчилгээг үнэгүй үзүүлнэ.

-Шилжүүлгээ утас интернэтээр хийх гэж үү?
-Тухайлбал цалингийн данснаасаа шууд өөрийнхөө дансанд мөнгөө шилжүүлэх, түүнийгээ Монгол руу мөн шилжүүлэх гэх мэт замыг эрэлхийлж байна. Албан бус тоогоор Солонгост 25 гаруй мянган монголчууд бий гэдэг. Тэдэнд бид банкны үйлчилгээг хамгийн шуурхай, найдвартайгаар хүргэхийг хичээж байна. Энэ бол бас манай 800 гаруй мянган харилцагчдын хүсэл, захиалга гэдгийг хэлэх хэрэгтэй. Манай банкны харилцагчдын гэр бүл, хамаатан садан, ах дүүс нь Солонгост ажиллаж амьдардаг. Тэд маань ийм үйлчилгээ явуулаасай гэсэн хүсэлт гаргасан юм.

Ардын эрх сонин 229 /507/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button