Азарган тахиа донгодоод л байвал өндөг цувраад л байх уу?

Тахианы өвөг нь хэн вэ?
Одоогийн тахианы өвөг нь хагас мянганы тэртээ Энэтхэгийн ойд амьдардаг байсан Банкивийн тахиа гэнэ. Тэд биеэр одоогийн тахианаас бага бөгөөд жилд 1-2 удаа л өндөглөдөг байжээ.

Шил тээрэмдэгч
Тахианы-хоол боловсруулах хамгийн гол эрхтэн нь гүеэ. Залгисан нунтаг шил гүеэнд нь наалдаж ходоодонд буй хоолыг тээрэмдэх үүрэг гүйцэтгэдэг байна.

Тахианы залаа ч амттай хоол
Мэдээж, хамгийн түрүүнд өндөг, мах, өд, сөд. Манайхан л идэж заншаагүй болохоос тахианы сарвуу, залааг ч гадаадынхан хүнсэндээ хэрэглэсээр байна. Биологийн үржил шимтэй бордоо болдог сангас нь бас л ашиг. Бид чинь таван хошуу мал дээрээ нэмээд хурц хошуутай ийм нэгэн малтай гэдгээ одооноос л мэдэх болсон.

Эм тахиа өндөглөхөд азарган тахианы хоолой л чухал
Эм тахианд хоол, ус, агаар нь таарсан бол өдөр бүр өндөглөнө. Мэдээж, хамгийн чухал нь азарган тахиа. 20-30 эм тахианд галц азарган тахиа байхад л таарна. Гэхдээ нэг бүрчлэн хөөнө гэвэл ганц дайчин хаанаа ч хүрэхгүй. Гэсэн ч өдөр бүр өндөг цуварсаар байдаг шүү дээ. Үүний нууц нь азарган тахианыхаа донгодох чадвараас эмэгчингүүдийнх нь төрөлт хамаардаг гэнэ шүү.

Хоёр азарга нэг сүрэг-т хэзээ ч таардаггүй
Азарган тахиа сүрэгтээ өөр азаргыг хэзээ ч ойртуулахгүй. Ойртсон ч үхэх сэхэхээ үзээд л дуусна. Гадаадын зарим оронд том бооцоотой тахианы зодоон эхлэхээсээ өмнө өрсөлдөгч хоёрын дунд ганц эм тахиа тавьж зодоон эхлүүлдэг нь үүнтэй холбоотой гэнэ. Дашрамд дурдахад манай оронд Оросын цагаан, орон нутгийн, Хятадын хар гэсэн тахианы үүлдрүүд байдгаас хамгийн сайн, азарган нь бүрд тахиа буюу дээрх гурван үүлдрээс эрлийзжүүлсэн байдаг гэнэ.

Азарган тахиа халамжтай хань
Хичнээн өлсч байсан ч азарган тахиа эм тахиануудаа хооллож дууссаны дараа л хооллодог гэнэ. Сүрэг нь амарч байсан ч өөрөө ямагт харуулд гарах бөгөөд гэнэтийн аюул ирвэл эм тахиануудаа гэрт нь оруулаад өөрөө хамгаалж үлддэг гэнэ.

Ардын эрх сонин 229 /507/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button