Ерөнхий сайд М. Энхболдын айлчлал үргэлжилж байна

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд айлчлалынхаа эхний өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай албан ёсны хэлэлцээ хийлээ. Вэнь Зябао Ноён Ерөнхий сайд М. Энхболд таны манай улсад хийж буй айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болохын зэрэгцээ эдийн засаг худалдааны салбарт шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна. 4700 орчим километр нутгаар хиллэдэг манай хоёр улсын хувьд харилцаагаа улам өргөжүүлж байгаад таатай байна гэлээ. Нэг цаг орчим үргэлжилсэн Засгийн газар хоорондын хэлэлцээ амжилттай болж дууссаны дараа хоёр тал нийтдээ 8 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээрээс юуны түрүүнд Эгийн голын усан цахилгаан станцыг барихад зориулж олгох 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг нэрлэж болно.

Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэллээ.

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өглөө
Presidential plaza зочид буудад болсон Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтын нээлтэд оролцож үг хэллээ
Тэрбээр хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байгааг тэмдэглээд, Монгол Хятадын сайн хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн, бодит үйл хэрэг болгоход бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа чухал гэдгийг онцлов. Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг бүхий л хүрээнд дэмжиж гадаадын хөрөнгө оруулагчдыг аль болох эрх зүйн таатай орчноор хангах бодлогыг баримталж буй гэдгийг хэллээ. Мөн БНХАУ нь сүүлийн долоон жилд Монголд хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд дурдлаа.
Дараа нь БНХАУ болон гадаадын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд зориулж Бээжин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Уг арга хэмжээнд гадаадын Элчин сайд, дипломат ажилтнууд, мөн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид нийт 80 гаруй хүн оролцлоо. Хэвлэлийн бага хурал өндөрлөсний дараа Ерөнхий сайд М. Энхболд Хуавэй компанид зочлоход тус компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Цао Сунзэ угтаж авлаа. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Хуавэй компанийн бараа бүтээгдэхүүний дээж байрлуулсан танхимыг орж сонирхлоо.

Мөн өдөр Ерөнхий сайд М. Энхболд Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Зя Цинлинтэй АИХ-ын ордны Шинжаан танхимд уулзлаа.
БНХАУ нь өөрийгөө олон намын тогтолцоотой улс гэж үздэг. Тус улсын Үндсэн хуульд … ХКН тэргүүтэй олон намын хамтын ажиллагаа, улс төрийн зөвлөлдөх тогтолцоо нь урт хугацааны туршид оршин тогтнож хөгжинө гэсэн заалт бий. Олон нам гэдэг нь Гоминьданы хувьсгалт хороо, Ажилчин тариачны ардчилсан нам зэрэг 8 нам, бүлэг юм. Эдгээр нам, бүлэг нь Үйлдвэр, худалдааны холбооны хамт БНХАУ-ын хувьд Эх оронч нэгдсэн фронт-ыг бүрдүүлдэг. Энэхүү нэгдсэн фронтын гол байгууллага нь Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл (БХАУТЗЗ) юм.
У Бангуотай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуотай АИХ-ын ордны уулзалтын танхимд уулзлаа. Энэхүү уулзалтын дараа Ерөнхий сайд М. Энхболдод Бээжин хотын дарга Ван Чишань бараалхлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд БНХАУ-ын Төв телевиз CCTҮ-9-д ярилцлага өглөө

/Засгийн Газрын Хэвлэлийн албанаас манайд мэдээллээ/

2006.11.23

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button