Хүйн халдвар асван хүүгийн ээж Цэрэндулам Миний хүүг хоёрдугаар төрөх, эх нялхсын эмч нар үхэлд хүргэчихлээ

Энэ өвчин ихэвчлэн хүйн халдвараас гардаг өвчин. Яахаараа одоо болтол халдварыг багасгах арга хэмжээ аваагүй байдаг билээ. Хүүд чинь өнөөг хүртэл халдварын эсрэг ямар ч эмчилгээ хийгдээгүй байна. Хагалгаа хийлгэсэн бол дээрдэх боломж байсан. Танай эмнэлгүүд хагалгаа хийгээгүй юм уу гээд гайхаж байсан…
Хүйн халдвар өвчин гарч нэг нярай эндэж, хэд хэдэн хүүхдийн бие муу байгаа талаар яригдах болсон. Энэ өвчин саяхан гарсан мэтээр ярьж хэлж байгаа ч үнэн хэрэгтээ энэ аймшигт өвчин өнгөрсөн таван сард гарсан юм байна. Энэ үед төрсөн хүү анхны халдвар тээж, улмаар тархины менингит хэмээх оноштойгоор тархи нь биенээсээ хоёр дахин томорч эмчилгээгүй, хэдхэн хоногийн настай гэгдэн гэртээ гарсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ Хүн болох ховорхон заяаг олж энэ хорвоод ирчихээд эмч, эмнэлгийн ажилчдын буруугаас болж орчин тойрноо бүү хэл ээжийгээ ч мэдэрч чадахгүй энэ хорвоогоос буцах болж буй зургаан сартай Цэнгүүн хүүгийн эх Цэрэндуламтай уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгуй юу. Чухам юуны учир манай сонинд хандах болов?

-Намайг Цэрэндулам гэдэг. Би 25 настай анхныхаа төрөлтөөр энэ хүүгээ төрүүлсэн юм. Хүүхэдтэй боллоо гэж баярлан есөн cap халуун хэвлийдээ тээж, хүсэн хүлээж байж гаргасан үрийг минь ажлаа мэддэггүй хариуцлагагүй эмч нар үхэлд хүргэчих юм гэж даанч санасангүй. Би хүүгээ тавдугаар сарын гурванд хоёрдугаар төрөхөд төрүүлсэн. Хоёрдугаар төрөхийг олон жилийн туршлагатай, мэдлэг чадвартай эмч нартай гэж итгэсэндээ л тэнд амаржсан. Гэвч би эндүүрсэнээ толгойгоо даалгүй амьсгал нь бөгөлчих гээд амь тэмцэн өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байгаа нялх үрээ хараад ойлгохын дээдээр ойлгож сууна. Үнэндээ хүү минь энэ хорвоод ээж, аав хоёрынхоо хүслэн болж ирчихээд нэг удаа ч баярлаж инээж үзсэнгүй. Ээж аавыгаа таниж чадалгүй, эм тарианаас салалгүй явсаар одоо хорвоог орхих дээрээ тулаад байна.

-Чухам юунаас болж хүү тань ийм өвчин туссан гэж бодож байна. Одоо бие нь ямархуу байгаа вэ?

-Тархины хапдварт менингит оноштой. Төрснөөс нь авахуулаад өдийг хүртэл бид хоёрт очоогүй эмнэлэг гэж байхгүй. Гэсэн ч аль ч эмнэлгийн эмч бидэнд төрөхийн халдвараас болжээ гэж хэлээгүй. Харин толгой нь усжсан тухай зургаан сард ЭХО-д харуулаад мэдсэн. Тэр үед эх нялхаст хэвтэж байхад хариуцсан эмч Цэвэгсүрэн хүүгээс маань нугасны ус автал тунгалаг гарсан гайгүй гэхэд нь бид маргааш нь эмнэлгээс гарахаар болтол тэр шөнөө л толгой нь томроод хоносон. Тэгээд ЭХО-д харуултал толгой нь усжсан байна гэсэн. ЭХО-ны эмч өвчний түүхийг нь уншиж зогссоноо тархиндаа өөрчлөлтгүй гэсэн хүүхэд яахаараа усжсан байдаг билээ гэж байсан. Өвчний түүх дээр Цэвэгсүрэн эмч 5-р сарын 10 Ц.Цэнгүүн нь тархи
нугасандаа өөрчлөлтгүй гэж бичсэн байсан. Харин найман сард гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн тасгийн мэс заслын эмч Хүүхдэд чинь мэс засал хийвэл эдгэнэ. Харин чи 800 мянган төгрөг аваад ир гэсэн. Энэ их мөнгө юуны төлбөр болохыг асуутал Хагалгааны дараа тархинд суулгадаг гуурсны үнэ. Америкаас манайд нийлүүлэгдэж байгаа. Их үнэтэй эддээ гэсэн. Тэр их мөнгийг бид олж чадаагүй болохоор хагалгаа хийлгэж чадаагүй. Харин есдүгээр сард Америкаас эх нялхасд эмч нар ирэхэд нь хүүгээ үзүүлсэн. Тэгэхэд л хүүгээ ямар халдвар тээснийг хэзээ мөдгүй үхэх болсоныг мэдсэн дээ. Бас гуравдугаар эмнэлгийн эмч нар хүүгийн минь өвчнөөр бизнес хийх гэж байсныг ч тэднээс мэдсэн.

-Энэ талаараа тодруулахгүй юу?

-Америк эмч нар бидэнд хэлэхдээ төрөх үед авсан тархины халдварт менингит гэдэг өвчин байна. Хэтэрхий оройтжээ. Хаана төрсөн юм. Энэ өвчин ихэвчлэн хүйн халдвараас гардаг өвчин. Яахаараа одоо болтол халдварыг багасгах арга хэмжээ аваагүй байдаг билээ. Хүүд чинь өнөөг хүртэл халдварын эсрэг ямар ч эмчилгээ хийгдээгүй байна. Хагалгаа хийлгэсэн бол дээрдэх боломж байсан. Танай эмнэлгүүд хагалгаа хийгээгүй юм уу гээд гайхаж байсан. Бидэнд их хэмжээний мөнгө олдоогүй болохоор хагалгаа хийлгэж чадаагүй гэсэнд Бид гуурсыг үнэгүй нийлүүлдэг учир 800 мянган төгрөг орох боломжгүй гэж хэлсэн. Харин тэр эмчийн хамт гуравдугаар эмнэлгийн эмчтэй уулзахад 800 мянга бол бидний ажлын хөлс. Би гуурсны үнэ гэж огт хэлээгүй гэсэн.

-Үүнээс хойш ямар нэгэн эмчилгээ хийгдсэн үү?

-Нэгэнт оройтсон болохоор эмнэлгүүд эмчилгээгүй юм чинь аваад гар л гэдэг. Зарим эмч Би ямар танай хүүхдэд өвчин наачихсан биш. Бидэнд хамаагүй, манайх авахгүй гэж уурлана. Бүр хүүхдэд маань том толгойт нэр хүртэл өгчихсөн байсан. Одоо эмчилгээгүй болохоор ямар ч аргагүй гэртээ авч гарчихаад л байж байна.

-Хоёрдугаар төрөхөд амаржаагүй бол хүү тань эрүүл саруул өсөх байсан гэдэгт та итгэлтэй байна уу?

-Яг тийм.Эмч нар нь маш хариуцлагагүй юм билээ. Намайг төрөх орон дээр гараад ус нь гарчихаад байхад тоохгүй гараад алга болцгоочихсон. Орж ирэхэд нь хүүхдийг минь аваач гэхэд За юун сүртэй юм болоогүй л байна даг гэж загнаж байсан. Тэгээд л хугацаа алдаж хүү минь бүтэлттэй төрж, төрөхдөө халдвар авсан. Ганцхан надад ч хариуцлагагүй хандсан юм биш. Надаас өмнөхөн эрүүл саруул амаржсан хорь гаран настай эмэгтэй төрснийхөө маргааш нь цус алдсаар нас барсан. Түүнийг гэнэт их цус алдаж эхлэхэд эмчээ дуудсан ч ирэхгүй байсаар байгаад тэр эмэгтэй тусламж авч чадалгүй нас барсан.Би маш их гомдолтой байна. Эмнэлгээс эмнэлэг дамжих бүр эмчилгээгүй гэсэн үг сонсоход үнэхээр хэцүү. Хүсэн хүлээн байж эрүүл саруул төрүүлсэн үрээ өнөө маргаашаас хэтрэхгүй настай болсон гэдэгт итгэж чадахгүй нь. Миний хүүгийн амь нас ийм дээрээ хүрсэнд хоёрдугаар төрөхийн эмч, эх нялхсын нярайн эмч Цэвэгсүрэн, мэдрэлийн тасгийн эрхлэгч Ууганцэцэг, хүүхдийн тасгийн эмч Болормаа нар шууд хамааралттай. Би маш их гомдолтой байна.

Өглөөний сонин 39 /39/
Г. Оргилсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button