Басраг ирэх хавар Иракийн хяналтад шилжүүлж өгнө

Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн сайд Маргарет Беккет парламент дээр мэдэгджээ. Иракт үйл явдал яаж ч өрнөж болзошгүй тул хяналтаа гартаа авах боломжийг иракууд алдаж болохгүй юм. Гэвч Британийн цэрэг Иракийг орхин явах тухай яриа гараагүй юм байна. Иракийн өмнөд хэсэгт Британийн 7200 цэрэг үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ихэнх нь Басра хот болон түүний эргэн тойронд байрлаж байгаа аж. Хяналтыг Иракийн хүчинд шилжүүлэн өгсний дараа ч Их Британи тодорхой тооны цэргээ үлдээж, иракууд Басраг хэрхэн хяналтдаа авч байгааг ажиглах юм. Зарим тоймчийн баталж буйгаар, Басра дахь Британийн цэргүүд хотоос гарч илүү аюулгүй газар шилжин байрлах юм байна. Иракуудад хяналтыг шилжүүлэх үйл явц Синдбад хэмээх ажиллагааны амжилтаас ихээхэн шалтгаална хэмээн Басра дахь Британийн цэргийн хүчний төлеөлөгч, ахмад Тейн Данлоп онцоллоо. Иракийн цагдааг бэлтгэх гол зорилготой Синдбад ажиллагаа ирэх хоөрдугаар сард дуусах юм.
Иракийн Гадаад хэргийн сайд Хошияр Зебари ВВС-д өгсөн ярилцлагадаа 2007 оны хавар нь Басрагийн хяналтыг шилжүүлэн авахад нэн тохиромжтой үе юм хэмээн мэдэгдэв. Иракийн хүчинд хяналтыг шилжүүлэн өгөх үйл явц Иракийн бүх 18 мужид болох бөгөөд энэ үйл явц ойрын ирээдүйд дуусах ёстой хэмээн Х.Зебари үзэж байна. Их Британийн консерваторууд М.беккетийн мэдэгдлийг дэмжиж байна. Мөн сүүдрийн Засгийн газар, либерал ардчилсан намынхан хяналтыг шилжүүлэн өгөх нь зүйтэй гэсэн аж. Дашрамд сонирхуулахад, аравдугаар сард Иракт амь насаа алдсан энгийн иргэдийн тоо 3700-д хүрчээ. Есдүгээр сард 3300 иргэн алан хядлагын золиос болж байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button