Доргоны мах хавдар анагаадаг уу

Тэгвэл энэ бүгдэд мэргэжлийн эмч юу гэж хариулах бол. Манай сонины пүрэв гариг бүрийн дугаарын энэ буланг П.Н.Шастиний нэрэмжит клиникийн төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын эмч, анагаах ухааны доктор Б.Болдсайхан хөтлөх болно. Ард түмний дунд тархсан яриа хэр үнэн байдаг бол. Уншигч та сонирхсон асуултаа 313499, 99133830 дугаарын утсанд ирүүлээрэй.
Та асуу, эмч хариулаг.

-Валидол зүрхний эм мөн үү. Ямар тохиолдолд уудаг вэ?
-Валидол бол яг зүрхний эм биш. Энэ эмийн үндсэн найрлагад валериан гэж говийн ургамал байдаг. Мазаалай үндсийг нь иддэг шүү дээ. Энэ эмийн гол нөлөө нь тайвшруулах үйлчилгээтэй. Хүн валидол уухаараа тайвширч, өвдөж байсан зүрх нь гайгүй болчихлоо гэж боддог юм шиг байгаа юм. Түүнээс биш зориулалтаараа зүрхний эм биш.
Ер нь бол айлын эмийн санд заавал байх ёстой эм биш. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бамбайн хордлоготой, түүнээсээ болж сэтгэлийн айхтар цочролд ордог хүмүүс валидолыг эмчийн тусламж автлаа ууж болох юм.

-Хүний зүрх өвдөхөд таргалдаг уу?
-Уг нь эсрэгээрээ. Хүн таргалснаар зүрх өөхөлнө. Өөхөлсөн зүрхний ачаалал ихэсч, зүрх муу ажиллана. Yүний улмаас судас нарийсна, даралт ихэснэ. Yүнээс гадна, зүрх муудаад хавагнаж болно. Хаванг таргалалтаас ялгах хэрэгтэй.

-Кофе их уухад зүрх савладаг нь ямар учиртай вэ?
-Кофед кофеин гэдэг бодис бий. Кофеин нь хүний уртавтар тархинд байгаа зүрх судасны доод төвүүдийг цочроож сэргээж өгдөг. Мөн шууд бор давхаргад сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр яг л эмтэй адилхан. Тунг нь тааруулахгүй, ихээр уувал зүрх савлана. Ер нь кофе Турк, Арабаас гаралтай. Өглөө, өдөр нь жижиг аягаар 50 гр орчим л уудаг. Араас нь ус ууна. Европт тархсан хэлбэр нь ч тийм. Харин манайхан муу чанартай кофе том аягаар уувал уртавтар тархинд байгаа зүрхний дээд төвүүдийг цочроогоод түргэн агшаана, хэтэрхий мэдрэмтгий болгоно.

-Нойр муудах нь зүрхэнд нөлөөлөх үү?
-Нойр муудах нь хамгийн түрүүнд мэдрэлд нөлөөлнө. Хүн дээд тал нь 72 цаг нойргүй байж чадна. Би өөрөө 72 цаг нойргүй байж үзсэн. 73 дахь цаг дээрээ юм ярьж байхдаа унтаад байсан. Ер нь нойр муутай удаан хугацаагаар явбал зүрхэнд муу. Зүрх туйлдаж ядардаг эрхтэн шүү дээ.

-Доргоны тос, мах хавдарт сайн гэж хүмүүс зөвлөдөг нь үнэн үү?
-Манайхан сүүлийн үед ходоодны хавдартай хүний өвчнийг анагаах гэж доргоны тос их хэрэглэх болжээ. Дорго баавгайн төрлийн амьтан. Баавгайтай адил хүчирхэг, бас шингэн тостой амьтан. Ханаагүй хүчлүүд ихтэй.
Миний хувьд доргоны мах, тос сайн гэдэгт итгэхгүй байна. Олон ч таньдаг хүмүүс маань хэрэглэж байсан. Ач тусаа өгөөд эдгэрсэн гэж сонсоогүй. Ийм ярианд итгэж, манайхан өвчтэй байгаа хүнээ ч, ар гэрийг нь ч хуураад байгаа юм. Түүний оронд мэс засал, туяа зэрэг шаардлагатай эмчилгээг нь хийлгээд явбал хамаагүй үр дүнтэй. Ер доргоны тос, махыг манайхаас өөр гадаадын ямар ч оронд хэрэглэдэггүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button