МАХН-ын Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Н.Гантулга Монгол төрийн дээр нам, намын дээр хүүхдүүд гарчихлаа

Хууль баталсны дараа л далд гар ордог

-МАХН дотроосоо шинэчлэгдэх ёстой гэдгийг танай ерөнхий нарийн бичгийн дарга хэлдэг. Энэ нь нэг талаас намаа шинэчлэхийг хүлээн зөвшөөрч та нарыг дэмжээд байх шиг. Харин та гадна талаас нь хийнэ гэхчилэн нэлээд зөрүүтэй зүйлүүд яриад байдаг?

-Намын төдийгүй нийгмийн шинэчлэлийг дэмжиж байгаа хүнийг хардаж хэрэггүй ээ. Ялангуяа бидэнтэй холбож. Цаг нь болсон, нөхцөл тохироо нь бүрдсэн гэдгийг массын димлэнхи олонх нь хүлээн зөвшөөрч байна. Цөөхөн тооны хуучинсагууд үзэл суртлын төөрөгдлөөрөө, амьдрах бүр хоолоо олж идэх аргаа бялдуучлал болгосон, зальтай хүмүүсийн зараалын морь болсон залуу, идэрхэн насны хүүхэлдэйнүүд л учир мэдэхгүйгээр эсэргүүцэж будилж яваа. Намын шинэчлэлийг зөвхөн дотроосоо хийх нь учир дутагдалтай. Аливаа систем дотроо байнга зөв байдаг учраас шинэчлэлийн эрэлтийг дотооддоо мэдэрдэггүй. Тиймээс системийн шинжтэй шинэчлэлийг дотроосоо ч, гадна талаасаа ч нөхцөл байдлаа зөв үнэлж, эрэлтээ мэдэрч, цаг хугацааг нарийн тооцож шинэчлэлийн үзэл санаа массад хүрч, улмаар хүрч болох үйл явцыг нөхцөлдүүлэн байж хийдэг.

-Та хуучинсагууд гэлээ коммунист-ууд биш үү?

-Хэт үзэл суртлын төөрөгдөлд хүлэгдсэн хувьсгалчид юм даа.

-Тэгвэл танай нам чинь хувьсгалт гэсэн тодотголтой шүү дээ?

-Тийм ээ, ялангуяа үүнийг гадныхан их цочирдон хүлээж авдаг юм билээ.

-Танай хөдөлгөөнийг зөвхөн Онц их хурал-ыг хуралдуулан намын даргаа өөрчлөх зорилготой гэх юм?

-Мэдээж намын их хурлаар намын даргын асуудал яригдана. Хэрхэн, яаж шийдэх нь их хурлын төлөөлөгчдийн эрх. Хармн бидний зорилго их өөр, бүр тодорхой шүү дээ. МАХН-ыг системийн хямралаас гаргаж, ард иргэд, дэмжигчдийнхээ итгэлийг хүлээсэн, гишүүдийнх нь нам болгон өөрчилж, намын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Мөн ирэх сонгуульд амжилттай оролцон, мөрийн хөтөлбөрөө дангаараа хэрэгжүүлэх боломж олгон, улс орноо цоо шинэ замаар авч явах орчин цагийн жишиг намыг бий болгоно. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд намын шинэчлэлийн концепци, мөрийн хөтөлбөр, намын дүрэм, дотоод хяналтын болон ёс зүйн байгууллагын дүрэм, журмуудыг шинэчлэн боловсруулах, намын хэвлэл, санхүү, боловсон хүчний бодлого, сургалт судалгаа, ил тод, нээлттэй, шударга байх оновчтой бүтэц, хэлбэрийг олох, намын шинэчлэлийн үзэл санааг түргэн дэлгэрүүлэх зэрэг олон арван зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

-Онц их хурлын төлөө хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат, Байгаль орчны сайд асан У.Барсболд нарын нэр гараад байна. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?

-Ямарч тайлбар хийхгүй. Цаг нь болохоор бүх зүйл ил болохоос гадна байр байраа олдог. Энэ хоёр маань хоёулаа миний сайн нөхдөөс гадна манай намын сайн бэлтгэгдсэн боловсон хүчнүүд.

-Танай хөдөлгөөн байгуулагдаад нэлээд хугацааг үдлээ. Одоо хийсэн бодит ажлынхаа талаар ярих цаг чинь нэгэнт болсон санагдана?

-Бид барилгын ч юм уу тийм материаллаг бус оюун болон үзэл санааны агуулга том ажлыг зохион байгуулсан. Богинохон хугацаанд маш амжилттай ажилласан. Маш товчоор дүгнэн хэлбэл намын гишүүд, дэмжигчид төдийгүй олон түмэнд шинэчлэлийн ач холбогдлыг мэдрүүлж, үзэл санаа тээгчид, олонхийг нь дэмжигч болгож чадлаа. Манай намын доторх хөлдүү, царцанги байдал гэсэж, дотоод ардчилал сэргэж, хүмүүс гагээрч, хөдөлгөөнд орлоо. МАХН-д гарцаагүй шинэчлэл хэрэгтэй гэдгийг баталлаа. Энэ нам шинэчлэгдэж чадвал улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй гэдгийг хүмүүс ойлгож байгаа нь бидний ажлын таны хүсээд байгаа бодит үр дүн. Намын үүртээ бүртгэлтэй, татвар хандиваа өгдөг, намын ажилд тогтмол оролцдог бидний үнэлэмжээр намын гишүүн гэж тооцож байгаа бараг бүх хүмүүст хүрч Онц их хурлыг хуралдуулж намаа шинэчлэхийн төлөө гарын үсэг зурууллаа. Намын шинэчлэлийн концепци болон намын бүхий л харилцаануудыг зохицуулах цоо шинэ баримт бичгүүдийн эхний хувилбаруудыг төсөл байдлаар боловсрууллаа.

Өмнөх мөсөн уулаа хэлэхгүй бол хамтдаа сүйрнэ биз дээ

-Зарим улс төрчдийн яриад байгаа шиг төрийн хямрал үнэхээр дээд цэгтээ хүрээд байна гэдэгтэй та санал нийлэх уу?

-Би төр гэдгийг арай өөрөөр ойлгодог. Монгол төр бол та бидний үе үеийнхний үнэт зүйл, үзэл санаа. Харин өнөөгийн нийгэм болон төрийн байгууламж системийн хямралд орсон гэдэгтэй санал нийлнэ. Төрийн дээр нам, намын дээр хүүхдүүд гарсан. Хүүхэддээ хайртай Монгол хүн хүүхдээ эрхлүүлэхдээ хэзээ ч толгой дээрээ гаргадагтүй. Мөн балчираас нь тэжээвэр сэтгэлгээнд сургадаггүй. Энэ бол нэг их сайны бэлгэдэл биш байх аа. Нийгмийн бүхий л харилцааг зохицуулах учиртай хуулийн хямрал бас болж байна. Зарим хуулийг баталсны дараа далд гар орж агуулгаар нь өөрчилдөг болсноор төрийн эрх барих, хууль тогтоох дээд эрх мэдэлтэй УИХ-ын бүрэн эрх зөрчигдөж байхад эрх баригчид нүдээ аниад сууж байна. Юуг ч дийлэх эрх мэдэл, зэвсэг болсон хуулийг жам ёсны бус дур зоргын болгож байна. Энэ бол үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аюултай үзэгдэл. Ажилгүйдэл, ядуурал өдрөөс өдөрт нэмэгдэж, авилга туйлдаа хүрлээ. Хүмүүний харьцаа зэрлэгшиж, гэмт хэрэгжсэн нийгэм боллоо. Ингэж эрх баригчид өнөөгийн төрийн байгууламжийг нийгмийн хамтын амьдралыг зохион байгуулж чадахгүй болтол нь дампууруулсан.

-МАХН-ын удирдлагуудын дунд үүсээд байгаа хямрал зөвхөн атгасан гар шиг зангидаж чадахгүй байгаа М.Энхболдоос үүдэлтэй гэсэн байр суурьтай нийгмийн тодорхой хэсэг байдаг. Та намынхаа даргад болон удирдлагынхаа хямралд хэрхэн хандаж байгаа вэ?

-Ил тод, нээлттэй шүүмжлэлтэй хандаж байгаа. Намаа атгаж чадахгүй байгаадаа бус, тэгээд ч тэр ардчилсан сайн арга биш. Гагцхүү намын дарга ардчилсан, шударга өрсөлдөөний зарчмаар гарч ирээгүйгээс үүдэлтэй. Ийм хүнд юмтай учирч, халуун чулуу атгана гэж санаагүй байх. Цаашид тооцоолоогүй, төсөөлөө ч үгүй олон олон асуудлууд гарч байдал улам хүндэрнэ.

-Та хоёр чинь найзууд биз дээ. Ийм хүнд үед нь туслахгүй юм уу. Нөгөө талаасаа та эрх мэдэл, мөнгөтэй хүнтэй ийм тэмцэл хийхээсээ айхгүй байна уу?

-Би намын даргадаа маш тодорхой санал хэлсэн. Яах нь түүний хэрэг. МАХН гэдэг том хөлөг онгоц дээр бид хоёр хамт байгаа болохоор урдаа байгаа мөсөн уулыг хэлэхгүй яах юм бэ. Хэлэхгүй бол хамтдаа сүйрнэ биз дээ. Эрх мэдэл, мөнгөнөөс үнэтэй зүйл байдаг болохоор би юунаас айх юм. Хэн нэгэнд мөнгө хөрөнгийн капитал байвал надад шинэчлэлийн үзэл санаа, түүнийг хэрэгжүүлэх хүн, хүний капитал байна. Хэрэгтэй цагт үнэнийг хэлснийхээ төлөө, үзэл бодолдоо үнэнч байсныхаа төлөө юутай ч учрахад айх юм надад алга даа.

-Ардчилсан хувьсгал ялаад бараг хориод жил болж байхад МАХН томчуудынхаа ам, аяыг харж үгээ хэлдэг уламжлалаасаа салаагүй байгаа нь УИХ дээр ч харагддаг. Yүнд удирдлагын данхар аппарат буруутай юу?

-Үнэхээр манай нам аппаратжсан, хүнд сурталжсан, албан тушаалтнуудын нам болсон. Намын удирдах зөвлөлийн гишүүд тэр чигээрээ УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнтэй болж төрийг удирдаж, ёстой нөгөө атгаж байна. Олон хүн намыг төрийн дээр байгаад бухимдан, дургүйцэж байгаа. Манай нам Ленины загвараасаа яаралтай ангижирч, ардчилсан нийгмийн хэв загварт нийцсэн зохион байгуулалт, бүтэц, удирдлагын шинэчлэл хийх цаг нь болсон.

-Жигүүрийнхэн тань зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг албан тушаалаар амаа үдүүлсэн юм биш биз. Таныг ч мөн томоохон албан тушаалын төлөө энэ жүжгийг тавьж байгаа гэсэн мессеж явдаг?

-Хамгийн том албан тушаал бол үзэл санаа, хүн чанар гэж би хувьдаа ойлгодог. Эдгээр үнэт зүйлс эзэнтэй хамт мөнхөрдөг.Харин албан тушаал бол үзэгний хошуу эргэх төдий л хуурамч зүйл. Хүний бодгаль чанараа гээж, арьсаа өөрчилж чадахгүйгээс хойш манай журмын нөхдүүд амаа бариулахгүй биз дээ. Бидний хувьд маш том эрх ашиг, шинэ үе, шинэ үзэл санааны төлөө яваа болохоор том гэнэ үү, сайдын гэнэ үү албан тушаал дэндүү жижигхэн байна.

Мөнгөнд үрэлгэн хандахад бурхан дургүй юм гэнэ лээ

-Ойрд намынхаа дарга асан ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзсан уу. Таныг ерөнхийлөгчийг намын дарга байх үед нь зөвлөхөөр нь ажиллаж байсан болохоор хумууус их хардаж хандаад байдаг?

-Би аль алинтай нь уулзаагүй лав л зургаан cap болсон. Уулзах нь байтугай огт тааралдаагүй юм байна. Намайг ерөнхийлөгчтэй ямарч асуудлаар холбож хардсан хүмүүс бидний өмнө эвгүй байдалд л орно. Намын дарга зөвлөх хоёрын хооронд ямарч нууц буюу нууцлах зүйл даанч байхгүй. Миний ажил, амьдрал, үйл хөдлөлүүд бүхний нүдэн дээр ив илхэн, нээлттэй л байсан. Харин бидний дунд үнэг шиг зальтай, цөөвөр шиг санаатай, бариа зөрүүн дээр ашиг хонжоо хайгчид, дэндүү мэргэшсэн хутгуурууд өдөр, шөнөгүй шогшиж байсан. Миний хувьд үүнд огтхон ч ач холбогдол өгөлгүйгээр өнөөдрийг хүрч байна даа.

-Өноөдөр манай оронд мөнгөтэй байхын зовлон нүүрлээд байна. Төсөв хэлэлцэж буй энэ үед бараг л бүх нийгмийн халамжийн чиглэлийн асуудлууд ар араасаа ямар нэгэн хэлбэрээр шийдэгдээд байна. Ингэж орж ирсэн жаахан мөнгөө шууд гаргаад байх нь хэр зохистой хэрэг вэ?

-Мөнгийг хадгалах, зарцуулах нь олохоосоо хамаагүй хэцүү гэдэг л үнэн юм байна. Мөнгөнд үрэлгэн хандахад бурхан их дургүй юм гэнэ лээ. Ухаантай Америкчууд доллар дээрээ In god we trust гэж зүгээр ч нэг бичээгүй байлгүй дээ. УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд мөнгийг хэрхэн хуваах вэ гэсэн уралдаан болж байна. Аргагүй юм даа, санхүүч байхгүй, дандаа бизнесмэнүүд байгаа болохоор их л үрэлгэн байна. Ялангуяа хүүхэд хөгжлийн тэргүүлэх чиглэл гэсэн харалган ухаан яавч эдийн засгийн оновчтой бодлого, хөгжлийн гарц биш ээ. Энэ мунхаг бодлогыг сүүлд нь хариуцах эзэн л байгаасай. Мөдхөн хариуцлага ярьдаг цаг ирж, шинэ үеийнхэн гарч ирж л таараа. Тиймээс бүх юм цаг хугацаатай, хариуцах эзэнтэй, түүхчлэгдсэн байх учиртай. УИХ-д суугаа цөөхөн ч гэсэн төрийн ноён нурууг авч яваа түшээд мэдэж байг аа байлгүй дээ.

-Энэ засгийн газар МАХН-ын засгийн газар шүү дээ. Тиймээс энэ засгийн газраа шүүмжлэх нь намын тань нэр хүндэд хортой биш гэж уу?

-Шуудхан хэлэхэд энэ бол МАХН-ын засгийн газар биш. Харин хариуцлага тооцох болоод ирэхээр мөн болох байх л даа. Энэ эрх зүйн чадамж нь эргэлзээтэй тоглоомын засгийн газраас намаа эрт тусгаарлах ёстой. Энэ засгийн газар бол М.Энхболд тэргүүнтэй эвслийн засгийн газар шүү дээ.

-Эрх зүйн чадамж нь эргэлзээтэй гэдгийг чинь яг юу гэж ойлгох вэ?

-Засгийн газрын бүрэн эрхийн, мөрийн хөтөлбөрийн асуудал, эвсэн байгуулсан намуудынх нь УИХ-д суудалтай эсэх зэрэг олон асуудлууд нь үндсэн хуульд нийцсэн, үгүй гээд эргэлзээтэй зүйлүүд олон байна.

-Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, УМХГ-ын асуудал эрхэлсэн сайд нар таны дотнын найзууд гэж би нэгэнтээ сонсож байсан юм байна. Энэ засгийн газарт тэд байгаа?

-Тиймээ, наад гурваас чинь гадна миний олон найз нөхөд байгаа нь үнэн. Тэд нартайгаа хувийн жижиг эрх ашиг дээр ямарч асуудал алга л даа. Би улс орны том эрх ашгийг ямагт найз, нөхөд битгий хэл өөрөөсөө ч илүү тавьж ирсэн, хойшид ч тавьсаар байх болно. Миний шүүмжлэл хувийнх биш, ажил хэргийнх болохоор найз нөхдүүдэд маань таалагддаг.

-Та намаа төдийгүй өнөөгийн нийгмийн байдлыг хурцаар шүүмжилсээр байдаг. Тэгвэл Монгол улсыг хөгжүүлэх талаар ямар концепци танд байна вэ?

-Монгол улсын ирээдүйд би итгэдэг. Монгол улс, монгол хүн тодорхой үзэл санаа, эрхэмлэх үнэт зүйл, алсын хараатай бодлого гэсэн тулгын гурван чулуу шиг Алтан гурвалжин-ийн онол, практикт тулгуурлан маш богино хугацаанд хөгжих боломжтой. Би тун удахгүй энэ концепцио бусадтай хуваалцан оюун ухаанаа уралдуулах гэж байгаа. Тэнгэрлэг монгол хүний оюун ухаанаас гадна тэвчээр, хатуужил, дасан зохицох чадварыг дээдэлсэн, иргэн та Монгол төрийнхөө хаан, газар нутаг, хэвлийн баялаг, агаарын орон зайнхаа эзэн байх үзэл санаа, үнэт зүйл, бодлогод зангидсан, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, үндэсний үйлдвэрлэл, чанартай үйлчилгээнд суурилсан, хүн бүр ажлын байртай, иргэн бүрийн оролцоотой, иргэн бүрт нээлттэй, тэгш, шударга, эрх чөлөөтэй, ардчилсан шинэ нийгмийг байгуулах, түүнд тохирох, хүлээн зөвшөөрөх шинэ үеийг гаргаж ирэх зорилготой юм. Бид алийн болгон өнгөрсөнтэйгээ, өнөөдөртэйгээ зууралдаж, тамын тогооны зарчмаар явах юм бэ. Монгол улсын, монгол хүний үзэл санаа, үнэт зүйл, бодлого ярья. Хүний капиталын тухай, улс орны хөгжлийн гарц хөтөлбөр ярья гэмээр байна.

-Монгол улсын хөгжүүлэх сангийн зарцуулалт таныхаар зөв явж чадаж байна уу. Бусад улс орнуудтай харьцуулахад намууд зөвхөн 2008 оны сонгуулийн рейтингээ л харан шийдвэр гаргаад байх шиг?

-Алсын хараатай бодлого байхгүй, өнөө маргаашаа аргацаасан, дэндүү хувийн тоглоомын дүрэм-ээр тоглож байна. Энэ нь эргээд намуудын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө өө. Тойрог ярьж явцуурсан, жалга довны үзлээсээ ангижирч чадаагүй хүмүүстэй хөгжил яриад нэмэргүй дээ. Хэтэрхий хувиа хичээсэн, шудрага өрсөлдөөн, шинэ хүмүүсээс айсан ийм арчаагүй гишүүдтэй УИХ сайн дураараа тарвал Монголын өнөөгийн улс төрийн амьдралын дүр төрхийг өөрчилж, шинэ нийгмийн ирээдүйн хөгжилд хамгийн том хөрөнгө оруулалт оруулна. Шинэ үеийнхэн алсын хараатай бодлого, байнгын орлого, ажлын баталгаатай байр, эрүүл боловсролтой байхыг хүсэж байна. Хоосон амлалтанд хууртах, улстөрийн реалити шоу үзэх, эрх чөлөө ирж яваа сайн цаг, итгэл үнэмшлээ мөнгөөр худалдахыг хүсэхгүй байгаа шүү дээ.
Манай хөдөлгөөнд намын бага хурал огтхон ч хамаагүй

-Танай намын бага хурал удахгүй хуралдах гэж байна. үүгээр намын дүрмэндээ өөрчлөлт оруулан жигүүр, хөдөлгөөнүүдийг татан буулгахаар албан ёсоор хэлэлцэнэ гэж сонсогдсон, Та үүнийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Намын бага хурлын тов тогтоогүй, хэлэлцэх асуудлаа эцэслэн шийдээгүй байна. Намын дүрмэнд өөрчлөлт оруулах тухайд өнгөцхөн хийгдэх биз ээ. Түүнээс биш концепцийн шинжтэй намын шинэчлэлийг хийхээр зорьж яваа гишүүдийн санаанд хүрсэн хэмжээний өөрчлөлт хийхгүй ээ. Жигүүрийг байгуулах, татан буулгах бол намын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ намын шинэчлэлээс ухарсан, намаа унагах шийдвэр гаргах дүүрчихсэн тэнэгүүд байхгүй биз дээ. Манай хөдөлгөөний хувьд намын бага хуралд хамаа байхгүй ээ.

-Бага хуралд яагаад хамаагүй гэж?

-Манай хөдөлгөөн намын жирийн гишүүдийн өөрсдийнх нь хүсэл зориг, санаачилга шийдвэрээр тэдний дундаас, дотроос байгуулагдсан. Маш тодорхой зорилго ч тавьсан. Түүнийгээ биелүүлсэн үед хэний ч оролцоо, шахалтгүйгээр сайн дураараа үйл ажиллагаагаа зогсооно.

-Намын бага хурлаар шийдвэр гаргахад дандаа жирийн гишүүдийн эрх ашиг орхигдоод байдаг. Таныхаар энэ байдлаас гарах ямар шилэгдмэл арга, зам байгаа бол?

-Аргагүй шүүдээ, одоогийн намын бага хурлын гишүүдийн олонх нь албан тушаалтангууд, үлдсэн хэсэг нь намын ажлаас хол хөндий бизнесмэнүүдээс бүрдсэн учир хэзээ ч намын гишүүдийн төдийгүй олон нийтийн санаа бодолд нийцсэн шийдвэр гаргаж чадахгүй. Манай намын төлөөллийн төв байгууллага болох намын бага хурал маань төр, бизнесийн бүлэглэлийг нэгэн дор зангидсан цөөн тооны бэхэлгээтэй олигархиудын байгууллага болсон. Бид МАХН-ын шинэчлэлийн концепцийг боловсруулсан, зөвхөн дээрх асуудлыг намын дүрмийн зохицуулалтаар намын жирийн гишүүд, намын эзэн байх зарчмаар шийдсэн байгаа.

-Хөдөлгөөн, жигүүрүүд хамтран намын даргадаа хандан таны дээр хэлсэн олигархиудаас төрийг салгахыг шаардсан мэдэгдэл гаргаж байсан. Иргэний байгууллагууд, иргэдийн дуу хоолойгоо нэгтгэж намаа шинэчлэхийг мэдэгдсэн мэдэгдэл тань одоо ер нь юу болж байна вэ?

-Бид системийн шинэчлэлийг сэтгэл хөдлөл, таамаг, баримжаагаар хийхгүй. Харин онол, практикийг хослуулан шинжлэх ухаанд үндэслэн оршин байгаа бодит амьдрал дундаас зөвхөн гишүүд, дэмжигчдэд бус олон түмэндээ түшиглэн хийнэ. Систем хийгээд системийн шинжилгээний онолоор тухайн системийг багтааж байгаа том системийнх нь оролцоогүйгээр тэр системийг өөрчлөн шинэчилж чаддаггүй. Энэ үүднээс нийгмийн шинэчлэлийн төлөө байгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Бид цөөхөн тэгээд адилхан л Монголын үр сад биз дээ. Тэгээд ч бидний зорьж байгаа намын шинэчлэлийн бас нэг үзэл санаа бол нийгмээ, ард иргэдээ улс төржүүлэхгүй байх явдал.

Өглөөний сонин 39 /39/
М.Мөнхчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button