О.Магнай мэтийн Чапаевууд монголын төрд хэрэгтэй үедээ хэрэгтэй

Иймэрхүү үгийг манай нэлээд урдаа барьдаг судлаачид сүүлийн үед ярих болсон байна. Яриад зогсохгүй хоёрхон сая хүнтэй ард түмэн 22 улстөрийн намтай байна гэдэг үнэндээ 100 ямаанд 60 ухна гэдгийн сонгодог жишээ шүү дээ хэмээн хөхрөлдөцгөөх болжээ.
Ямартай ч коммунистуудтай хэзээ ч нийлэхгүй хэмээн хэзээний Монголд алга болсон коммунистуудын тухай л бололтой яриад байгаа хазгай муруй үглэх О.Магнай хөдөлгөөнүүдийн хөлс хүчийг шавхан, эдүгээ тэднээс ганц ч зоос унахааргүй болжээ гэсэн үед улс төрийгхийхийнтулд.., ингэж л улс төр хийхгүй бол хэмээсэн хачин жигтэй яриа хөврүүлсээр ИЗН-ын хаалгаар дуутай шуутайхан орж явчихлаа. Нөгөөдүүл нь ч тэвэрч үнсээд сүйд. Бас хамгийн инээдтэй нь юм мэддэг хүнд бол коммунизмын үзэл, коммунист онол Монголд аль хэдийнэ булшлагдаж, гагцхүү энэ үзэл онолыг тэртээ нэгэн цагт сурталдаж байсан гэдгээс гагцхүү МАХН гэсэн нэр л үлдээд байгааг энэ залуу мэдэхгүй байж болно.

Харин С.Оюун байг гэхэдтэр М.Зоригт мэдмээр юм. Бас шууд л ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын дарга гэсэн албан тушаалд очлоо. Энэ нь нөгөө эсэргүүний гэгдэх жил бослого удирдах Түгжил мэтийн жанжнууд тодорч асныг өөрийн эрхгүй эргэн санагдуулах аж. Бас энэ намд орсон, ийм албан тушаалд очсоноо мартсан Магнай ах засгийн эрхийн төлөө тэмцэлд ИЗН хамтран ажиллах байхаа хэмээн найдаж буй тухайгаа цэнхэр дэлгэцээр ярих нь бүүр ч толгой эргүүлж орхих юм.
Гэхдээ Монголд нэг иймэрхүү, нэрт найрагч асан Р.Чойномын хэлснээр улаан цэргийн мулгуу дарга Чапаев шиг хүмүүс хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ялангуяа юмны цаад учрыг нарийн сайн ойлгуулаад энэ авилгачдын эсрэг тавибал тун хэрэгтэй. Ямартай ч муусайн хулчгаруудаас хамаагүй дээр. Цонх хага цохивол цохиод, машин шатаавал шатаагаад тун зоригтой үзнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Өнөөдөр магадгүй ИЗН-д яг иймэрхүү анархист маягийн хүмүүс нэн хэрэгтэй байгаа учраас түүнд Хэрэг эрхлэх газрын дарга гэсэн албан тушаалаа хадаг сүүтэй өргөн барилаа хэмээж байна. Харин энэ намын ихэнх гишүүн юу гэж байна вэ гэхээр, Бид мөн ч үйлийн ай хүмүүс юм даа. Буян Жагаагийн хөлд чирэгдэх шахаад бөөн юм болж байж арайхийн салсан. Одоо энэ шар цэргийн жанжин О.Магнай ирлээ. Яаж манаргах бол. Цэвэрхэн яваа хайран намын маань нэрийг яайран хийгээд л салах болов уу. Бас адаг сүүлдээ гудамжны нам гэсэн нэр хаяг зүүгээд салах вий дээ янз нь хэмээн нэлээд түгшингүй сууцгаана. Харин энэ бүхнийг тэртээ алсаас залан удирдаж буй их гарын улстөрчдийн тун холоос шидэж байгаа чулуу гэлцэх аж. Ингэснээр ирэх сонгуулийн өмнө ИЗН өөрийн эрхгүй АН-ын өвөрт орох хувьсгалын тохироо бүрдэнэ гэж үзэж байна. Яагаад гэхээр тэртээ нэгэн цагт ахынхаа үхлээр далимдуулаад хаалгыг нь саваад гарсан С.Оюун эргээд орьё гэх нүүр үгүй тул эрхэм гишүүн, угийн АН-ын угшилтай М.Зоригт удирдаж, иргэний нийгмийн О.Магнай энэ намыг нам биш болгосноор өөрийн эрхгүй АН-тай нэгдэх үүд хаалга нээгдэнэ хэмээн үзэж байгаа бололтой.

Гэхдээ манай улстөрчид, судлаачид үүнийг муу муухай юм хэмээн огтхон ч үзэхгүй байна. Явж явж үнэхээр хоёр голлох улс төрийн хүчиндээ бусад нь нэгдэх явц ийнхүү ирэх сонгуулийн өмнө тавигдана хэмэн үзэж байгаа бололтой. Иймэрхүү үйл явц өрнөөд эхэлбэл зүүний үзэл баримтлал гэдгийнхээ хувьд МАХН л гэхэд Эх орон болоод МУНН зэрэг намуудыг өөртөө татах ажиллагааг тун эрчимтэй явуулах болно хэмээн таамаглаж буй юм. Хамгийн гол нь ингэснээр эцсийн эцэст Монгол хэмээх улс хожно гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Ийнхүү ирэх сонгуулийн өмнө Монголын улс төр хэмээх нэгэн мөрний дунд хавьцаа хөвөх намууд нэгмөсөн голынхоо хоёр эрэг дээр хуваагдах эхлэл тавигдаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл ирэх оны сүүл хавьцаа улстөрийн тавцан дээр дахин хуваарилалт явагдаж магадгүй байна.

Өглөөний сонин 39 /39/
Д.Өрнө

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button