Сангийн яам УИХ-ын гишүүдийн аманд 250 саяын үнэтэй шоколад чихэж, хахуульдав

Тэгвэл сүүлийн хоёроос гурван жилд энэ бүхэн толгойн өвчин байх аа нэгэнт больжээ. Учир нь сангийн яам гишүүдийг аргалах аргаа хялбархан олж тойрогт нь гэсэн тодотголтой мөнгө гишүүн тус бүрт хувиарладаг болсон. Яг л Ахаа намайг бодоорой гээд энд тэндхийн дарга нарт атгуулдаг школад, набор, дарс шиг.
Эхний жил 10 сая төгрөг олгоход зарим гишүүн дургүйцэн, зарим нь ичингүйрэн хүртэж байсан. Тэгвэл өнгөрсөн жил уг мөнгөө арав дахин нэмж 100 сая болгоход харин ч инээмсэглэл тодруулан алгаа тоссон. Энэ жил бүр 100 саяа 250 сая болгон огцом өсгөхийг УИХ-ын гишүүд маань шаардаж, бүр сүрдүүлж байгаад л авахаар болж УИХ-ын нэгдсэн чуулганаар батлаад орхилоо. Мэдээж хэрэг аливаа ажил хурдацтай явах нь тухайн байгууллагын нэр хүндэд туйлаас эерэг үр дагавар авчирдаг тул Засгийн газар, сангийн яам хугацаандаа төсвийн төслөө батлуулахын тулд ичгүүр сонжуургүйгээр УИХ-ын гишүүдийн аманд 250 саяын үнэтэй шоколад чихэж байна.

Харин манай улсын хамгийн шилдэг мэдлэг боловсролтой, учиргүй ухаантай гэгдэн УИХ-ын гишүүний өндөр сэнтийд заларсан товарищууд гүйцэтгэх засаглалынхаа башир аргад автагдан хөл хөөрцөг болж болохгүй, бүтэхгүй бүхнийг нүдээ анин өнгөрөөж юун тэр зарчмын зөрүүтэй санал гэцгээн кноп дардаг утсан хүүхэлдэйнүүд шиг л машиндсаар, Манай улсын хамгийн дээд байгууллага болох УИХ-ын гишүүд бүгдээрээ адилхан хэмжээний мөнгөөр хахуульдагдсан тул уг 250 саяыг яаж үрж тараасан талаар мэдээж хэрэг асуудал огтхон ч гарахгүй. Хэрвээ хэн нэгэн этгээд 250 саяа хэрхэн үрсэн талаар асууж шапгаан, жаахан но-той асуудал үүсгэх аваас 76-уулаа нийлж байгаад л нам дараад орхино. Өнгөрсөн жилүүдэд авсан мөнгөнийхөө өчүүхэн хэсгээр Хятадаас хөгжим, зурагтхан бөөндөж оруулж ирээд угаас амьдрал ядруухан байгаа сонгогчдынхоо амыг тагласан тухай эсэргүү ангилалд багтах зарим нэгэн этгээд ганц хоёр үг дуугарсан ч жам ёсоороо дарагдаад л өнгөрсөн.

Арван саяыг ч, 100 саяыг ч юунд, яаж зарцуулсан талаарх яг үнэн дэлгэрэнгүй тайлан гаргаж олон нийтэд мэдээлж байсан түүх үгүй ээ. Тэгвэл одоо эрхэм гишүүд маань 250 саяын үнэтэй заегийн газар, сангийн яамныхаа шоколад-ыг хэрхэн идэж, ууснаа тайлагнах дээр бүр ч хойшоо сууж, доошоо харах биз ээ. Ямартай ч хязгааргүй эрх мэдлийг одоохондоо атган буй 76 УИХ-ын гишүүн маань хэрхэн 250 саяараа тоглоод өнгөрөхийг шүүрс алдан хөндлөнгөөс харж суухаас өөр ямарч арга ард түмэнд байхгүй. Иймээс жаахан ч гэсэн ичих булчирхайных нь үлдэгдэл ажиллан ганц худаг ч болтугай гаргах болтугай л гэж залбирахаас даа.
За тэгээд эрхэм гишүүд 2007 оны төсөв юу ч байсан батлагдсанд тооцоод, 250 сая төгрөгөө хэрхэн зарцуулахаа тооцох л үлдэж дээ.

Өглөөний сонин 39 /39/
М. Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button