Бээжин хотын даргыг Ерөнхий сайд хүлээн авч уулзлаа

/2006.11.24-ны айлчлал /
Ноён хотын дарга, БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд амжилт хүсч, Бээжин хотноо уулзах завшаан тохиосноо таатай хэрэг хэмээн онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд М.Энхболд, Бээжин хотын даргад талархал илэрхийлж, Улаанбаатар, Бээжин хотуудын хамтын ажиллагааны хөгжилд зохих хувь нэмэр оруулж байгааг нь үнэллээ. Азидаа төдийгүй дэлхийд хөгжлөөрөө дээгүүрт ордог Бээжин хотоос суралцах зүйл их бий хэмээн тэрээр хэлэв. Бээжин хот 2008 оны Олимпийн зочдыг хүлээж авахад бэлтгэн Бүтээн байгуулалтын ажил амжилттай өрнөж байгааг ноён хотын дарга Ерөнхий сайдад ярилаа.

Ерөнхий сайд М.Энхболд Хятадын төв телевиз ССТҮ-9 сувгийн сурвалжлагчид ярилцлага өглөө

Ерөнхий сайд М.Энхболд Монгол Улс, БНХАУ-ын харилцан итгэлцэл дээр суурилсан сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны талаар Хятадын телевизийн сэтгүүлчийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
Тэрээр тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын урилгаар БНХАУ-д айлчилж буй нь хоёр орны хооронд уламжлал болон тогтсон өмнөх дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээрүүдийн үргэлжлэл гэдгийг хэлсэн юм. Уг айлчлал Монгол Улсын Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүний хувьд Хятад улсад хийж байгаа анхны айлчлал болохыг дурдаж, Хятадын дөрөвдэх үеийн удирдагчидтай тогтоож байгаа нөхөрсөг харилцааг Монгол Улс гүнзгийрүүлэх нь чухал хэмээн мэдэгдлээ. Ерөнхий сайд М.Энхболд Вэнь Зябао Ерөнхий сайдтай уулзах үеэр яригдсан асуудлын талаар ярьж, энэхүү хэлэлцэж тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох нь чухал гэдгийг хэллээ. Ерөнхий сайд М.Энхболдоос Хятадын төв телевизийн сурвалжлагчид сонирхсон асуудлаараа дэлгэрэнгүй, тодорхой хариулт авсан төдийгүй Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдал, худалдаа, хамтын ажиллагааны асуудал тэдний анхаарлын төвд байлаа. Ялангуяа уул уурхайн салбар, гадаадын хөрөнгө оруулалтын талаар Монголын Засгийн газраас баримталж байгаа бодлого, чиглэлийг түлхүү сонирхов.


2006.11.24-ны айлчлал

Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронд хүрэлцэн ирлээ

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд айлчлалынхаа гурав дахь өдөр буюу энэ сарын 24-нд Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны нийслэл Урумчи хотод хүрэлцэн ирлээ.
Монгол улсын Засгийн газрын тэргүүнийг ШУӨЗО-ны Ардын Засгийн газрын дэд тэргүүлэгч Ху Вэй, ШУӨЗО-ны Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Сю Гуану болон албаны бусад хүн угтан авлаа.
Ерөнхий сайд М. Энхболд Урумчи хот дахь ШУӨЗО-ны Зиньфэн шинжлэх ухааны компанид зочиллоо. Тус компани нь салхины эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх, худалдаалах, энэ төрлийн тоног төхөөрөмжийг импортлох, ашиглалтыг нь зохион байгуулах, салхины эрчим хүчний станц байгуулах, ажиллуулах талаар техникийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн дагалдан яваа хүмүүсийнхээ хамт ШУӨЗО-ны Шинэ эрчим хүчний компани дээр очлоо. Энэхүү компани нь нарны эрчим хүчийг ашиглах тоног төхөөрөмж, тохируулагч төхөөрөмж, өндөр хүчин чадалтай хяналтын бичил төхөөрөмж, зөөврийн цахилгаан станц, нефть, хий дамжуулах хоолойн хамгаалалтын систем, хиймэл дагуулын холбооны цахилгаан үүсгүүр, нарны эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлэг, бохир ус цэвэрлэгч систем, нарны эрчим хүчээр ажилладаг орон сууцны цахилгаан үүсгүүр зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ алдаршжээ.
Ерөнхий сайд М. Энхболд дээрх хоёр компанийн үйл ажиллагаатай танилцаад цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Дөрвөн боомтоор Монгол улстай хилийн худалдаа хийдэг

ШУӨЗО нь газрын тос, байгалийн хий, нүүрс болон бусад олон төрлийн ашигт малтмалаар баян. Хятадын нүүрс, нефтийн нийт нөөцийн гуравны нэг хувийг эзэлдэг. Шинжаан дахь нефтийн нөөц 20.86 биллион тонн буюу Хятадын газрын тосны 30 хувь юм. Байгалийн хийн хэмжээ 10.3 триллион шоо метр буюу хятадын эх газрын байгалийн хийн 34 ,нүүрсний тогтоогдоод байгаа нөөцийн хэмжээ нь 2.19 триллион тонн буюу Хятадын нийт нүүрсний нөөцийн 40 хувийг эзэлж байна. ШУӨЗО нь 14 аймаг, 88 сумаас бүрддэг. Эдгээрээс 33 сум нь хилийн бүс нутагт оршдог. ШУӨЗО-нд Баянголын Монгол үндэстний болон бор талын Монгол үндэстний хоёр өөртөө засах аймаг байдаг. Өөртөө засан тогтнох статустай энэ орон байгуулагдсанаасаа хойшхи 50 гаруй жилийн хугацаанд нийт 798.4 тэрбум юаний үл хөдлөх хөрөнгө бий болгожээ. 2005 онд ДНБ-ий хэмжээ 260.4 тэрбум юаньд хүрсэн нь 1955 оныхтой харьцуулахад 57 дахин илүү үзүүлэлт юм. ШУӨЗО-ны эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй. 2005 онд 53.3 гаруй сая толгой мал тоолуулжээ. Адуу, луус, сарлаг элбэгтэй. Хонины мах, махан бүтээгдэхүүний хэмжээгээр Хятадад хоёрдугаарт ордог.
Шинжааны дэд бүтэц сүүлийн жилүүдэд сайжирсаар байгаа аж. 2005 оны байдлаар ШУӨЗО нь нийт 3000 орчим км төмөр зам, 89.5 мянган км хурдны автозам, 12 нисэх онгоцны буудалтай / хоёр нь олон улсын чанартай бөгөөд дэлхийн 20 гаруй орны 86 хот руу нислэг үйлддэг/. Дундад Азийн орнуудтай түлхүү худалдаа хийдэг. Ер нь дундад Ази, баруун Ази, ОХУ болон Европын орнуудаас хөрөнгө технологи илүү нэвтрүүлэхэд ихэд анхаарч байна. 2005 оны байдлаар гадаад худалдаа нь 8 тэрбум орчим ам. долларт хүрчээ. Шинжаан нь улсын чанартай 17 боомттой. Тэдгээрээс 4 нь Монгол Улстай хилийн худалдаа хийдэг. Хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг боомт нь Ховд аймгийн Булган-Такашикений боомт юм. Нийслэл Урумчи хот нь Хятадын баруун бүсийн зангилаа хот. Хоёр сая хүн амтай.

Монгол Улсыг Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна.

/Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button