Өмнөд хөрш дэх монголчуудын хар цагаан

Монгол Улсын иргэд БНХАУ-д биеэ хэрхэн авч явдаг вэ?
/Нэгэн жилд хууль бус оршин суусан 30 гаруй монгол иргэнийг албадан буцаав. Хятадын Жэзянь мужид богтлогдон очсон гэх бүсгүй ярьсан. Эгчийнхээ авсан мөнгөний барьцаанд дүү нь үлджээ/ Хоёр орны хоорондын бүх талын хамтын ажиллагаа идэвхжиж байгаатай уялдаад манай иргэд БНХАУ-д зорчих нь жилээс жилд нэмэгдэж байна. Бүрэн бус тооцоогоор, жилд давхардсан тоогоор 400-500 мянган хүн зорчиж байна. Зорчигчид тухаин орныхоо хууль, дүрэм журам, зан заншлыг хүндэтгэдэг нийтлэг жамтай. Манай ахмад үеийнхэн ч энэ талаар Усыг нь уувал, ёсыг ыь дагана гэж ухаалгаар сануулсныг ч мартаж болохгүй. Бээжин хотод манай улсын хорь гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гэр бүл, үр хүүхдийнхээ хамтаар ажиллаж, амьдардаг. Хятадын бусад хот, мужуудад ч монгол иргэд ажиллаж суралцдаг. Нийтдээ манай улсын гурван мянга орчим иргэн энд байнга оршин суудаг. Манай урд хөрш, мөнхийн түнш энэ орны эдийн засгийн хүчин чадал, ард түмний амьдралын төвшин дээшлэхийн хэрээр бидэнд, манай улсыг хөгжихөд таатай нөхцөл бүрдэнэ. Манай иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчин, өөрсдийн амьдрал байдлыг дээшлүүлэн олон арван жилээр сайхан харилцаатай явж байгаа ч Монгол Улсын иргэдийн суугаа орныхоо хууль дүрмийг зөрчсөн гэмт хэрэг, зөрчил тасрахгүй байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд иргэд харилцан зорчих журмын тухай хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Е серийн паспорттай иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэг сарын хугацаанд визгүй зорчих таатай нөхцөлөөр хангагдсан. Гэтэл хугацаа хэтрүүлж, хууль бусаар оршин суух явдал өсөх хандлагатай байна. Өнгөрсөн онд 30 гаруй монгол иргэн хууль бусаар оршин суусан нь илэрч, цагдаагийн байгууллагад шалгагдаж, албадан буцаагдсан. Тэдэнтэй уулзахад бичиг баримтаа барьцаалсан, бусдад өгсөн, хаяж үрэгдүүлсэн гэдэг. Иймд манай хууль, хяналт, бүртгэл мэдээллийн байгууллагууд иргэдэд гадаад паспорт олгохдоо ч, хил нэвтэрч байгаа үед ч тавих хяналтыг улам сайжруулах, эрхзүйн чадамжгүй хүмүүст паспорт олгохгүй байхад анхаарах шаардлага тулгарч байна. Зарим монгол иргэн энд ирээд бичиг баримтаа үрэгдүүлчихээд согтуу, солиотой хүн шиг зан авир гаргадаг. Хэд хэдэн удаа БНХАУ-аас албадан гаргасан байхад ямар нэг аргаар буцаад ирчихдэг. Ийм хүмүүстэй консулын ажилтнууд өдөр тутам нүүр тулж ажилладаг. Эрхзүйн чадамжгүй хүмүүсийн дотор насанд хүрээгүй хүүхэд ордог. Тэд энд ирээд хулгай хийж байгаа нь үнэхээр харамсмаар юм. Насанд хүрээгүй хүүхдийг хил нэвтрүүлэхдээ тэдний хууль ёсны асран хамгаалагч хамт явж байна уу, үгүй юу, тэр хүүхэд буцаж ирэв үү гэдэгт тавих хяналтыг сайжруулмаар байна. Монгол Улсын нийт иргэдийн бүртгэлийг эмх цэгцтэй болгох, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих нэгдсэн сүлжээ байгуулна, гэж олон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Үүнийг хэрэгжүүлбэл хэн, хэзээ хил нэвтрэв гэдгийг мэднэ. Одоо бол манай улс иргэдээ хаана явааг мэдэж чаддаггүй. Хятадын тал өөрийн болон гадаадын иргэний хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэхтэйтэмцэж, их анхаардаг. 2008 оны олимпын өмнө хүн амын шилжих хөдөлгөөнд тавих цагдаагийн байгууллагын хяналт эрчимжиж, түүнд өртөх монгол иргэдийн тоо ч нэмэгдлээ. Бөглүү тосгон, суурин газарт хятад хүнтэй гэр бүл болоод ч юм уу, эсвэл богтлогдсон ч юм шиг очсон тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ, тэр хүнийг олж өг гээд өргөдөл гомдол гараад ирдэг. Бид тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хэлээд орон даяар эрж хайдаг. А гэдэг эмэгтэйг Жэзянь мужид оччихсон байхад нь бөөн ажил болж, амьд мэнд оллоо л доо. Тэгсэн яасан гэхээр, хоёр өвөрмонголтой зах дээр танилцсан. Тэд дагуулж наймаа хийгээд их мөнгө олно энэ тэр гэж яриад, сүүлдээ намайг жар гаруй насны өвгөнд аваачин өгөөд нөгөөх нь гэртээ түгжчихсэн. Тэгээд би янз бүрийн аргаар гэр оронтойгоо холбоо барьж, зардлын мөнгө явуулаа ч гэсэн боловч мөнгө ирээгүй, тэгээд л цагдаад баригдаад ирлээ гэж ярих юм. Хятад улсад манай иргэд визгүй зорчиж байгаа ч гэсэн тавигдах шаардлага бийг анхаарахгүй байна. Гадаад улс оронд явж байгаа хүмүүс иргэн хүний хувьд сонор сэрэмжтэй байж, өөрсдийн амь нас, аюулгүй байдлыг хариуцах ёстой. Төр хилийн чанадад байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаална. Хэрвээ хууль зөрчсөн байх юм бол тэр хүн тухайн орныхоо хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Ял ч эдлэнэ, шийтгэл ч ногдуулна. Энэ талаар анхааралгүйгээс амь насаа ч алдаж байна. Осолд орж байна. Ер нь энд байгаа цөөхөн монголчууд зүв зүгээр байгаад байна уу гэвэл тийм биш ээ. Манай хоёр иргэн,садан төрлийн холбоотой хүмүүс нэгнийгээ алсан хэрэгт шалгагдаж байна. Бусдыг дээрэмдсэн, тоносон, хулгай хийсэн хэрэгт манай гучаад иргэн Хятадын хуулиар шийтгэгдлээ. Ар гэрийнхэн, ах, дүү нар нь юу гэдэг вэ гэхээр, энэ хүнийг Монголын шүүхээр шийдүүлье, эх оронд нь ялыг эдлүүлье гэж санал тавьдаг. Бид сайн ойлгодог. Хятадын хуулийн байгууллагынхан манай иргэдийг хилсээр хэрэгт шийтгэх асуудал байхгүй. Хоёр тал ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар ярилцаж байна. Хуурамч бичиг баримтаар улсын хил нэвтрэх явдал удаа дараа гарав. Өнөөдөр нэг нэрээр, маргааш өөр нэрээр паспорт аваад гараад ирсэн, өөр улсын хуурамч виз даруулсан, зураг сольж наагаад хэд хэдэн улсын хилээр нэвтэрчихсэн байх тохиолдол ч байна. Худалдааны маргаанаас болж хоёр улсын иргэд хохирч байна. Үүнээс болж хүн барьцаалагдсан асуудал ч яригдлаа. Хараахан шийдэгдээгүй байна. Нэгэмэгтэй Хятадын иргэдийн өрийн барьцаанд дүү залуугаа орхиод явчихсан. Мөнгө авч ирээд авна гэсэн ч ирээгүй тохиолдол байна. Хаа, хаанаа зөв ойлголттой баймаар ийм асуудлууд байх юм.

Удмын сангаа хамгаалж үлдэх үү
/Консулын газарт өдөрт гадаадын хүнтэй гэр бүл болсонтой холбоотой янз бүрийн асуудлаар нэг хоёр хүн тогтмол ирдэг. Хонконг, Макао орчмоор хэдэн зуун монгол охид биеэ үнэлдэг/ Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал алдагдаж буйд би их эмзэглэдэг. Үүнд төр, засаг ч, иргэд ч анхаармаар байна. Зөвхөн өнөө маргаашийн амьдралын бэрхшээлээс болж охид, бүсгүйчүүд маань гадны улс орны хүмүүстэй гэр бүл болох нь ихэсч байгаа нь ажиглагддаг. Гадаадын хүнтэй гэр бүл болсонтой холбоотой янз бүрийн асуудлаар өдөрт дундчаар 1-2 хүн орж ирж байна шүү дээ. Хэн хэнтэйгээ гэр бүл болох нь тухайн хүний хувийн эрх чөлөөний асуудал. Гэхдээ Монгол Улс цөөхөн хүнтэй. Манайх шигоронд удмын сан устсанаас үндэстэн устах аюул нөмөрч байдаг тухай Гумилев гуай хүртэл надтай Санкт-Петербургт / Ленинградад/ уулзахдаа ярьж л байсан. Бас биеэ үнэлэгч гэж ярьдаг манай бүсгүйчүүд Хятадын хотуудад хэдэн зуугаараа байна гэсэн албан бус бүртгэл тооцоо байх юм. Хүний болон хар тамхины наймаатай тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаар Хятадын талтай тохиролцлоо. ДОХ-ын аюул, мансууруулах бодистой сүлжилдсэн биеэ үнэлэгчид нь цэврүү шиг сайхан, арван хоёроос хориодхон насны охид байдаг юм шиг байна. Тэдний өөрсдийнх нь яриагаар бол хорин таван настай нь бараг хөгшиндөө ордог юм биш үү. Тийм л хэдэн зуун монгол охид Хонконг, Макао Шэньжин, Жухай орчим орогнож байна. Манайх Макаод 15 хоног, Хонконгт 90 хоног визгүй зорчдог. Энэ боломжийг буруугаар ашиглан орж гарч, явдаг бололтой. Явж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Хилийн зурвас нь Эрээн, Замын-Үүдээс ч ойрхон байдаг юм уу даа. Манай нэг иргэн ийм буруу замаар явж байгаад өнгөрсөн оны тавдугаар сард тэнд харамсалтайгаар амь насаа алдсан.

Бүх иргэдээ бүртгэдэг үү. Биеэ үнэлэгчдийг хяналтад авах уу. Тод байгаа гээд л сууж байх уу
Энэ их хэцүү юм aa. Албан ёсны бүртгэлтэй компани пүүсийнхэн, Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд бүртгэлтэй, хувийн зардлаар сурч байгаа оюутнууд, эмчилгээнд ирж байгаа хүнийг бүртгэх ч, тооцох ч боломжгүй. Хятадын цагдаагийнханд баригдаад ирэхээрээ л бидэнд ханддаг. Цагдаагийнхан шалгаж байгаа тухайгаа мэдээлнэ, буцаах боллоо гэнэ. Буцаах болгонд гэр бүлтэй нь холбоо барьж буцах унааны болон бусад мөнгө авч өгөөч гэсэн хүсэлт тавина, нэхнэ. Гэвч тэр бүхэнд зарцуулах мөнгө өөрсдөд маань ч ховор хомс шүү дээ. Энэ улсын хуулиар хориглосон үйлдэл хийж байгаа учир биеэ үнэлэгчдийн эрх ашгийг хамгаалах хэцүү. Зохион байгуулалттай гэмт хэрэг болохоос сэргийлэх чиглэлээр л ажиллаж байна.

Монголд хятадууд ихэсч байна уу
/Бодитой юм бодитойгоор дээр. Монголд хятад иргэдийг ажиллуулах асуудал зохион байгуулалтад орно/
Монголд хятадууд ихсээд байгаа тухай яриа хөөрөө их байна. Энд төрийн бодлого бий. Гадаадын иргэд хүн амын тодорхой хувиас хэтрэхгүй байх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоосон хязгаар байдаг. Монголд байгаа хятадууд энэ хязгаарт хүрээгүй. Бодитой юм бодитойгоороо байхгүй бол арван мянган хүнийгл хорь, гучин мянга ч гэдэг юм уу, хоёр гурван зуун мянга ч гэдэг юм уу, хэтрүүлэх юм. Нэг айл хоёр хүүхэдтэй байхад л хорин хүүхэдтэй гээд байвал хэцүү. Утгагүй шүү дээ. Консулын зөвлөлдөх уулзалтаар хоёр тал хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах, хууль бус хөдөлмөр эрхлэлтийг зогсоох үүднээс холбогдох хэлэлцээр байгуулахаар тохиролцлоо. Манай зарим газрууд Хятадын иргэдэд паспортыг чинь авч өгье, сайн цалин хөлс өгнө гэж сайхан амлаж нутагтаа аваачаад хаячихдаг. Үйлдвэрлэлийн ослоор нас барсан тохиолдол ч байна. Даатгалгүй учраас тэдэнд нийгмийн даатгалын мөнгө өгч чаддаггүй. Үүнийг манай улсын ГХЯ-ны Консулын газрын дарга О.Очиржав жишээ татаж ярьсан. Саяхан болж өнгөрсөн Консулын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчихтой холбогдсон асуудлууд, хоёр талд гарч байгаа элдэв бэрхшээл, хилийн бүс нутгийн орчим иргэд зорчиж байгаа байдал, хятадын иргэд Монгол Улсад ажиллах үеийн эрүүл мэнд, өмч хөрөнгө, аюулгүй байдлын тухай ярьсан. Хоёр талын аль ч иргэд суугаа орныхоо хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй гэдэгт санал нэг байсан. Хамтарсан ажлын хэсэгт томилсон зарим боомтын үйл ажиллагаатай танилцах, зарим асуудлыг энэ үед газар дээр нь шийдэж болох юм гэж ярилцав. Дараагийн зөвөлгөөн болоход энэ талаар тодорхой ажил хийсэн байна байх аа.

Монголын иргэд Хятадад визтэй зорчих уу
/Монголчууд Хятадад Оростой адил визтэй зорчдог болчих юм биш байгаа. Олимпын наадам дөхөхөөр ийм асуудал яригдаж магадгүй. Олон хүний энэ эргэлзээг тайллаа/ ХятаДын тал иргэд харилцан зорчих тухай хэлэлцээрийг бид одоогоор сөхөж ярихгүй ээ. Монгол Улсын иргэд хуулийг хүндэтгэж, хууль бусаар оршин суухгүй, визийнхээ хугацаанд орж, гараад байх юм бол энэ асуудлыг одоогоор ярихгүй. 30 хоногоос дээш хугацаагаар зорчих тохиолдолд Монгол Улсад суугаа Хятадын ЭСЯ-д хандаж зохих ангиллын виз авч, энэ хугацаандаа гарч орж байх л чухал. Эмчилгээнд ирж байгаа хүмүүст хүндрэл их гардаг. Удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл гурван сарын виз авч ирээч ээ гэж Хятадын тал Консулын зөвлөлдөх уулзалтын үед их тодорхой хэллээ. Тэгэхээр визтэй болчих вий гэж санаа зовохгүй байж болно. Хятадад сараас дээш хугацаагаар л явах бол дипломат, албан, энгийн ямар ч паспорттай иргэд виз авна. Энэ заалт зөрчигдсөн тохиолдолд хууль бусаар оршин суусан хоног тутамд эхний 10 хоногт 500 юанийн, арав хоногт таван мянган юанийн торгууль төлөөд, явах тээврийн хэрэгслийн тасалбар үзүүлж байж Хятадын тал гарах виз дарж өгнө. Буцах үнэмлэх авлаа ч гарах виз дардаг. Бас визгүй зорчсон хугацаанд юу хийж байв гэж тогтоодог. Үнэн зөвийг нь тогтоотол байлгаад байдаг. Бид очдог. Аль болохоор туслахыг хичээдэг. Бүх муж, хот, тосгон, байгууллага хооронд цахим сүлжээгээр холбогдсон учир асуудлыг тогтооход дөхөм байдаг юм билээ. Ийм журамтай. Эрхзүйн талаас нь үүнийг зөв ойлгож боломжийг зөв ашигласан. Ер нь нэр хугарахаар яс хугар ч гэдэг. Муугийн явдал олонд гайтай. Элдэв муу аргаар оршин суух зөвшөөрөл авч байсан зарим хүмүүсийн гай-гаар эмчилгээнд, түр сургалтад ирсэн этгээдэд энэхүү зөвшөөрлийг өгөхгүй болж сараас дээш хугацаагаар зорчих бол Хятадын ЭСЯ-наас виз авахыг шаардах болов.

Хятадад хэчнээн хүн ял эдэлж байна.
Монголчууд ямар хэрэг үйлддэг вэ? /Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 12 жилийн ял авсан хүн бий. Хулгай хийхээр хил давж очдог хүүхдүүд байна/ Одоо Хятадын нутаг дээр Монгол Улсын долоон иргэн ял эдэлж байна. Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 12 жилийн ял авсан хүн бий. Насаар нь хорих ялтай хүн ч бий. Халаасны хулгайн хэрэг их гардаг. Хамтарч үйлддэг учир бүлгэлсэн хэрэг болж нөхцөл нь хүндэрдэг. Хууль чанга ийм газар манай иргэд болгоомжтой байгаасай. Энэ он гараад паспортаа үрэгдүүлсэн 150 хүн буцах үнэмлэх аваад байна. 300 юань төлж авна. Бас гарах виз авна ажил их. Гэтэл заримдаа хаясан паспортыг нь таксийн жолооч аваад ирдэг юм. Танай тэр хүн ямар сонин хүн бэ, би бүх хүнд буухад нь тасалбар өгдөг. Түүгээр хөөгөөд намайг олоод авахгүй. Хоёр хоног хүлээлээ гэсээр ороод ирдэг. Америкийн визтэй паспортаа хаячихлаа гээд манай нэг иргэн сандарч гүйгээд байсан. Тэгсэн түүнийг нь олсон хүн аваад ирсэн. Бас нэг эмэгтэй цүнхээ таксинд орхичихсоныг ердөө юу ч хөндөөгүй, монгол хүн л байсан байх гэж бодсон гээд.төмөр замын буудал дээр аваад ирсэн байсан. Энд ийм сайн хүмүүс их байна. Юунд ч хүрээгүй, хүний урманд нээгээ ч үгүй шахам байна гэдэг ховор тохиолдол. Хятадын гадаад харилцаа, хууль хяналтын байгууллагуудын холбогдох ажилтнууд иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаадад буй иргэд төрөхөөс насан эцэс болохтой холбогдсон хүний амьдралд байдаг эрээн бараан бүхий л асуудалд манай ЭСЯ-нд байнга тусалж хамтарсан ажилладаг. Эд бидэнд туслахыг хичээдэг юм шүү. Нас барсан хүний асуудал гэхэд л бөөн юм болдог. Эдний л байгууллагын нэр нүүрээр хөнгөлүүлж барьж байдаг.

Монгол хүний удмын санг хамгаалахын төлөө санаа зовнигч их эрдэмтнийг дурсахуй
/Албаны гэмээр яриа маань ч ингээд өндөрлөж байна. Л.Н.Гумилев гуайтай уулзаж явсан тухай тань сонсох юмсан/ Би тэгэхэд Санкт-Петербург /Ленинград/ хотод Консулын газарт ажиллаж байсан юм. Нөгөө алдарт монголч эрдэмтэн Лев Николаевич Гумилев гуай манай сургуульд багшилж байгаа гээд л Лениградын их сургуульд суралцаж байсан Батзориг ярина. Зудны жил Увсад нисдэг тэргээр явж байгаад харамсалтайгаар нас барсан гэрэл зурагчин тэр Батзориг шүү дээ. Би түүгээр дамжуулан холбоо барьж албан бусаар анх уулзсан. Тэгэхэд ерөнхий консулоор Зандагийн Энэбиш гуай ажиллаж байсан. Ингэж уулзахыг зөвшөөрсөн юм. Гумилев гуай их сонин зантай хүн байсан юм шүү дээ. Гэртээ ир гээд болдоггүй. Тэр 1986-1987 оны үед чинь нарийн байсан үе. Яах билээ гэж тээнэгэлзэж байснаа, очлоо. Тэгсэн чинь тэднийх нийтийн маягийн байранд авгайтайгаа хоёулахнаа амьдарч байсан. Авгай нь залуу, хөөрхий. Гумилев гуай дал хүрчихсэн. Авгай нь тавь гарсан. Байхуу цай уугаад, тамхи татаад нэлээд ярьж суусан. Тэгэхэд Мандухай цэцэн хатан кино очсон байсан юм. Тэрийг үзүүлье гэсэн чинь очдоггүй. КГБ намайг тагнаж байгаа. Бас очихгүй гээд. Хамаагүй задгай ярина. Аягүй бол чи бид хоёрыг утсаар ярихад чагнаж байгаа. Би очихгүй гээд л.

-Та бид хоёрын яриа ямар тийм байгууллагын анхааралд өртөх юм байх биш. Би монголч эрдэмтний тань хувьд дэлхийд алдартай Анна Ахматовагийн хүүгийн хувьд л сонирхож уулзаж байгаа юм гэнэ. Тэгээд авчирч үзүүлсэн юм. Тэгэхэд нэг ийм яриа болсон. Би Монголын насаараа судалсан хүн. Та нар надад албан ёсоор ханддаггүй. Та нар Брежнев, Хрущев, Сталинаас айдаг. Би танайханд дандаа сайн зүйл хийсэн. Майдарын номыг редакторлосон. Далай,Жамсран нарын номыг редакторласан. Жамсрангийн хүү Баясах манай гал зуухны өрөөнд дипломын ажлаа бичдэг байсан. Та нар тэгээд ашиглаад хаядаг. Монголчууд муухай. Би очихсон гэж их боддог байсан. Одоо очиж чадахгүй, нас дээр гарсан. Би Горный Алтай хүрч үзсэн. Чингисийн уугуул нутагт хөл тавих юмсан гэж үнэхээр их бодож байсан. Одоо Москва Ленинградын хооронд дөнгөн данган вагоноор явж байна. Онгоцоор явж чадахаа больсон гэдэг байлаа. Насан дээр гарч доройтсон байсан л даа. Талийгаач Батзориг л чааваас зургийг нь их авдаг байсан юм. Дараа нь Москвад элчингийн зөвлөх байсан, НҮБ-д сууж байсан Жаргалсайханы Энхсайхан бас нэг уулзсан юм. Ерөнхий Консулын газартаа урьж хоол өгсөн. Аав, ээжийнхээ тухай, номынхоо тухай ярина. Тэр чинь өөрийгөө л гэж ярина шүүдээ. Майский, П.К.Козлов энэ тэрийг авч үзэхгүй, тоохгүй шүү дээ. Архи их уухгүй ээ. Нэг удаа жаахан цагаан архи уусан байв. Гэр нь гуравдугаар давхарт. Жолоочтойгоо хүргэж өгөв. Гэнэтхэн ухасхийгээд шатаар гүйгээд гараад явчихав. Гүйцээд очсон амьсгаадчихсан хаа, хээ гээд зогсч байна. За ингээд л үхчих юм биш байгаа. Гадаадын байгууллагад очсон ч гэх юм билүү, гэх мэт янз бүрийн л юм бодлоо.

-Үгүй, та яаж байна, гэтэл -Эрчээрээ ингэж гарахгүй бол би ядарчих гээд байдаг юм., гэж байна. Тэр үед би залуу гучин хэдтэй байсан, үнхэлцэг хагарчих шахсан юм. Та яаж байгаа юм бэ, хүн түшээд явж байхад гээд л . Монголд элэгтэй, их эрдэмтний, монгол хүний удмын санг хамгаалж үлдэх тухай угийг хуурнэн суугаа хүний өөрийнх нь ч цөөхөн монголчуудаа гэсэн сэтгэл нь юм л бол үгийнх нь өнгөнд ил гарч байсан. Цагаан шөнө болдог алс холын Нева мөрний хөвөөнд ч, хэдхэн цаг давхиад л Номхон дөлгөөн далайн уснаас гараараа хутган амсч болох Бээжин хотод ч хаана л бол хаана монголчуудынхаа төлөө зүтгэж яваа энэ хүний өрөөнөөс гарахад тунгалаг намуун орой болж байв.

С.Цэрэндорж
/Монголын мэдээ сонины БНХАУ дахь тусгай сурвалжлагч/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button