Тагнуулчид хор өгсөн хэргийн учиг тайлагдаагүй байна

2001 оноос Англид дүрвэн суурьшиж, энэ улсын иргэн болсон Оросын тусгай албаны ажилтан асан, 43 настай дэд хурандаа Александр Литвиенко энэ сарын 1-нд бусдад хорлогдсоны улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм. Одоогоор биеийн байдал нь нэлээд хүндхэн байгаа ажээ. Эмч нарын ярьж байгаагаар Литвиенког хэн нэгэн санаатай хорлохыг завдсан бөгөөд хор түүний биед гүн шингэснээс өвчтөний бие организмд цусны цагаан бөөм бараг байхгүй болжээ. Харин Их Британийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр Александр Литвиенкогийн биеийн байдал одоохондоо хүнд байгаа хэдий ч харьцангуй тогтвортой байгаа гэнэ.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр Литвиенко хордохынхоо өмнөхөн түүнийг заналхийлсэн и-мэйл хүлээж авсан болохоо мэдэгджээ. Литвиенко эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө Лондон хотын нэгэн бааранд Италийн иргэн Марио Скарамелла гэгчтэй уулзжээ. Марио Скарамелла Литвиенкод саяхан бусдын гарт амиа алдсан Оросын нэртэй сэтгүүлч Анна Политковскаягийн үхэлтэй холбоотой мэдээлэл өгөхөөр уулзсан байна. Гэхдээ Английн Индепендент сонинд бичсэнээр энэхүү уулзалтад Политковскаягийн нэрийг хавчуулсан нь Баруунд түүний нэр хүнд өндөр байгаатай холбоотой гэж үзэж байна. Мэргэжлийн хүмүүс түүний цусанд эмнэлгийн шинжилгээгээр их хэмжээний таллийн давс байгаагтогтоосон байна. Английн хорт бодис судлах төвийн профессор Жон Хэнри хэлэхдээ, Литвиенког цацраг идэвхт бодист хордсон байх магадлал хамгийн өндөр, яагаад гэвэл түүнд илэрсэн шинжүүд үүнтэй тохирч байгаа талаар ярьж байсан юм. Эмч Хэнригийн үзэж байгаагаар, Литвиенкогийн ясны чөмөгний үйл ажиллагаа хэвийн бус, мөн түүний цусан дахь цагаан бөөмийн хэмжээ тэг хүртэл доод хэмжээнд буурсан нь таллийн давсанд хордсоныг гэрчилж байгаа гэнэ.

Эдгээр шинж нь цацраг идэвхт таллуим бодисын нөлөө ажээ. Таллиум гэгч бодисыг эмнэлгийн газар маш бага хэмжээнд ашигладаг юм байна. Гэтэл Литвиенкогийн хувьд маш их хэмжээгээр энэхүү бодист хордсон байжээ. Энэхүү хорт бодис хүний амьсгалын замаар хордуулдаг бөгөөд үүнд хордсон хүн удаан хугацаанд бие нь өвдөж тарчилж үхдэг юм байна. Литвиенко Оросын нууц албанд ажиллаж байхдаа түүнд улстөрч Борис Березовскийн аминд халдах тушаал өгснийг эсэргүүцэн, энэ хэргийг олонд ил болгон гуравдагч орноор дамжин Англид дүрвэсэн юм. Сүүлд тэрбээр Лондонд суурьшсаныхаа дараа Холбооны мөрдөх товчоо Орос орныг дэлбэлэн үгүй хийж байна нэртэй ном бичиж хэвлүүлжээ. Тэрбээр номдоо 99 онд Москвад болсон дэлбэрэлтийн цаана нууц албад байгааг илчилсэн юм. Их Британийн цагдаа нар дээрх хэргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа ажээ. Харин Березовский, Литвиенког зориудаар хорлосон явдлын цаана Оросын нууц албаныхан байгаа гэж сэжиглэж байгаа хэмээн мэдэгджээ. Тэгвэл Оросын тал түүний энэ мэдэгдлийг ямар ч баталгаагүй, бүдүүлэг гүтгэлэг гээд түүнийг хордуулсан хэрэгт оролцоогүй болохоо албан ёсоор мэдэгджээ.

Г.Минжмаа
2006.11.25 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button