Л.Гантөмөр Хохирлыг энэ ондоо багтааж барагдуулахаар хичээж байна

-Хадгаламж зээлийн хоршооны асуудлыг хоёр хоногийн өмнө танай байнгын хороогоор хэлэлцсэн. Хохирлыг барагдуулах ямар арга зам олов оо?
-Хууль, хяналтын байгууллагад хадгаламж зээлийн 22 хоршооны хэрэг шалгагдаж байгаа. Үүнтэй холбогдуулаад УИХ-ын даргын захирамж гарч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг томилогдож, хаврын чуулганы завсарлагаар нөхцөл байдалтай танилцаж, дүгнэлтээ гаргасан байгаа. Ингээд Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар хэлэлцсэн гишүүдийн санал дүгнэлтийг нэгтгээд УИХ-ын даргад танилцуулна. УИХ-ын даргын зүгээс чуулганы нэгдсэн хуралдаанд сонсъё гэвэл асуудал нээлттэй байгаа. Миний бодлоор нэгдсэн хуралдаанд сонсохыг дэмжиж байгаа. Хэрэв үгүй гэвэл бид байнгын хорооноос Засгийн газрын ажлын хэсэгт чиглэл өгөх ёстой гэж ойлгож байгаа.

-Хохирогчдын хохирлыг барагдуулах найдвар хэр байгаа юм бэ. Тодорхой хэмжээгээр төр хариуцах ёстой гэсэн асуудал бас яригдаж байгаа шүү дээ?
-Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээс үзэхэд төрийн зүгээс тодорхой хариуцлага алдсан байна гэсэн учир төр оролцохоос өөр аргагүй. Ялангуяа, төрийн дотоодын хяналт сул байсан нь олон хадгаламж зээлийн хоршоог дампууруулахад хүргэсэн. Хууль цоорхойтой байснаас хадгаламж зээлийн цөөнгүй хоршоо анх байгуулагдсан цагаасаа л луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ нь улирал бүр гаргаж өгсөн тайлангаас нь харахад тодорхой байна. 2002-2005 оныг хүртэл жилд гаргаж өгдөг 12 тайлангаа хуурамч гаргаж өгсөн асуудал ба,йна. Иймд хяналт тавиагүй гэсэн шалтгаанаар төр тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Хэдийгээр төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс тодорхой анхааруулга өгч байсан гэдэг ч хохшсон хүмүүсийн асуудал өөрөө төрийн оролцоотойгоор шийдэхээс өөр аргагүй байдалд хүргээд байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс ч харагдаж байна, байнгын хорооны гишүүдийн санал дүгнэлтээс ч энэ байдал тодорхой харагдаж байна. Тийм болохоор байгаа үндсэн хөрөнгийг нь бүртгэж, битүүмжлэх ажлыг Засгийн газраас тусгай ажлын хэсэг гаргаж хийх хэрэгтэй байна. Мөн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийн өр төлбөрийг нэн даруй барагдуулах Засгийн газрын ажлын хэсэг дорвитой ажил хийх шаардлага гарч байна. Үүнийг шийдчихвэл төрийн зүгээс тийм ч их мөнгө гарахгүй юм гэсэн найдвар бас байна.

-Хохирлын хэдэн хувийг төр гаргах боломжтой бол?
-Одоогийн байдлаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын нийтхохирлыг 14 тэрбум төгрөгөөр тооцож байгаа. Тусгай сан байгуулаад, обьект, хөрөнгийг нь бүртгээд, мөнгө болгох хэрэгтэй. Ингээд үлдсэн хохирлыг төрөөс барагдуулах арга зам байж болох юм. Мөн хадгаламж зээлийн хоршоонд их мөнгө хадгалуулаад, хоршоодын үйл ажиллагаа доголдоод ирэхээр үүсгэн байгуулагчидтай нь үгсэн хуйвалдаад мөнгөө хүүтэйгээ бодуулаад авсан тохиолдол ч байна. Ийм өндөр хүү бодуулж авсан мөнгийг эргүүлэн авах арга хэмжээ авч болно.

-Хохирогчдод төрөөс мөнгө олгохын тулд хууль батлах шаардлагатай юу?
-Хууль гаргах шаардлаганүй. Харин Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Дотоод хяналтын асуудалд анхаарлаа хандуулах, дээр нь гишүүнчлэлийн тоо хязгаарыг нарийн зааж өгөх хэрэгтэй юм билээ. Тухайн зээлдэгч хэр зэрэг мөнгө байршуулснаас шалтгаалж зээлийн хязгаар тогтоож өгөх хэрэгтэй. Энэ мэтчилэн олон өөрчлөлт хийх шаардлагатай байна. Манай Хоршооны тухай хуульд өндөр хөгжилтэй орны хуулийгтэр чигээр нь хуулаад тавьчихсан юм билээ. Тэгэхээр одоо яг өөрсдөдөө зориулсан тийм л хууль гаргах хэрэгтэй. Хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар амжиж батлах нь хэн хэндээ ашигтай.

-Хохирогчид хэзээ мөнгөө авах бол?
-Эхний ээлжинд бид шалгагдаж байгаа хоршоодыг хүлээхээс өөр аргагүй. Одоо 22 хоршоог шалгахаас 19-ийг нь дуусаад байгаа гэсэн. Үлдэж байгаа гурван хоршооны талаархи хохирлын мэдээг нэгтгэснээр хохирлыг барагдуулах асуудал яригдана. Өлсгөлөн зарлаад байгаа хүмүүсийг бид ойлгож байгаа. Өөрсдийнхөө хөлс хөдөлмөрийг өсгөөд авъя гэсэн эдгээр хүмүүсийг буруутгах аргагүй юм. Иймд яаралтай хохирлыг нь барагдуулах хэрэгтэй. Яаралтай гэдэг нь миний бодлоор, энэ ондоо багтаагаад хохирлыг нь барагдуулах санаатай байна. Барагдуулж амждаггүй юм аа гэхэд хохирогчидтой уулзаад ойлголцох ёстой. Ийм, ийм хөрөнгө байна, ингэж шат дараатай арга хэмжээ авсны дараа таны хохирол барагдах нь ээ гэсэн ойлголцолд хүрэх хэрэгтэй. Ер нь бол хохирлыг барагдуулах ажил эрчимтэй явах ёстой.

Т.Баярмаа
2006.11.25 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button