276 мянган ам.долларын барьцаатайгаар Абдул Разак Багиндаг суллажээ

Монголын иргэн Ш.Алтантуяаг захиалга өгч алуулсан гэх Малайзын улсгөр судлаач Разак Багинда болон аллага үйлдсэн хоёр цагдааг анхан шатны шүүхээр оруулж Малайзын эрүүгийн хуулийн дагуу цаазаар авах ял оноосон.
Гэвч энэ нь зөвхөн баттай бус мэдүүлгээс авсан анхны шийдвэр байжээ. Тиймээс Багиндагын хэргийг арванхоёрдугаар сарын 14-нд Дээд шүүхээр оруулахаар тогтсон байсан билээ. Чухамдаа дээд шүүхээр л түүний хэргийг эцэслэн шийдэх учиртай гэнэ. Харин дээд шүүхийн хуралдаан тогтсон хугацаанаас өмнө буюу энэ сарын 23-нд эхэлжээ. Сэжигтэн хурал дээр өөрийгөө эл хэрэгт огтхон ч хамаагүй хэмээн мэдүүлсэн тухай Малайзын The Star сонин уламжилсан байна. Шүүхийн танхимд түүний ээж, эхнэр Мазлинда Махзан, хүү Ровена болон хамаатан садангууд нь ирсэн байжээ. Орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлсэн шүүх хурлын үеэр Багинда нэлээд тайван, айж сандарсан шинжгүй байсан аж. Гэвч шүүх хурал удаан үргэлжилсэнгүй.
-Р.Багиндагийн бие тааруу тул нэг сая ренгит буюу 276 мянган ам.долларын барьцаатайгаар шоронгоос сулласан. Одоо эмнэлгийн хяналтад байгаа түүний биеийн байдал маш муу байна. Хурц багтраа, мэнгэртэй учир эмчлүүлэх шаардлагатай, иймээс шүүх хурлыг хойшлуулах шаардлагатай байна хэмээн түүний өмгөөлөгч Пуравеланы мэдэгдснээр шүүх хурал хойшилжээ. Хэрэг гарсны дараахан Малайзад очсон талийгаачийн аав С.Шаарийбуу гуай өнөөг хүртэл Монголд ирээгүй байна. Тэрбээр хэрэг хэрхэн шийдэгдэхийг хүлээхийн зэрэгцээ охиныхоо цогцосны үлдэгдлийг авч ирэхийг хүсч байгаа аж. Гэвч талийгаачийн ясны үлдэгдлийг нарийн шинжилж дууссаны дараа эцэг, эхэд нь шилжүүлэн өгч болох юм хэмээн прокурор Салехуддин Сайдин мэдэгджээ. Мөн хуульч Карпал Сингх талийгаачийн ясны хэлтэрхийг эх орондоо авч ирэхийг хүссэн С.Шаарийбуугийн өргөдлийг шүүх хуралдааны үеэр танилцуулсан байна. Эд мөрийн баримт болох ясны хэлтэрхий одоохондоо цагдаагийнхны мэдэлд байсан дээр гэж үзжээ. Разак Багинда гэмт хэргийг гардан үйлдсэн цагдаагийн хоёр ажилтантай ямар холбоотой, болохыг одоохондоо тогтоогоогүй гэсэн мэдээлэл бас байна. Талийгч бүсгүйн аав С.Шаарийбуу Багиндатай уулзахыг хүссэн ч шүүх түүнийг зөвшөөрөөгүй байна. Энэ хэргийн талаар ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга О.Очиржаваас тодруулахад, Одоохондоо ямар нэгэн шинэ мэдээлэл алга. Ер нь шүүх хурал болно гэсэн, арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл шинэ мэдээлэл гарахгүй болов уу гэсэн хариу өглөө.
Ц.Мөнх
2006.11.25 Монголын мэдээ