Монголоос Голланд өвчин-ий долоон шинж тэмдэг тодроод байна

Одоогоос 95 жилийн тэртээ Монгол Улсад санхүүгийн алба үүсэн байгуулагджээ. Энэхүү ойг тохиолдуулан Сангийн яамнаас зохиож буй арга хэмжээнүүдийн нэг нь эрдэмтэд, судлаачдын дунд зохиосон онол практикийн бага хурал. Эрдэмтэд Монгол Улсаа хөгжүүлье сэдвийн дор тооны хэл-ээр ярилцаж, эх орныхоо хөгжлийн төлөвлөлт, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох хүрээнд үндсэн илтгэлүүдийг хэлэлцсэн юм. Энэхүү онол практикийн бага хурлыг Сангийн яам, Санхүү эдийн засгийн дээд сургуулиас зохион байгуулжээ. Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Ц.Зоригтбаатар Монгол Улсын хөгжлийн чиг хандлага төлөвлөлтийн арга хэрэгсэл, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал Ц.Даваадорж Монгол Улсын макро эдийн зас¬гийн бүтцийн өөрчлөлтийн чиг хандлага, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал Монгол Улсын төсвийн орлогын менежментийг боловсронгуй болгох нь, Сангийн яамны төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал Монгол Улсын эдийн засаг дахь Голланд өвчний шинж тэмдэг зэрэг сонирхолтой илтгэлийг тавьсан юм.

Алт зэсийн үнэ өссөнөөр манай гүйцэтгэх засаглалынхан анх удаагаа бийлэгжүү загнаж, мөнгийг баруун солгойгүй цацахтайгаа болсон. УИХ-аар төсөв хэлэлцэж буй энэ үед ч мөнөөх алт, зэсийн үнийн өсөлтөөс олох мөнгөөр нийгмийн халамжийн, хүүхдийн, залуу гэр бүлийн мөнгө олгох гээд бужигнаж эхэлсэн. Хэдийгээр сонсоход сайхан ч энэ бүхэн Голланд өвчин-ий өөрөөр хэлбэл улс орны эдийн засаг, нийгмийн хүнд өвчлөлийн хам шинжийг илэрхийлээд буй.

АЭ хоёр жилийн өмнөөс дэлхийд хэдийнэ сайн мэдэх болсон Голланд өвчин гэж юу болох, яагаад энэ өвчин манай эдийн засагт халдварлах болсон, уг өвчний шинж тэмдэг яаж илэрч байгаа талаар бичиж байсан. Тэр үед Юу, яасан Голланд өвчин… гэж байсан хүмүүс ч бий. Тэгвэл яг өнөөдөр уул уурхай, ашигт малтмалын салбар руу анхаарал хандуулж, идэж. барахгүй мэт үүцээ хэрхэх талаар хэлэлцэж байгаа үед энэ нэр томьёо улам ч хүчтэй сонсогдож байна. Жил гаруйн өмнө доктор, профессор Ц.Даваадорж энэ талаар сонирхолтой илтгэл тавьж байсныг тухайн үедээ бид мэдээлсэн болохоор уншигчид маань санаж байгаа байх аа.

Дахин сануулахад экспортын бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг газрын баялгаараа бүрдүүлж буй улсууд эдийн засаг хөгжлийн бодлогоо зөв залахгүй бол зөвхөн эдийн засаг гэлтгүй нийгэм ч тэр аяараа өвчлөлд өртдөг. Өөрөөр хэлбэл зөвхөн газрын баялгаараа асар их хэмжээний валют олсноор дотоодын үйлдвэрлэл доройтож бэлэнчлэх, тан¬саглах сэтгэлгээг өөгшүүлдэг.

Үүнээс улбаалаад төр, засгийн үр ашиггүй зардал, хээл хахууль, хүнд суртал ч цэцэглэн хөгждөг гэдгийг сануулах юун. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Б.Батжаргалын илтгэл олон асуудлыг хөндсөнөөс манай улсын нийгэм эдийн засгийн хөгжилд саад болоод байгаа хүнд суртал, авилга, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн дутагдлыг шүүмжилсэн эрдэмтдийн аазгайг хөдөлгөөд авсан. Манай эрдэмт¬дийн тодорхойлсон Голланд өвчин гэдэг тодорхойлолт хэнд ч ойлгомжтой бас сонирхол татахуйц байлаа. Товчхондоо байгалийн эрдэс баялгийн олборлолтын хэмжээ тухайн орны эдийн засаг, экспортод голлох жин эзэлж, улсын төсвийн өсөлт, бууралт үүнээс хамаарах болсны улмаас санхүүгийн эрсдэл дагуулах үзэгдэл гэж тодорхойллоо. Ийнхүү эрдэмтэн судлаачид эртнээс анхааруулж хэлсээр атал манай улсыг аюулт Голланд өвчин хэдийнэ нэрмэж.

Энэ өвчний долоон шинж тэмдэг манай улсын эдийн засагт илрэх болсон гэнэ. Тйймээс энэ өвчнөөс яаж ангижрах талаар эрдэмтдийн дунд халуухан яриа өрнөсөн юм. Тэгэхээр одоо төр засгийнхан гэлтгүй жирийн иргэд бид ч Голланд өвчин-д анхаарлаа хандуулж, түүнээс хэрхэн ангижрах тухай бодох хэрэгтэй болж. Түүнээс хэрхэн ангижрах вэ? Энэ талаар ч манай эрдэмтэд санаа оноогоо хэлж байна. Түүнээс гадна өнгөрсөн зуунд дэлхийд танигдсан энэ өвчний талаар, түүний илрэлүүдээс хэрхэн ангижирч болох тухай дэлхийн туршлага ч бий.

Нэрт эдийн засагч Штиглицийн ийм сануулгыг санаж буй байх. Голланд өвчин-өөс ангижрах шууд бөгөөд хялбархан бас цорын ганц жор гэж үгүй. Тоймтой товчхоноор өгүүлбэл ашигт малтмалын салбартаа дан ганц шүтэлгүй эндээс орж ирж буй асар их мөнгөө тансаглалд үрчихэлгүй барагдашгүй нөөц маань багасах үед биднийг залгуулаад тэжээх салбаруудаа хөл дээр нь босгох.

Мөн авлига хээл хахуулд автахгүй, үр ашиггүй зардалд баялгаа үрээд дуусгачихгүйн тулд төрийн тунгалаг байдлыг өөрөөр хэлбэл ил тод байдлыг сайжруулах гэх мэт бие биетэйгээ уялдаа холбоотой цогц асуудлууд. Тэгвэл өнөөдөр Монголд ямар байна вэ? Энэ талаар та сайн бодоод үзээрэй. Баялгаас олдож буй мөнгөөрөө боловсрол, сайн засаглал, дотоодын үйлдвэрлэлээ тэтгэж чадаж байна уу, бид?
Лав л Монголын боловсролын салбарын эдийн засгийн үзүүлэлт муу,байгаа талаар Ц.Даваадорж захирлын илтгэлийг олон хүн толгой дохин хүлээн зөвшөөрсөн. Чанаргүй олон дээд сургуулиудын сөрөг нөлөөгөер манай улсын боловсролын салбар оюуны бодит потенциалын хоцрогдолд ороод буй гэнэ. Өдгөө уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа, тээвэр холбоо гэсэн дөрвөн салбар манай дотоодын нийт бүтээгдэхүүний 3/4 хувийг бүрдүүлдэг учраас эдгээр салбартаа анхаарахыг тэд сануулав.

Ардын эрх сонин 230 /508/
Ж.Эрхэс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button