Метротой болох цаг боллоо

зарим нэг нь биелэлээ олж хүүхэд бүрт 10000 төгрөг, шинэ төрсөн хүүхэд бүрт 100000 төгрөг, шинэ гэр бүлд 500000 төгрөг, гэх мэтийн нийгмийн халамжийн чанартай хөрөнгө оруулалтууд ар араасаа цувран гарч байна.

Энэ бодлого нь эдийн засгийн хувьд алсыг харсан гэхээсээ илүү популист шинж чанартай сонгуулиас сонгуулийн хооронд хийгдэж байгаа улс төр юм болов уу гэж бодогдох юм. Сүүлийн үеийн УИХ-н чуулганыг харж суухад бүтээн байгуулалтын шинж чанартай санал гэхээсээ олсоноо тараагаад өгчихье гэх нь илүү боллоо. Энэ бол маш харалган бодлого юм. Бүтээн байгуулалт гэж шалихаар зүйл яригдсангүй. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн буянаар дуусаж өгдөггүй төрийн ёслолын ордонтой болж байх шиг байна. Одоо бас хэдэн сая ам.доллараар парламентын ордон барих юм байх.

Тэгвэл эрхэм гишүүдэд ард иргэддээ наалдацтай, хойч үедээ хүртээлтэй нэг санал дэвшүүлье. Та бүхэн мэргэн ухаандаа тунгаан үзэж, ирэх жилийн төсөв маань гайгүй ашигтай гарах төлөвтэй байгаа энэ үед баталж чадвал танай парламентын нэг ангийнханыг хойч үе чинь сайн сайхнаар дурсах болно.

2007 оныг бүтээн байгуулалтын жилээр зарласаныг энд сануулахад илүүдэхгүй биз ээ.
Саяхан Дорнот аймаг руу машинаар яваад ирлээ. Алдарт мянганы замаараа салхи татуулан давхихад сайхан байлаа. Хар зам маань бараг Өндөрхаан хүрчээ. Дараа жилээс Чойбалсан хот хүрнэ гэж нутгийн ардууд хуучилж байх юм. Мянганы замынхаа ачаар нийт 12 цаг давхиад Чойбалсан хот орчихлоо. Харин гайхалтай нь 12 цаг давхихад 12 машин л өмнөөс маань зөрөх юм. 12 машинд, машин бүрт 5 хүн суужээ гэж тооцоход 60 хүн болж байна. Нэг өдөр 60 хүн зорчихын төлөө бид энэ замд 60 сая ам.доллар зарцуулжээ. Өшөө ч их мөнгө зарах юм гэнэ.

Тэгэхээр хөгжингүй орнуудад хэдэн км зам тавьсан бэ гэхээсээ илүү хэдэн машин энэ замаар явсан бэ буюу нягтралыг нь тооцож замыг барьдаг байх юм. Нягтралыг нь тооцох юм бол хамгийн нягтралтай зам маань Эрдэнэт, Дархан орох зам биш, Хархорин орох зам лав биш, Дорнот орох зам бүр ч биш. Харин бидний хэлж заншсанаар Улаанбаатар хотын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөө юм. Төв замын замын нягтралыг тооцоход маш энгийн, өнөөдөр УБ хотод маань хичнээн тээврийн хэрэгсэлтэй байна тэд бүгд л энэ замаар холхино. Өөр зам байхгүй юм чинь арга ч үгүй биз. За дээрээс нь урьд өмнө мэддэггүй байсан Түгжрэл хүн бүхний уурыг барсан шинэ үзэгдэл. Эндээс үзэхэд хөрөнгө оруулалт хаашаа аль зам руу хийгдэх ёстой вэ гэдэг нь туйлын ойлгомжтой юм шиг.

Гэхдээ миний хэлэх гэсэн санаа бол энэ зам руу биш бидний хувьд цоо шинэ зүйл болох газар доорхи зам буюу МЕТРО юм. Метрог бидний ойлгодогоор нэг саяас дээш хүн амтай хотод барьдаг гэсэн яриа байдаг. Тэгвэл өнөөдөр УБ хот маань орж гарч байгаатай нийлээд 1400000 хүн амтай болжээ. Алтай ах бид хоёр дэвэн дэлхийгээр хэрж явахдаа энэнээс ч бага хүн амтай хот метротой байхыг олонтоо харж явлаа.

Тэгэхээр цаг нь болсон мэт. Метро гэхээр олон сүлжилдсэн зам, нэгээс нөгөө рүү шилжин суух тунэлүүд (tunnel) , энэ их хөрөнгийг хаанаас гаргах вэ, энэ бол бүтэхгүй зүйл гэх хүн гарахыг үгүйсгэхгүй, Тэгвэл УБ хотод маш хямд өртөгөөр метро байгуулж болно. Бидэнд тэр олон зам сүлжээ хэрэггүй. Нэг л шугам (line) байхад хангалттай. УБ хот маань нарийхан урт учираас эхний ээлжинд Таван шараас Амгалан хүрэх нэг л шугамтай байхад бидний өнөөдөрийн тулгараад байгаа олон бэрхшээлийг шийдэж болох юм.

– Төв замын буюу Энхтайваны өргөн чөлөөний түгжрэл эрс багасна. Яагаад гэвэл том оврын автобус, троллейбус болон микро автобусууд төв замаар явах шаардлагагүй болно.
– Зам тээврийн осол мэдэгдэхүйц багасна, Яагаад гэвэл явган зорчигч нар газар доорхи гарцыг ашиглах болно.
– Зорчигч нар өвлийн хүйтэнд удаан хугацаагаар дааран хүлээх шаардлагагүй болно. Яагаад гэвэл метро өөрөө хурдан, тодорхой хугацаатай учраас.
– Зам дагуу олон ТҮЦ алга болж бүгд газар доорхи тохилог орчинд бичил бизнесээ эрхлэх болно.
– Хотын өнгө үзэмж эрс сайжирна.
– Бусад чиглэлд дутагдаж байгаа нийтийн тээврийн хэрэгсэлүүд төв замаас чөлөөлөгдөж эдгээр чиглэлд ачаалал эрс багасна, гээд дурьдаад байвал олон ашигтай зүйлийг нэмж хэлж болно

Нэг км метро барихад 10 сая доллар зарцуулагддаг гэж сонссон юм байна. Тэгвэл таван шараас амгалан хүртэл 20 км метротой болоход бидэнд 200 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Ийм хэмжээний мөнгө ирэх жилд зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр хэвээрээ байх юм бол сулрах магадлал өндөр байгаа. Энэ их бүтээн байгуулалтанд хувийн хэвшлийнхэнийг ч татан оролцуулж болох юм. Жишээ нь Японы Осока хотод зарим нэгэн шугам нь хувийнх байдаг тодхон жишээ байна. МCS, Бодь гэх мэтийн манай урдаа барьдаг компаниуд энэ төсөл дээр хамтран хөрөнгийн биржээр хувьцаа гаргахад хөрөнгийн эх үүсвэрээ дорхноо олно гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр дэлхий тэр чигээрээ даяарчлагдаж том компаниуд том төсөл дээр нэгдэн нийлэх нь ердийн үзэгдэл болжээ. Нэг зориглоод том хөрөнгө оруулалт хийсэн байхад дараагийн ашиглалтын зардал нь маш хямдхан байдаг юм байна.

Эцэст нь эрхэм гишүүд 2007 онд олсон хэдийгээ тараагаад байх уу, том бүтээн байгуулалт эхлүүлэх үү гэдгийг сайн тунгаан бодож үзэхийг та бүхнээсээ хүснэм.

Г.Ганхүү

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button