Анхдугаар Үндсэн Хуулийн тухайд

Анхдугаар Үндсэн Хууль хэрхэн батлагдав
Манай улсын хувьд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 17 минутанд Улсын Анхдугаар Их Хурлаас батлан гаргасан байна.
Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн Газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргасан бөгөөд тус ажлын хэсгийн даргаар шүүх яамны сайд хурц гүн Магсаржавыг томилжээ.
1922 оны IX сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино хэмээн заасан байдаг. Иймд тухайн комисс нь Үндсэн хуулийн төслийг парламентын тогтолцоотой улсын жишгээр харгалзан боловсруулах зорилтыг өмнөө тавьсан гэж үзэх бүрэн үндэстэй.
Ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн Хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 7 сарын дараа буюу 1922 оны 12 дугаар сард татан буулгасан байна.
Энэ нь тухайн үеийн зарим удирдах хэт туйлшрагч үзэлтнүүд уг комиссыг Европын хөрөнгөтөн улсуудын хууль дүрмийг харгалзаж, ЗХУ, түүний Үндсэн хуулийн ач холбогдлыг үгүйсгэхийг оролдож байна гэж үзэн боловсруулсан төслийг хүлээж авахгүй байсан бөгөөд улмаар комиссын бүрэлдэхүүнд байсан хүмүүсийг тодорхой хугацааны дараа хэлмэгдүүлсэн түүх бий. Үндсэн хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлалын асуудлаар төрийн удирдлагад байгаа хүмүүс хоорондоо зөрөлдөж, мөн ЗХУ, Коминтерний зүгээс тодорхой хэмжээний даралт шахалт үзүүлж байсантай холбоотой юм. Ийнхүү 1922-1924 он хүртэл тодорхой нэгдсэн шийдэлд хүрэхгүй явсан буюу Үндсэн хуулийг боловсруулах ажил ерөнхийдөө зогсонги байдалд орсон байна. Энэ хооронд манай улсын хувьд төрийн байгууллагуудын эрх хэмжээ болон нийгмийн олон талт харилцааг зөвхөн дүрэм журмаар зохицуулж байлаа.
Харин 1924 оны 9 сарын 23-нд Ардын Засгийн Газрын ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг дахин байгуулсан байна . Энэ комисс Үндсэн Хуулийн төслийг боловсруулахдаа 1918 онд батлагдасан Зөвлөлтийн Үндсэн Хуулийг гол үлгэр жишээ болгон ажилласан нь ЗХУ ын Коминтерний шахалтанд орсныг гэрчилнэ. Үүнийг Зөвлөлт орос улсын 1918 оны Үндсэн хуультай харьцуулан дүгнэвэл
Анхдугаар Үндсэн хуулийг 1918 оны Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулийг шууд хуулбарласан эсэх дээр хуульчид, улс төрчид, судлаачид өөр өөрсдийн байр суурьтай байдаг. Тухайлбал УИХ-ын дарга Ц.Нямдорж … Энэхүү Үндсэн Хуулийг боловсруулагдан батлагдсан талаар янз бүрийн яриа байдаг. Тухайлбал, тэр үед Монгол ажиллаж байсан Зөвлөлт Оросын сургагч Рыскулов, Всевятский нарын хүмүүс зохиогоод түүнийгээ Улсын Их Хурлын хуралдаанд Ерөнхий сайд Б.Цэрэндорж өгч уншуулаад батлуулсан гэх явган яриа ч бий. Энэ нь үндсэндээ Монголын үе үеийн төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэн ихэсийг маань хэт дорд үзэн басамжилсан явдал гэж ойлгохоос өөр яахан. …Энэ нь манай хууль 1918 оны Зөвлөлтийн Үндсэн Хуулийн бүтэц, зохицуулалтаас ялгаатай байгаагаас харагдаж байна. хэмээн дүгнэсэн байдаг бол судлаач Баярхүү … Уг комисс нь хуулийн төсөл боловсруулахдаа Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулийг жишээ болгон хувьсгал ялснаас хойш 3 жилийн хугацаанд үйлчилж байсан гол актуудыг харгалзан үзжээ. гэж тэмдэглэсэн байна.
Мөн судлаач Батаа …1924 онд Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан комисс байгуулан Үндсэн Хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихыг даалгасны үрээр Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулийг үлгэр жишээ болгосон үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын үр дүнг улс төр, эрх зүйн талаас нь бататган бэхжүүлсэн Үндсэн хуулийг … баталж… гэсэн байдаг.

Иймд бидний зүгээс тус хоёр Үндсэн хуулиудыг харьцуулж дахин нягталбаас

1. Бүтцийн талаас нь үзвэл Монгол улсын Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй бол Зөвлөлт Орос улсынх 6 бүлэг, 90 зүйлтэй бөгөөд бүлгүүдийн нэр нь хүртэл давхцсан байдаг юм.
2. Үндсэн агуулга талаас нь авч үзвэл мөн л зөрдөггүй ижил үзэл санааг тунхагласан байдаг Тухайлбал, нэгдүгээр бүлэгт Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь гэсэн бол Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулинд Хөдөлмөрчин ба мөлжигдөгч ангийн эрхийг тунхаглах нь гэж заажээ. Тэрхүү жинхэнэ ард гэдэгт хамжлага байсан малчид зэрэг ардуудыг оруулж ойлгож байсан нь Оросын мөлжигдөгч анги болох тариачин, ажилчин анги гэдэгтэй ижил түвшинд ойлгогдоно.
Үүнтэй холбоотойгоор улсын бүх эрх мэдэл хөдөлмөрчин ангид хамаарах бөгөөд газар, түүний бүх баялаг эдгээр ангийн гарт байх тухай үзэл санаа 1918 оны Зөвлөл Орос Улсын Үндсэн хуулинд байсныг манайхан шууд хуулбарлан авсан байдаг.
Ийнхүү хоёрдах комисс шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа 1918 Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулиас гол зарчмаа тогтоож авсан ба мөн Ардын Засгийн 3 жилийн ажиллагааны туршлага, энэ хугацаанд гарсан Үндсэн Хуулийн чанартай актуудыг харгалзан үзсэн нь тодорхой байна.
Комиссын боловсруулсан төслийг 1924 оны 11 сарын 08-нд эхэлсэн Улсын Анхдугаар Их хуралд оролцсон халх дөрвөн аймаг, дөрвөд хоёр аймаг, их шавь, Алтай ба Хөвсгөлийн урианхайн хошууд, ардын цэргийн ангиудаас 77 төлөөлөгч 20 гаруй хоног хэлэлцсэний эцэст Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Сонирхуулахад эдгээр 77 төлөөлөгчийн 6 нь тайж бусад нь ард гаралтай хүмүүс байсан бөгөөд 66 нь МАХН-ын гишүүд байсан нь нэг талаас тухайн үед олон нам байгаагүй тул төлөөлөгчдийн гишүүнчлэл хязгаарлагдмал, нөгөө талаас нийгмийн давхарга бүрээс төлөөлөгчид оролцож Үндсэн хуулиа баталсан эсэхэд шууд хариулт өгөхөд хүндрэлтэй юм.

Анхдугаар Үндсэн хуулийн үзэл баритлалын талаар
1789 оны Францын Иргэний болон хүний эрхийн тунхаглалд иргэний эрх нь хэрэгжих баталгаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэм бол Үндсэн хуульгүй нийгэм хэмээн тэмдэглэсэн байдаг.
Аливаа улс орнуудын үндсэн хуулийн үзэл баримтлалын гол тулгуур багана нь
-Улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдал
-Хүний эрх, эрх чөлөөний баталгаа
-Төрийн эрх мэдлийн хуваарилалт
-Чөлөөтэй сайн дурын тэгш эрхтэй сонгуулийн тогтолцоо
-Шүүхийн хараат бус байдал
-Үндсэн хуулийн хяналт зэрэг болдогтой ихэнх судлаачид санал нэгддэг.
Тэгвэл дээр дурдсан үндсэн хуулийн үзэл баримтлалын тулгуур ойлголтууд Анхдугаар Үндсэн хууль хэрхэн туссаныг үзвэл
– 1924 оны Үндсэн хууль нь Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсноороо түүхэнд бууршүй ач холбогдолтой билээ.
Тодруулбал, хэдийгээр 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг ЗХУ дэмжин тусалж байсан боловч, улс хоорондын харилцаа дээр манай улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөөгүй байлаа. Энэ нь 1924 оны 5 сарын 31-нд ЗСБНХОУ, Дундад Иргэн Улс хоорон дахь шийдэгдээгүй байгаа асуудлуудыг зохицуулах ерөнхий зарчмын тохиролцоо хэмээх гэрээнд Лев Карахан, Вэллинтон Кү нар гарын үсэг зурж түүнд ЗСБНХОУ нь гадаад Монголыг Дундад Иргэн Улсын салшгүй нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба тэндэх Хятадын сувернитетийг хүндэтгэн үзэх болно гэсэн заалт орсон нь Монголын үндэсний ардчилсан үзэлтэй удирдагчид болон монголчуудын гайхшралыг төрүүлэн улмаар дэлхий дахины сонорт туурга тусгаар Монгол улс оршин тогтнож байгааг даруй Бүгд Найрамдах Засгийн хэлбэрээр тунхаглан харуулах нь зүйтэй гэж санал нэгдэхэд хүргэсэн байна . Тиймээс 1924 оны ҮI сарын 13-нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасан байдаг. Үүнийг Үндсэн хуулийн шинжтэй тогтоол гэж үзэж болох бөгөөд анхны Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чухал түлхэц болсон.

– 1924 оны Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг анх удаа хуульчлан тунхагласан гэж судлаачид үздэг. Харин сонгодог утгаар хүний эрх, эрх чөлөөг тунхагласан уу гэвэл судлаач бидний зүгээс санал нийлэх аргагүй. Хэдийгээр анхдугаар Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт, Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь гэх авч агуулга талаас нь үзвэл тэрхүү жинхэнэ ард гэдэгт нийгмийн гишүүдийн дийлэнх хэсэг болж байсан хамжлага ард буюу малчин, сүм хийдийн шавь зэрэг хүмүүсийг багтаан ойлгож байлаа. Гэтэл хүний эрх, эрх чөлөө гэдэг ойлголтонд нийгмийн гарал, үүсэл, шашин шүтлэгээс үл хамааран орших бүх хүнд ижил байх боломжийг хэлдэг тул ийнхүү нийгмийн зарим гишүүдийг бусдаас нь онцгойлон хамгаалах нь хүний эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр гэж үзэж болно. Харин тус улсын харъяат иргэдэд, угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлахгүйгээр нэгэн адил эрхийг эдлүүлэх, хүн бүр чөлөөтэйгөөр үг хэлэх, хэвлэх, жагсах, хуралдах, эвлэлдэх, эрдэм боловсролыг үнэ төлбөргүйгээр олж авах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй, 18 насанд хүрсэн иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэйг батлан тунхаглажээ. Төрөөс шашны хэргийг тусгаарлаж, шашин шүтэх явдлыг хүн бүрийн дур сүсгийн хэрэг хэмээн хуульчласан нь бас дэвшилтэд алхам байсан ч нэг талаас ард олон энэ эрхээ төдийлэн сайн мэддэггүй, нөгөө талаас төрийн бодлогоор үүнийг таниулах ажиллагаа дутмаг байснаас амьдралд дээр дурдсан эрхүүд хэрэгждэггүй байсан. Тэгэхлээр хүний эрх, эрх чөлөөг бататгасан хууль гэж 1924 оны Үндсэн хуулийг үзэх аргагүй бөгөөд харин ч Монголын түүхийн эмгэнэлт явдал болох 1920-иод оны дунд үеэс 1940 он хүртэлх их хэлмэгдүүлэлтийн эх үндсийг тавьсан гэж дүгнэж болно.
Энэ тухай ч манай нэртэй хуульч эрдэмтэд санал нэг дүгнэсэн байдаг. Тухайлбал, хууль зүйн ухааны доктор, профессор Г.Совд …Гэвч нэг талаар Монгол улсын хөгжлийн хэтийн зорилгыг … эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр нь устгаж, нийгэм журамт /социалист-Г.Совд/ ба эв хамт ёс журмыг /коммунист –Г.Совд/ эрмэлзэх … явдал хэмээн хуульчилснаар нийгмийн хөгжлийн гаж буруу замыг сонгох эрх зүйн үндсийг буй болгосон, нөгөө талаар хүн амаа феодал, ард гэж хоёр ангилан, түүнийгээ хуульчилж зохиомлоор дайсан, бид гэж хуваасан нь ирээдүйн их хэлмэгдлийн суурь үндэс болсон сөрөг талтай гэж тэмдэглэсэн байдаг.

– Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хувьд тухайн үедээ ололттой хууль байсан гэж үзэж болно. Тодруулбал, дангаар хэмжээгүй ноёрхох хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах хэлбэрийг сонгосонд байгаа юм. Харин төрийн эрх мэдлийн нэг салаа мөчир болох шүүх эрх мэдлийг хуульчиж өгөөгүй нь маш их учир дутагдалтай.
Төрийн эрх мэдэл хуваарилах онолыг сонгодог байдлаар цэгцтэй боловсруулсан Францын хуульч, сэтгэгч Ш.Л.Монтескье Хуулийн амин сүнс бүтээлдээ …Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч аргагүй. …Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх мөн оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийэ амьдрал,эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой хэмээн бичсэнийг дурдалгүй өнгөрөх аргагүй.

– Энэхүү шинэ Үндсэн хуулиар жинхэнэ ардын сонгох, сонгогдох эрхийг анх удаагаа оруулж өгсөн нь сонгуулийн тогтолцоог бий болгох чухал үндсийг тавьсан гэж үзэх үндэстэй. Харин ийнхүү тунхаглахдаа сонгуулийн үндсэн зарчим болох бүх нийтийн зарчмыг шууд зөрчсөн нь Анхдугаар Үндсэн хуулийг ач холбогдлыг бууруулахад нөлөөлж байна.
Учир нь сонгуульд оролцох эрхгүй хүмүүс гэдгийг шууд нэг бүрчлэн зааж өгсөнд байдаг. Тухайлбал, Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагчид, ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худладааны ба мөнгө хүүлэгчид, урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нарын сонгуулийг эрхийг хассан байв. Хэдийгээр ухаан солиорсон этгээд болон ял эдэлж байгаа хүмүүсийн эрхийг хязгаарладаг ч нийгмийн гарал үүслээр нь ялгаваралан гадуурхаж байсан нь энэ хуулийн Үндсэн хууль байх язгуурын шинжийг алдуулж байгаа явдал билээ.

Дүгнэж хэлэх нь
Эцэст нь бид уламжлалт ойлголтоор аливаа анхдагч зүйлийг дандаа сайн, ач холбогдолтой байх ёстой гэсэн хандлагаар авч үзэж дүгнэлт хийхийг зорьсонгүй.
Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль нь, тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол улсаа зарлан тунхагласан, соёлт хүн төрөлхтний нэгэн гайхамшигт өв болсон өрнийн эрх зүйн үндсийг тавьснаараа түүхэнд хэзээ ч арилшгүй ач холбогдолтой хууль болсон.
Тэгвэл 1911, 1921 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний шууд үр дүнгээр бусдын олон жилийн ноёрхол, эрхшээлээс салсан Монгол Улсын хувьд хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хөгжлийн нийтлэг ардчилсан зах зээлийн аль эсхүл 20-р зууны нэгэн утопи онолын туршилт болсон нийгэм журамт, эв хамт хэмээх бурангуй тогтолцоог уу гэсэн сонголтоос сүүлчийнхийг нь сонгосноор түүхийн өмнө хэзээ ч цагаатгах аргагүй ул мөрийг үлдээсэн юм.
Хэрэв бид эхнийх нь сонголтоор Үндсэн хуулиа баталж чадсан бол өнөөдөр Монгол улс ямархуу хөгжил дэвшилд хүрсэн байх тухай судлаачид янз бүрээр тайлбарлан ярьдаг. Хэдийгээр түүхийн тухайн цаг хугацааг одоо дүгнэх бэрхшээлтэй ч бид хүн төрөлхтний жам ёсны нийтлэг хөгжлөөс дарайсан далан жил хоцорсон гэдэг нь яах аргагүй гашуун боловч үнэн билээ.


Түшээ ДС-ийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Э.Батбаяр
/хууль зүйн ухааны доктор Ph.D, дэд проф./

/Оллоо.МН

Ашигласан материал
1. Ж.Амарсанаа., О.Батсайхан Монгол улсын Үндсэн хууль, 2004 он.
2. Л.Батаа Монгол Улсын Үндсэн хуулиуд, тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтүүд, Улаанбаатар, 1998 он.
3. Баярхүү Анхдугаар Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдоллекц, http//www.msue.edu.mn/MUBIS/Presentation%20for%20Constitution.htm
4. Ж.Болдбаатар., Д.Лүндээжанцан, Монгол Улсын төр, эрх зүйн түүхэн эх сурвалж, УБ., 2000 он.
5. Д.Лүндээжанцан, Ч.Энхбаатар., Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй. Улаанбаатар, Адмон, 2000 он.
6. Ц.Нямдорж Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль нь тусгаар тогтнол, ардчиллын баталгаа болсон нь, Хүний эрх сэтгүүл, 2004, №4.
7. Б.Чимэд Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал,УБ.,2002 он.
8. Х.Хулан, Үндсэн хуулийн үзэл баримтлал ба Үндсэн хуульт ёсны зарим асуудалд, Эрх зүй сэтгүүл, 2001, № 6-7.
9. С.Төмөр Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй, Улаанбаатар, 2003 он.
10. Конституция РСФСР 1918 г., http//www.constitution.garant.ru/DOC_85478.htm

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button