Тусгаар улсын баяраараа Төрийн тамганы хөшөөтэй боллоо

Монголчууд төрийнхөө сүлдэнд морио дээдэлж, түмэн олноороо сөгдөн бишрээд туурга тусгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тив, дэлхийн дөрвөн зүг, найман зовхист тунхаглан зарласнаас хойш 82 дахь намартайгаа золголоо.

Энә өдөр бол өглөө өхөөрдөм жаахан үрс, өсөх идэр залуус, өтгөс буурал ахмадууд гээд хөх чонын удамт монгол хүн бүрийн баярын өдөр байдаг. Харийн түрэмгийлэгчдийн эсрэг хатан зориг гарган улс гэрээ төвхнүүлэхээр удирдан манлайлсан Их жанжны хөшөөнд эрхэм төрийн түшээд, эгэл жирийн иргэд цэцэг өргөн мэхийснээр тусгаар тогтнолын баяр эхэллээ. Дараа нь Хамаг Монголыг нэгтгэн, дэлхийн хагасыг эзэлсэн эзэн Богд Чингис хааны хөшөө бүхий Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөг албан ёсоор нээв.
Наадмын үеэр ногоон, цэнхэр алагласан туузан хөшгөөр арын барилгыг хаасан энэ хөшөөний өмнө
гадаадын зочин, гийчид бахархалтайгаар дурсамж болгон зургаа татуулж байсан нь саяхан.

Гэтэл энэ удаад ногоон туузан хөшиг бус цасан цагаан өргөө сүндэрлэж харагдана. Сүхбаатарын хөшөөний ардхан, төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний өмнөхөн Монгол Улсын иргэнийхээ үнэмлэхийг улстөрчид, урлаг соёлын алдартнуудаас гардан авахаар 16 хүрсэн хүүхдүүд догдлон зогсоцгооно. Тэд гадаах хүйтнийг огтхон ч ажрахгүй байгаа харагдана. Хөөрсөн хүүхдүүдийн зарим нь өвлийн хувцасаа тайлаад үнэмлэхээ авах мөчийг тэсэн ядан хүлээнэ.

Хуран цугларсан олны дунд хүндэтгэлийг өргөөг дуу алдсан бахдах нэгэн байх ч, эзэн Чингисийн хөшөөг Биендээ толгой нь жижигдчихэж, Энх-Амгалан хаан биш дээ ингэж налайж суугаагаар хийгээд байх даа яадгийм гэж ирээд л ундуйцаж байгаа нь ч харагдсан.

Төрийн ёслол хүндэтгэлийн хөшөөг нээсний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэлээ. Залгуулаад ирээдүйн Монголын эзэд болох залуучууд хүмүүнлэг энэрэнгүй, шулуун шударга байж, улс эх орныхоо төлөө өөрийн хувь нэмрээ харамгүй оруулахаар зүтгэхээ андгайлан тангараглаж, Мон¬гол Улсын иргэний үнэмлэхээ гардан авцгаав.

Үүний дараа үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид Халуун элгэн нутаг эгшиглэж, энд хуран цугласан бүх хүмүүс түрэн дуулцгаалаа.

Баярын үйл ажиллагаа Төрийн тамга-ны хөшөөг нээх ёслолоор үргэлжлэв. Эдүгээгээс 760 жилийн тэртээд Гүег хаанаас Ромын Пап IҮ Иннокендэд илгээсэн захидлын эх бичигт дардасаа үлдээсэн Их Монгол Улсын далай хааны тамганы дүрсийг энэ хөшөөнд сийлжээ. Баруун талд нь Богд хаант Монгол Улсын төрийн тамганы дардас, хойно нь 1924 онд Улсын анхдугаар Их хурлаас баталсан БНМАУ-ын Их хурлын, зүүн талд нь ардчилсан тогтолцоог сонгосон өнөө үеийн Монгол төрийн тамганы дардасыг байрлуулжээ. Сууж буй баран толгойтой тамга бүхий энэ хөшөөнд нүүдэлчин овгуудын тамгыг мөн дүрсэлсэн аж.

Хөшөөг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их Монгол Улсын Далай хааны үе улируулан өвлүүлеэн Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай хэмээсэн тамганы үг тэргүүтэй Монгол төрийн үе үеийн тамганы дардасыг өөртөө цогцлоон агуулсан энэ хөшөө дурсгал бол баран бариултай тамгаа атгаж, барсын арьсан хивнэгээ хөдөрч дэлхийн дайд дэг тогтоож найман зууны тэртээд даяаршлын үйлийг эхлүүлж явсан эзэн дээдсийн минь сүр хүч, суу алдрыг илтгэх төдийгүй өнөөгийн хийгээд ирээдүй хойч үеийнхний маань зүрх сэтгэлийг эх оронч үзлээр хөлөглөж, эв нэгдэл, элгэмсэг нягтралыгнь гүнзгийрүүлж, эрч хүчтэй, бүтээлч үйлст нь байнгын шамдуулга болон сүндэрлэж байг ээ.

Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан энх байх болтугай гэж хэлэв. Их Монгол Улсын 800 жилийн ойгоор 800 уртын дууч, 800 морин хуурч уран бүтээлээ толилуулж байсан бол энэ удаад бидний ирээдүй болсон 800 багачууд уран бүтээлээ толилуулав. Тусгайлан зассан тайзны өмнө тод өнгийн малгайгаар жигдрэн гоёсон 800 хүүхдийн Инээд баясал дүүрэн дүүрэн Итгэл найдвар дүүрэн дүүрэн Бөөн баяр аа бөөн баяр аа хэмээн дуу хуур цуурайтна, Сүхбаатарын талбайд. Улс тунхагласны баяраар уран бүтээлээ өргөн барихаар ирсэн урлаг, соёлынхон ээлж, дарааллаараа гарсаар. Уянгат, басхүү бардам, сүр жавхлант хөгжмийн аянд Сүхбаатарын талбай хөглөгдсөөр л…

Ардын эрх сонин 230 /508/
Л.Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button