МУ-ын ерөнхийлөгч Төрийн тамга бэлгэдлийн хөшөөний нээлт дээр хэлсэн үг

Хөрст дэлхийд тэнгэрийн тамгатай төрдөг монгол түмэн төр улсынхаа эрхэм чухал шийдвэр бичиг баримтыг нотлон баталгаажуулж шунхан улаан тамга дардаг ёсыг нэн эртнээс тогтоон мөрдөж ирсэн түүхтэй.
Төрийн тамгыг үйлдэх, залах, нээх хэрэглэх, эрхэмжлэн шилжүүлэх, амрааж битүүмжлэх, хамгаалж хадгалах талаар эртнээс тогтсон нарийн ёс, заншил, дэг журам нь эдүгээ ч уламжлагдан шинэчлэгдсээр байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Улс үндэстнээ сэргээж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 82 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төр, Засгийн газар, Их ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний Хорооноос Монгол төрийн тамганы бэлэгдлийн хөшөө босгох шийдвэр гаргаж монголын урлаг соёлын шилдэг мастеруудын цэцэн ухаан, уран гараар бүгээн, нээлтийн ёслолыг нь өнөөдөр хийж байна.
Манай монголын төрт ёс, түүхэн уламжлал, гүн ухаан, бичиг соёлын гайхамшгийг илтгэн харуулж буй энэ сүрлэг сайхан хөшөө бол улсынхаа тусгаар тоггнол, бүрэн эрхт байдалд өнөөгийн иргэд нь ямар их ач холбогдол өгч, хүвдэтгэлтэй хандаж байгаагийн тод илэрхийлэл, түүнд зориулж бидний үед бүтээсэн улс төр, урлаг соёлын баялаг агуулгатай гэрэлт цамхаг, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт дурсгал, үе үеийн төрийн тамгаан дарж анхааруулсан гүн санамж, захиас мөн.
Эдүгээгээс 760 жилийн тэртээ Эзэн Чингис хааны хайртай ач хүү Гүег хаанаас Ромын Пап IҮ Иннокентэд илгээсэн захидалд дарагдсанаараа алдаршсан Их Монгол Улсын Далай хааны тамганы дардас, 1911 онд байгууДагдсан Богд хаант Монгол Улсын төрийн тамганы дардас, 1924 онд Улсын анхдугаар их хурлаас баталсан БНМАУ-ын Их Хурлын тамганы дардас, Ардчилал шинэчлэлийн өнөө үеийн буюу 1992 оны Үндсэн хуульд заасны дагуу үйлдэж хийсэн Монгол төрийн тамганы дардсыг дөрвөн талд байршуулан зохиомжилж босгосон энэ хөшөөний суурийн хэсэгг уугуул эх орон нутаг хошуундаа нүүдлийн мал аж ахуй эрхлэн тархан суурыисан ч төрөө дээдлэх сэтгэлээрээ нэгдэж, эвсэж нягтарч явсан олон овог омгийн тамгуудыг эрэмблэн дүрсэлсэн нь олон талын гүн утгыг илтгэж байна.
Албан шийдвэр, бичиг баримтандаа төрийн тамгаа, амин хувийн өмч, адуу маландаа отог овгийн тамгаа дардаг уламжлал нь албаны хийгээд амины, нийгмийн хийгээд хувийн зүйлийг хутгаж хольдоггүй холч монгол ухааны бас нэг илэрхийлэл мөн бөгөөд эдүгээ цагт ч сургамжтай зүйл юм. Энэ хөшөөний агуулга, хэлбэрийг нарийвчлан боловсруулж уран сайхан, урлаг соёлын бүтээл болгон босгоход оюун ухаан, авъяас билэг, хүч нөөцөө дайчлан оролцсон нийт хүмүүст, ялангуяа уран бүтээл гүйцэтгэгч, түүхч, архитектор нарт чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье.
Их Монгол Улсын далай хааны үе улируулан өвлүүлсэн Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай хэмээсэн тамганы үг тэргүүтэй монгол төрийн үе үеийн тамганы дардсыг өөртөө цогцлоон агуулсан энэ хөшөө-дурсгал бол баран бариултай тамгаа атгаж, барсын арьсан хивнэгээ хөдөрч дэлхийн дайд дэг тоггоож найман зууны тэртээд даяаршлын үйлийг эхлүүлж явсан эзэн дээдсийн минь сүр хүч, суу алдрыг илтгэх төдийгүй өнөөгийн хийгээд ирээдүй хойч үеийнхний маань зүрх сэтгэлийг эх оронч үзлээр хөглөж, эв нэгдэл, элгэмсэг нягтралыг нь гүнзгийрүүлж, эрч хүчтэй, бүтээлч үйлст нь байнгын шамдуулга болон сүндэрлэж байг ээ.
Төрийн нуруу төвшин, түмэн олон амгалан энх байх болтугай.

2006 оны 11 дүгээр сарын 26

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button